Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Банк, санхүү, боловсрол, соёл, харилцаа холбоо, эдийн засгийн салбарын зөвшөөрөл олгох харилцааны талаар хэлэлцлээ

Огноо:

,

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс зохион байгуулж буй “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжиллээ.


Өнөөдрийн хэлэлцүүлгийг (2026.02.24) банк, санхүү, боловсрол, соёл, харилцаа холбоо, эдийн засгийн салбарын хүрээнд зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин ажлын хэсгийн зорилго, бүтэц, үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл хүргэв.
Тэрбээр, Улсын Их Хурал иргэн, аж ахуйн нэгжид учирдаг хүндрэл дарамтыг багасгаж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэх, төрөөс олгодог зөвшөөрлийн тоог багасгаж, зөвшөөрөл олгох үе шатыг илүү хялбар, хүртээмжтэй болгох замаар бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдээ дэмжих, зөвшөөрөл олгохтой холбогдуулан үүсдэг авлига, хээл хахууль, төрийн албаны хүнд суртлыг багасгах, арилгах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлын 2024 оны хаврын чуулганаар хэлэлцэн баталсан.


Тус хууль хэрэгжиж эхэлснээр хуулиар хориглоогүй буюу хуульд зааснаас бусад үйл ажиллагааг иргэн, аж ахуйн нэгж чөлөөтэй эрхлэх боломж бүрдсэн бөгөөд хуулиас гадуур журам гарган зөвшөөрлийн тоог нэмдэг байдлыг халж, зөвшөөрлийг цахимаар, олон нийтэд нээлттэй, ил тод олгох, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахдаа шударга өрсөлдөөний зарчмын дагуу явуулах зэрэг томоохон өөрчлөлтийг хуульчилсан хэдий ч хэрэгжилтийн явцад төр өөрт байгаа мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс хуулиар, захиргааны хэм хэмжээний акт, журмаар дахин дахин шаарддаг байдал арилаагүй байна гэв.
Түүнчлэн салбарын хуулийн зарим зохицуулалт нь цахимжилтыг хязгаарладаг, мөн зөвшөөрлийг хэрхэн, яаж олгох, ямар баримт бичиг бүрдүүлэх нь тодорхойгүй байгаагаас зөвшөөрөл олгох явцад эрх бүхий этгээд үндэслэлгүй баримт бичиг шаардах, өөрийн үзэмжээр асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудал үүсэж байгаа талаар дурдлаа.


Үүний дараа банк, банкнаас бусад санхүүгийн зөвшөөрлийн талаар Монгол банкны Зөвшөөрлийн албаны даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Намуун танилцуулав. Зөвшөөрлийн тухай хуулиар Монгол банкнаас 5 тусгай зөвшөөрөл, 25 төрлийн энгийн зөвшөөрөл олгодог. Зөвшөөрөл олгохтой холбоотой нөхцөл шаардлагуудыг Банкны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хуулиар зохицуулдаг. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Монголбанкнаас зөвшөөрөл олгох харилцаанд хэд хэдэн хүндрэл бий. Тухайлбал, Банкны тухай хуулийн 3.1.13-т "банкны нэгж" гэж банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хэлнэ" гэж заасан, гэвч Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2.2-т "банк, түүний салбар байгуулах, гадаад улсад банк, банкны салбар байгуулах"-д энгийн зөвшөөрөл олгоно гэж заасан байгаа нь Банкны тухай хуульд заасан банкны нэгжийн зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөлийг үүсгэж байна. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд тусгай болон энгийн зөвшөөрлийг олгоход ирүүлсэн баримт, бичгийг судалж шийдвэр гаргах хугацаа хангалттай биш бөгөөд магадлан шалгах, газар дээр нь очиж баталгаажуулах, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг тус хугацаанд амжуулахад хүндрэл тулгардаг. Зээлийн мэдээллийн тухай хуульд тусгай болон энгийн зөвшөөрлийг сунгахтай холбоотой зохицуулалтгүй тул Зөвшөөрлийн тухай хуулийг баримталдаг. Ийнхүү богино хугацаанд сунгах ажиллагааг гүйцэтгэх нь газар дээр очиж баталгаажуулах, магадлан шалгах ажиллагаанд хүндрэл учруулж, үр дүнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэлээ.


Санхүүгийн зохицуулах хороо санүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой 29 хуулийн хэрэгжилтийг хангуулан ажилладаг. Нийт 33 тусгай зөвшөөрөл, 26 энгийн зөвшөөрөл олгодгоос үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын тусгай зөвшөөрөл зонхилдог байна. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Мөнх-Оргил танилцуулав. Тэрбээр, Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулж байсан 30 хэм хэмжээний актыг хүчингүй болгож, энгийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар шийдвэрлэдэг болсон гэв. Мөн түүнчлэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар үйл ажиллагааны шинжтэй хуульд заасан бүртгэлийг зөвшөөрөлд хамааруулах, энгийн зөвшөөрлийн хүрээнд эрхэлдэг байсан зарим зөвшөөрлийг мэдэгдлээр эрхлэх боломжтой болно гэсэн.


