Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо

Огноо:

,

Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталж, тогтоол гаргалаа.
Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэлийн тогтоож, үр дүн, түүнд хүрэх арга замуудыг үндэсний болон салбарын хэмжээнд, мөн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийн хүрээнд, төсөл хөтөлбөр тус бүрийн тухайд нэг бүрчлэн тодорхойлсон байна.
Таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх, ахиц дэвшлийг хянах, үр дүнг үнэлэх, түүнд чиглүүлэх зорилгоор шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшнийг тогтоож өгчээ.
Түүнчлэн Үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын хавсралтаар “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг баталлаа. Тус хөтөлбөрт 30.0 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийгдсэн, хөгжлийн урт болон дунд хугацааны бодлоготой нийцсэн төслүүдийг эрэмбэлж 70.1 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 88 төслийг тусгасан.
Үндсэн чиглэл нь Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, улс, аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улс, орон нутгийн төсөв, цаашлаад байгууллагын стратеги болон жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, төрийн албан хаагчийн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө зэрэг баримт бичгийн суурь юм.
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан юм. Тус тогтоолоор үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгаж, үүний хүрээнд хууль хоорондын зөрчлийг арилгах, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах зарчим, шалгуур, аргачлал тогтоосон хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг чиглэл болгов.
Мөн төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний бодлого, тогтолцоонд дүн шинжилгээ хийж, боловсронгуй болгох талаар санал боловсруулж, танилцуулахыг даалгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад 2 улсын 4 компани шалгарч үлдээд байна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 25-нд боллоо. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, хураангуй жагсаалтад багтсан оролцогчдод хүргүүлэх сонгон шалгаруулалтын баримт бичгийг батлах, тэдгээрээс ирүүлсэн материалыг үнэлэх эрхийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэгт олгож, үр дүнг энэ оны тавдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 60 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж, ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулж буй.

Зэс, металлургийн чиглэлээр дэлхийн тэргүүлэгч 20 гаруй улсын нийт 55 компанид хүргүүлж 7 улсын 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналаа ирүүлснээс ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү, эдийн засгийн чадавх болон бусад холбогдох шалгуур үзүүлэлтийг харгалзан үнэлж, хоёр улсын хуулийн дөрвөн этгээдэд мэдэгдэл хүргүүлж, сонгон шалгаруулалтад оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

  1. БНХАУ-ын Эн Эф Си (NFC) компани;
  2. БНХАУ-ын Жянши Коппер (Jiangxi Copper) компани;
  3. БНХАУ-ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology), Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation), Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) гэсэн 3 компанийн түншлэл;
  4. Швейцарь Улсын Гленкор Интернэшнл ЭйЖи (Glencore International AG) компани.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Цагаан алт” хөдөлгөөн, “Атар-4” аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөн, Засгийн газрын “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
 
Тус арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн болон Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк, М банк зэрэг ажилжааны 9 банкны удирдлага оролцож, гэрээг үзэглэв.
 
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж буй банкны удирдлага, хамт олонд талархал илэрхийлээд “Төрөөс хувийн хэвшлийг оновчтой бодлого, хөнгөлөлттэй зээлээр дэмжих нь чухал гэдгийг үндэсний хөдөлгөөн, төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгүүд харуулж байна. Салбарын яамнаас аж ахуй нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч, хөнгөлөлттэй зээл, газар олголт, татварын хөнгөлөлт зэргээр дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна” гэв.
 
Мөн тэрбээр 2026 онд батлагдсан төсвийн хүрээнд "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд 350.0 тэрбум, “Атар-4” аяны хүрээнд хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор 130.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгохоор төлөвлөн ажиллаж байгааг тэмдэглэн хэллээ.
 
Өнгөрсөн онд “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжихэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар давхардсан тоогоор 182 үйлдвэр, аж ахуйн нэгжид 509.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Улмаар түүхий ноолуурын 70 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэж, самнасан ноолуурын экспорт 4.0 мянган тонн буюу 330.6 сая ам.долларт болж түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Мөн ээрэх хүчин чадлыг 400.0 тонноор, сүлжих хүчин чадлыг 200.0 мянган ширхэгээр тус тус нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байна.
 
