Улстөр нийгэм
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой
2026 оны "Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчийн бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагийн хооронд үргэлжилнэ. Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын I, II, III дамжааны оюутан төрийн мэдээллийн нэгдсэн систем /E-Mongolia/-ээр цахимаар бүртгүүлнэ. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч нь хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл, сургалтын байгууллагын тодорхойлолт, сургалтад хамруулах тухай зөвшөөрөл, дүнгийн хүснэгтийг бүрдүүлэн харьяа аймаг, дүүргийнхээ Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт очиж бүртгүүлэх юм.
Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын сургалтын байгууллагын I, II, III дамжаанд эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх;
- Тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
- Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх;
- Тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байна.
Энэ жил “Оюутан цэрэг”-т цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой. Онолын бэлтгэл сургалт дөрвөн төрлийн хичээлээр явагдах бол мэргэжлийн бэлтгэлд ерөнхий шалгалт өгч 60 онооноос дээш оноо авсан оюутнууд хамрагдана. Ингэснээр оюутнууд сурч байгаа мэргэжилдээ тулгуурлан цэргийн бага мэргэжил эзэмших юм. Энэ жилийн хувьд эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалтууд түлхүү орно. "Оюутан цэрэг" хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ жилийг хүртэл 10 мянга гаруй оюутан, суралцагч уг хөтөлбөрт хамрагдсан бол 2026 онд жилийн квотыг нэмэгдүүлж 2000 оюутан, суралцагчийг “Оюутан цэрэг”-т хамруулна гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улстөр нийгэм
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад 2 улсын 4 компани шалгарч үлдээд байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 25-нд боллоо. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, хураангуй жагсаалтад багтсан оролцогчдод хүргүүлэх сонгон шалгаруулалтын баримт бичгийг батлах, тэдгээрээс ирүүлсэн материалыг үнэлэх эрхийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэгт олгож, үр дүнг энэ оны тавдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 60 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж, ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулж буй.
Зэс, металлургийн чиглэлээр дэлхийн тэргүүлэгч 20 гаруй улсын нийт 55 компанид хүргүүлж 7 улсын 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналаа ирүүлснээс ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү, эдийн засгийн чадавх болон бусад холбогдох шалгуур үзүүлэлтийг харгалзан үнэлж, хоёр улсын хуулийн дөрвөн этгээдэд мэдэгдэл хүргүүлж, сонгон шалгаруулалтад оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
- БНХАУ-ын Эн Эф Си (NFC) компани;
- БНХАУ-ын Жянши Коппер (Jiangxi Copper) компани;
- БНХАУ-ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology), Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation), Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) гэсэн 3 компанийн түншлэл;
- Швейцарь Улсын Гленкор Интернэшнл ЭйЖи (Glencore International AG) компани.
Улстөр нийгэм
“Цагаан алт” хөдөлгөөн, “Атар-4” аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо

Улстөр нийгэм
Ажлын хэсгийн гишүүд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Улсын Их Хурлын гишүүн С.Замира нар 2026 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн Налайх дүүрэгт ажиллав.
Ажлын хэсгийн гишүүд эхлээд нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт очиж, Хог хаягдлын тухай хууль болон холбогдох журам, шийдвэрийн хэрэгжилтийн явц байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, таван намын төлөөллийг оролцуулан хоёр удаагийн хэлэлцүүлэг хийснийг дурдаад 2017 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль хэдий сайн ч, хэрэгжилт нь тааруу байгааг онцлон тэмдэглэв.
Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар товч танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, тус дүүрэгт буй нийт 10991 өрх, (үүнээс гэр хороолол 7960, байшин хороолол 3031), 588 аж ахуйн нэгж байгууллагын хогийг тогтмол тээвэрлэдгийг дурдахын зэрэгцээ дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хог хаягдлын хэмжээг бууруулах төслүүдийг хэрэгжүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилт тавин ажиллаж байна гэв.
Тус дүүргийн хог хаягдлын төлбөр хураамжийн орлого төвлөрүүлэлтийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Мөн Налайх дүүрэгт хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 12 үйлдвэр байдгаас 27606 тонн хогийг дахин боловсруулалтад оруулсныг онцлоод цаашид Хог хаягдлын тухай хуульд далд хогийн савны стандартыг батлах, хогийг ангилан ялгаж байгаа үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжиж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах асуудлыг тодорхой тусгах саналтай байгаагаа илэрхийлсэн.
Улсын Их Хурлын гишүүн С.Замира хог хаягдлын асуудлыг цэгцлэх хүрээнд шаардлагатай эрх зүйн орчныг сайжруулахад анхаарал тавьж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарал тавьж, бүх шатандаа хог хаягдлын менежментийг сайжруулах, нийллэг уутаас татгалзсан дүүрэг болох зэргээр нөлөөллийн ажлыг хийж, хөрөнгө мөнгө шаардахгүйгээр хийж болох шинэлэг санал, санаачилга гарган идэвхтэй ажиллах нь зүйтэй гэж байлаа.
