Шударга мэдээ
Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зарцуулах талаар иргэдтэй зөвлөлдөнө
Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулна.
Төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах, мэдлэг, мэдээлэл олгох, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу зөвлөлдөх зөвлөгөөнийг энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор Улаанбаатар хотод Төрийн ордны “Их Монгол” танхимд явуулахаар тогтов.
2024 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд зааснаар Үндэсний баялгийн сан байгуулах бөгөөд "Үндэсний баялгийн сан" нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хуваарилах, хуримтлуулах төрөлжсөн сангаас бүрдэх тогтолцоо юм. Энэ хүрээнд 2025 оны эцсийн байдлаар Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудад 6.7 их наяд төгрөг, 2026 оны эцэст 9.6 их наяд төгрөг хүрэх төсөөлөлтэй байна. Энэ бол хууль батлагдан хэрэгжүүлж байгаагийн үр дүнд гарч буй бодит ахиц, дэвшил боловч хуримтлалын үр өгөөж нь иргэн бүрд хэзээ, яаж хүрч мэдрэгдэх нь тодорхойгүй байна. Засгийн газрын гол зорилт бол байгалийн нөөц, баялгаа улс орон, иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэн тэгш, шударгаар хүртээж, бодит үр дүнг харуулах явдал. 2030 он хүртэл сангуудын зарцуулалт хийхээргүй байгаа нь эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ипотекийн санхүүжилтийн өнөөгийн бодит хэрэгцээтэй нийцэж байна уу гэдгийг бодлогын түвшинд дахин нягтлах шаардлага байна.
Иймээс газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, зүй зохистой зарцуулах, үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд ногдуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, иргэд, олон нийтэд энэ талаар мэдлэг, мэдээлэл өгөх, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах зорилгоор Засгийн газраас зөвлөлдөх санал асуулгыг санаачлан явуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шударга мэдээ
Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав
Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт 23, төлөвлөгөөт бус 48 удаагийн хяналт шалгалт зохион байгууллаа.
Зөрчилд холбогдсон 8627 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, 27 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчил арилгах талаар албан шаардлага хүргүүлэв.
Зөрчил гаргасан гадаадын иргэдийн 91.1 хувь нь уригч байгууллагаар, 8.6 хувь нь уригч иргэнээр, 0.2 хувь нь хувь хүнээр зөрчилд холбогдсон байна. Зөрчлийг төрлөөр нь авч үзвэл, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх зөрчил 46.1 хувь, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.3 хувийг тус тус эзэлж байна.
Мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэлээр 33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.
2026 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчилд холбогдсон гадаадын иргэдийн тоо 25.1 хувиар, зөрчил гаргасан уригч хуулийн этгээдийн тоо 16.5 хувиар тус тус өссөн байна. Харин зөрчил гаргасан уригч иргэний тоо 10 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Шударга мэдээ
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

Шударга мэдээ
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
-
Цаг үе2020/04/02
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
-
Цаг үе2021/03/17
Ухаалаг гар утсаа Скайтелаас аваад 90GB хүртэлх дататай болоорой
-
Цаг үе2023/09/19
Жирэмсний хяналтад эрт орох нь эх, нярайн эндэгдлийг бууруулдаг
-
Улстөр нийгэм2022/04/21
Төрийн банк малчдад зориулан “Таван Эрдэнэ” хадгаламжийг гаргалаа