Боловсролын яамнаас Бодлого төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бадамжав хуулийн хэрэгжилттэй холбогдуулан мэдээлэл хүргэв. Тус яамнаас 10 тусгай зөвшөөрөл, 5 энгийн зөвшөөрөл олгодог байна. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах, их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх, олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах зэрэг тусгай зөвшөөрлүүд багтана. Харин хуулийн төсөлтэй холбогдуулан боловсролын салбарт олгох 10 тусгай зөвшөөрлийг 6 тусгай зөвшөөрөл, 5 энгийн зөвшөөрлийг 4 энгийн зөвшөөрөл болгож нэгтгэн Боловсролын ерөнхий хуульд заасан нэршилтэй нийцүүлэх, боловсролын сургалтын байгууллага  байгуулахад зөвшөөрөл олгох бус сургалтын үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл олгох агуулгаар өөрчлөх зэрэг зохицуулалт тусгах саналтай байна гэв. Мөн боловсролын ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд зааснаар зөвшөөрөл хүссэн иргэн, хуулийн этгээдээс нийт 26 баримт бичиг шаарддагыг цөөрүүлж 8 болгох боломжтой гэлээ.


Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрлийн харилцаатай холбоотой захиргааны хэм хэмжээний актуудад иж бүрэн үнэлгээ хийсэн талаар танилцуулав. Тус хорооны ажлын албаны дарга А.Лувсан-Очир энэ хүрээнд 6 актыг бүхэлд нь, 8 актын зөвшөөрөлтэй холбоотой зохицуулалтыг хүчингүй болгосон гэв. Ингэснээр зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг журмын түвшнээс хуулийн түвшинд шилжүүлэх бодлогын шийдвэртэй уялдуулсан гэдгийг тодотголоо. Тэрбээр, хуулийн төсөл батлагдсанаар зөвшөөрлийн хүсэлт шийдвэрлэх ажиллагаа хуульд төвлөрч эрх зүйн тодорхойгүй байдал арилах бөгөөд шүүхийн маргааны эрсдэл буурч, зохицуулалтын ил тод, тогтвортой орчин бүрдэнэ гэдгийг онцлов.


Дээрх танилцуулгын дараа Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын даргын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис танилцуулав. Тэрбээр, хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагын талаар дурдаж, Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталснаар тодорхой хэмжээний ахиц дэвшил гарсан болохыг тодотгов. Мөн зөвшөөрлийн тухай хуулиар зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой захиргааны хэм хэмжээний акт гаргахыг хориглосон байхад Зөвшөөрлийн зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар хууль болон журамд давхардсан байдлаар 33 зөвшөөрөл, эрх бүхий байгууллагаас 89 журмаар зөвшөөрлийг нь шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан. Энэ бүхнийг цэгцэлж, хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тухай бүрд зохих арга хэмжээг авч хэрэгжүүлснээр зохих үр дүн гарч, хүнд суртал бууран, зарим зөвшөөрөл байхгүй болсон талаар танилцуулсан.


Түүнчлэн одоо байгаа 250 байсан тусгай зөвшөөрлийг 205 болгож бууруулах, заримыг нь энгийн зөвшөөрөл болгож байгаа учраас 121 энгийн зөвшөөрөл 134 болж байгаа юм байна. Хуулийн төслийг d.parliament.mn сайтад нийтлээд даруй хоёр сар гаруй болж байгаа учраас сонирхогч талууд бүрэн танилцаж, санал хүсэлтээ илэрхийлсэн хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.
Танилцуулгынхаа төгсгөлд тэрбээр, “мэдэгдэл” хэмээх шинэ хэлбэрийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Одоогийн хүчин төгөлдөр байгаа хуулиар 370 зөвшөөрөл байгааг төслийн хүрээнд “мэдэгдэл” хэмээх шинэ хэлбэрээ оруулаад 360 болгон бууруулахаар тооцсон байна.


Хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжилж салбарт тулгамдаж буй асуудал шийдлийн талаар ярилцлаа. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин ажлын хэсгээс хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхтэй холбогдуулан хууль хоорондын давхардал, хийдэл,  зөрчлийг арилгах, хуулиас гадуур бий болж байгаа зөвшөөрлийн шинжтэй үйл ажиллагааг тодорхойлж, түүнийг хуулиар оновчтой зохицуулах, төрөөс олгож байгаа зөвшөөрлийн ангилал, төрлийг дахин нягтлах, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх зэрэг харилцааг салбар хуулиар нарийвчилан тусгах зэрэг асуудалд анхааран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаагаа дурдаад, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, хуулийн хэрэгжилтэд гарч буй алдаа, зөрчил, сайжруулах асуудалд үнэтэй санал, асуудал дэвшүүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа

Огноо:

,

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.

Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.

Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.

Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.

Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.

Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.

У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.

ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.

Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.

ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв

Огноо:

,

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.

Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.

Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.

С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох