Цаг үе
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо
Нийслэлээс хэрэгжүүлж байгаа мега төслүүдийн нэг “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт олголоо.
Нийслэлийн хэмжээнд жилд 1.5 сая тонн хог хаягдал төвлөрсөн цэгүүдэд хүргэгдэж, үүнээс ердөө 25 орчим хувийг нь дахин боловсруулдаг. Тэгвэл Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад анх удаа олон улсын жишигт нийцүүлэн “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Морингийн даваанд 10 га талбайд барих “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” хоногт 1500 тонн, жилд 1.5 сая тонн хог шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ. Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК шалгараад байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд сүүлийн таван жилд булсан хогийг цуглуулан шатааж, байгаль орчныг нөхөн сэргээх онцлогтой. Үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөөд байна.
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн ач холбогдол:
- Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 31.8 хувийг шатааж устгаснаар агаарын бохирдлыг бууруулна
- Гэр хорооллын 2333 өрхийг цахилгаанаар хангаж, агаарт үүссэн 106.1 мянган тонн нүүрс хүчлийн хийг бууруулна.
- Хог булшлах газрыг нөхөн сэргээнэ.
- Шинэ ажлын байр бий болно.
- Хогийг дарж булшилснаар хөрс, усны бохирдлоос үүсэх өвчлөлийн тоо багасна.
- Хог хаягдлын цэгийг цөөлөх замаар хогноос үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.
Цаг үе
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Цаг үе
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд хэрэгжиж байна.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
Харин маргааш буюу 9 дүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
.jpg?w=1000)
-
Улстөр нийгэм2020/09/16
Хүртээмжтэй боловсролыг дэмжих төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг з...
-
Улстөр нийгэм2024/05/02
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг бат...
-
Улстөр нийгэм2021/03/25
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
-
Цаг үе2021/07/20
Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын 19 цэг ажиллана