“Атар-4” аяны хүрээнд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт 982 иргэн, аж ахуйн нэгжид 616.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэснээр 2025 онд улсын хэмжээнд 598.8 мянган га талбайд тариалалт хийж, дотоодын үйлдвэрлэлээр улаанбуудайн 78 хувь, төмс, хүнсний ногооны 80 хувийг хангасан. Түүнчлэн тариалангийн талбайн хэмжээг 71.2 мянган га-аар, зоорийн багтаамжийг 50.0 мянган тонноор, үтрэмийн багтаамжийг 67.0 мянган тонноор, хүлэмжийн талбайг 34.5 га-гаар тус тус нэмэгдүүлсэн гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ажлын хэсгийн гишүүд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Огноо:

,

Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Улсын Их Хурлын гишүүн С.Замира нар 2026 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн Налайх дүүрэгт ажиллав.

Ажлын хэсгийн гишүүд эхлээд нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт очиж, Хог хаягдлын тухай хууль болон холбогдох журам, шийдвэрийн хэрэгжилтийн явц байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, таван намын төлөөллийг оролцуулан хоёр удаагийн хэлэлцүүлэг хийснийг дурдаад 2017 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль хэдий сайн ч, хэрэгжилт нь тааруу байгааг онцлон тэмдэглэв.

Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар товч танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, тус дүүрэгт буй нийт 10991 өрх, (үүнээс гэр хороолол 7960, байшин хороолол 3031), 588 аж ахуйн нэгж байгууллагын хогийг тогтмол тээвэрлэдгийг дурдахын зэрэгцээ дүүргийн Засаг даргын  2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хог хаягдлын хэмжээг бууруулах төслүүдийг хэрэгжүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилт тавин ажиллаж байна гэв.

Тус дүүргийн хог хаягдлын төлбөр хураамжийн орлого төвлөрүүлэлтийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Мөн Налайх дүүрэгт хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 12 үйлдвэр байдгаас 27606 тонн хогийг дахин боловсруулалтад оруулсныг онцлоод цаашид Хог хаягдлын тухай хуульд далд хогийн савны стандартыг батлах, хогийг ангилан ялгаж байгаа үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжиж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах асуудлыг тодорхой тусгах саналтай байгаагаа илэрхийлсэн. 

Улсын Их Хурлын гишүүн С.Замира хог хаягдлын асуудлыг цэгцлэх хүрээнд шаардлагатай эрх зүйн орчныг сайжруулахад анхаарал тавьж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарал тавьж, бүх шатандаа хог хаягдлын менежментийг сайжруулах, нийллэг уутаас татгалзсан дүүрэг болох зэргээр нөлөөллийн ажлыг хийж, хөрөнгө мөнгө шаардахгүйгээр хийж болох шинэлэг санал, санаачилга гарган идэвхтэй ажиллах нь зүйтэй гэж байлаа.

Дараа нь Ажлын хэсгийн гишүүд “Налайхын үйлдвэрлэл технологийн парк” ХК-д ажиллав. Тус парк нь өнөөдрийн байдлаар 4.64 км урт хүнд даацын авто зам, 1.4км үерийн хамгаалалтын байгууламж, 660м2 оффисын барилга, гүний худгууд, 110/10квт-ын цахилгааны дэд станц зэрэг дэд бүтцийн ажлуудыг ашиглалтад оруулсан байна. Ерөнхий төлөвлөлтийн дагуу  хоногт 1000 м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, 26 гКал/цагийн хүчин чадалтай дулааны станц, 11.7км төмөр зам, судалгаа хөгжлийн төв, тээвэр ложистикийн терминал зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.  

“Налайхын үйлдвэрлэл технологийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар, өнөөдөр хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар нийт 15 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлээд байгааг дурдаад үйл ажиллагаа нь жигдэрсэн хог хаягдлыг дахин боловсруулж буй дөрвөн үйлдвэрүүдийн талаар товч танилцуулав. Мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Мөн тэрбээр, Үйлдвэрлэл технологийн паркт байрлаж буй эдгээр дөрвөн ахуйн нэгжүүд хаягдалгүй, эко үйлдвэрлэлийг явуулж байгааг онцлоод цаашид хог хаягдлаа дахин боловсруулан цахилгаан, дулаан гаргадаг үйлдвэрлэл рүү чиглүүлэх шаардлагатай байна гэж байлаа. 

Ажлын хэсгийн гишүүд дараа нь "Электрокем монголиа" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.

Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Ганболд үйлдвэрийнхээ талаар товч мэдээлэл өгөв. Тэрбээр, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэр маань хаягдал хар тугалгын аккумляторыг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэдэг. Үйлдвэр нь жилдээ 12 мянган тонн буюу Монгол Улсын хэмжээнд хаягдал болдог аккумляторуудыг бүрэн хэмжээнд дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд Олон улсын хар тугалгын ассоциациас австрали, английн экспертүүдийг урьж, дэлхий нийтэд хар тугалгын аккумляторыг хамгийн зөв аргаар боловсруулж буй технологийг ашиглаж, үйлдвэрлэл явуулж байна гэж байлаа.

Мөн үйлдвэрлэлийн үндсэн гол бүтээгдэхүүн болох хар тугалгын гулдмай нь 99,97-гоос дээш хувийн цэвэршилттэй, олон улсын стандартын шаардлага хангаж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээ БНХАУ-д экспортолж байна гэв.  

Үйлдвэрийн удирдлагууд Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гээд үйлдвэрлэгчийн хариуцлагыг өргөтгөх, импортлогч нь үйлдвэрлэгчтэй адил хариуцлага хүлээнэ гэдгийг тодорхой болгох, аюултай хог хаягдлын мөшгөлтийн системийг хуульчлах, зөвшөөрөл олгох хяналтын босгыг тодорхой тусгах, тусгай хог хаягдлуудыг ялгаж, бүлэг заалттай болгох зэргээр хуулийн төсөлтэй холбоотой тодорхой саналууд гаргаснаа тайлбарлалаа.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ажлын хэсгийн ахлагч Б.Мөнхсоёл, хог хаягдлын менежмент муу байвал эргээд улс орны хөгжил, эдийн засгийн байдал, агаар, хөрс, орчны бохирдол гээд маш олон асуудалд томоохон сөрөг нөлөө үзүүлдэг тул хог хаягдалтай холбоотой бүхий л салбарын төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудал, саналыг сонсож, нэгтгэхээр ажиллаж байна гэв. Мөн ажлын хэсгийн хувьд Монгол Улсын хог хаягдлын асуудлын түвшинг ахиулах зорилготойгоор ажиллаж байгаагаа онцолж байлаа.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, С.Ганбаатар, С.Замира, Ж.Золжаргал, Т.Мөнхсайхан, С.Одонтуяа, А.Ундраа, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2026/02/26

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сон...

Шударга мэдээ2026/02/26

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд...

Цаг үе2026/02/26

Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажи...

Цаг үе2026/02/26

Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаа...

Улстөр нийгэм2026/02/26

“Цагаан алт” хөдөлгөөн, “Атар-4” аяны хүрээнд 2026 онд олгох...

Улстөр нийгэм2026/02/26

Ажлын хэсгийн гишүүд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, дахин бол...

Улстөр нийгэм15 цаг 23 минут

Бизнесийн таатай орчин, иргэний эрхийг хангахыг Засгийн газарт чиглэ...

Улстөр нийгэм15 цаг 27 минут

Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүү...

Улстөр нийгэм15 цаг 30 минут

Банк, санхүү, боловсрол, соёл, харилцаа холбоо, эдийн засгийн салбар...

Улстөр нийгэм15 цаг 34 минут

Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эз...

Санал болгох