Дараа нь Ажлын хэсгийн гишүүд “Налайхын үйлдвэрлэл технологийн парк” ХК-д ажиллав. Тус парк нь өнөөдрийн байдлаар 4.64 км урт хүнд даацын авто зам, 1.4км үерийн хамгаалалтын байгууламж, 660м2 оффисын барилга, гүний худгууд, 110/10квт-ын цахилгааны дэд станц зэрэг дэд бүтцийн ажлуудыг ашиглалтад оруулсан байна. Ерөнхий төлөвлөлтийн дагуу хоногт 1000 м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, 26 гКал/цагийн хүчин чадалтай дулааны станц, 11.7км төмөр зам, судалгаа хөгжлийн төв, тээвэр ложистикийн терминал зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
“Налайхын үйлдвэрлэл технологийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар, өнөөдөр хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар нийт 15 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлээд байгааг дурдаад үйл ажиллагаа нь жигдэрсэн хог хаягдлыг дахин боловсруулж буй дөрвөн үйлдвэрүүдийн талаар товч танилцуулав. Мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Мөн тэрбээр, Үйлдвэрлэл технологийн паркт байрлаж буй эдгээр дөрвөн ахуйн нэгжүүд хаягдалгүй, эко үйлдвэрлэлийг явуулж байгааг онцлоод цаашид хог хаягдлаа дахин боловсруулан цахилгаан, дулаан гаргадаг үйлдвэрлэл рүү чиглүүлэх шаардлагатай байна гэж байлаа.
Ажлын хэсгийн гишүүд дараа нь "Электрокем монголиа" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.
Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Ганболд үйлдвэрийнхээ талаар товч мэдээлэл өгөв. Тэрбээр, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэр маань хаягдал хар тугалгын аккумляторыг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэдэг. Үйлдвэр нь жилдээ 12 мянган тонн буюу Монгол Улсын хэмжээнд хаягдал болдог аккумляторуудыг бүрэн хэмжээнд дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд Олон улсын хар тугалгын ассоциациас австрали, английн экспертүүдийг урьж, дэлхий нийтэд хар тугалгын аккумляторыг хамгийн зөв аргаар боловсруулж буй технологийг ашиглаж, үйлдвэрлэл явуулж байна гэж байлаа.
Мөн үйлдвэрлэлийн үндсэн гол бүтээгдэхүүн болох хар тугалгын гулдмай нь 99,97-гоос дээш хувийн цэвэршилттэй, олон улсын стандартын шаардлага хангаж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээ БНХАУ-д экспортолж байна гэв.
Үйлдвэрийн удирдлагууд Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гээд үйлдвэрлэгчийн хариуцлагыг өргөтгөх, импортлогч нь үйлдвэрлэгчтэй адил хариуцлага хүлээнэ гэдгийг тодорхой болгох, аюултай хог хаягдлын мөшгөлтийн системийг хуульчлах, зөвшөөрөл олгох хяналтын босгыг тодорхой тусгах, тусгай хог хаягдлуудыг ялгаж, бүлэг заалттай болгох зэргээр хуулийн төсөлтэй холбоотой тодорхой саналууд гаргаснаа тайлбарлалаа.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ажлын хэсгийн ахлагч Б.Мөнхсоёл, хог хаягдлын менежмент муу байвал эргээд улс орны хөгжил, эдийн засгийн байдал, агаар, хөрс, орчны бохирдол гээд маш олон асуудалд томоохон сөрөг нөлөө үзүүлдэг тул хог хаягдалтай холбоотой бүхий л салбарын төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудал, саналыг сонсож, нэгтгэхээр ажиллаж байна гэв. Мөн ажлын хэсгийн хувьд Монгол Улсын хог хаягдлын асуудлын түвшинг ахиулах зорилготойгоор ажиллаж байгаагаа онцолж байлаа.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, С.Ганбаатар, С.Замира, Ж.Золжаргал, Т.Мөнхсайхан, С.Одонтуяа, А.Ундраа, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
-
Улстөр нийгэм2023/08/24
ЗГ: Боловсролын үндэсний зөвлөл байгууллаа
-
Улстөр нийгэм2021/02/10
Эдийн засагч Л.Наранбаатар 3.3 сая хохирогчтой залилангийн гэх хэргийн талаа...
-
Цаг үе2020/09/24
Азийн бүсийн хурал Улаанбаатар хотноо эхэллээ
-
Цаг үе2023/10/24
Олон улсын төлбөр хүлээн авах Wechat pay системийг үйлчилгээндээ нэвтрүүллээ
