Улстөр нийгэм
Зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүйгээр чөлөөтэй ажиллах боломж олгоно гэдэг бодит дэмжлэг гэв
Энэ жилээс эхлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хууль, тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдсэн. Тодруулбал, 74 төрлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломжийг бүрдүүлж өглөө. Чухам яагаад 74 төрлийн ажил үйлчилгээг онцолсон талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тайлбарлахдаа:
-Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллагуудын зүгээс хэм хэмжээндээ тохируулан зөвшөөрөл олгодог нийтдээ 82 төрлийн үйлчилгээ байдаг. Эдгээрээс зайлшгүй авч үлдэх найман төрлийн үйлчилгээнээс бусдыг зөвшөөрөл, батламжаас чөлөөлсөн. Энэхүү 74 төрлийн ажил үйлчилгээ нь манай Улаанбаатар хотын олонх иргэдийн хувьд өдөр тутмын орлогын эх үүсвэр төдийгүй жижиг, дунд үйлдвэрлэгчдийн эрхэлж буй ажил үйлчилгээ багтаж байгаа. Ингэснээр төрийн хүнд суртал, авлигыг багасгахын сацуу ард иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэж, төр иргэний гүүр болж буй байгууллагуудын тухайд ч итгэлцэл үүсэх эв нэгдлийн эхлэл тавигдаж байгаа.

Энэ бол иргэд, аж ахуйн нэгжээ дэмжсэн шиг дэмжье гэдэг сэтгэлийн үүднээс гаргасан шийдвэр. Монгол Улс жил бүрийн эцэст шалгаруулдаг авлигын индексийг бууруулах марафонд дээгүүр “гүйдэг”, амжилттай байр эзэлдэг байх ёстой. Алийн болгон 100-аас доош байрт жагсаж, адаг сүүл хавьд байх вэ. Бид иргэд, аж ахуйн нэгжүүддээ үйл ажиллагаа эрхлэх боломжит орчин бүрдүүлэхийн зэрэгцээ санхүүгийн хямд эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хангаж, арилжаа санхүүгийн байгууллагатай холбож өгөх гүүр нь нийслэл болъё, старт ап компаниудыг дэмжье, ажлын байрыг бодитойгоор нэмэгдүүлье гэсэн зорилго тавьсан. Товчхондоо бол, Улаанбаатар хот хөдөлмөрийн зах зээл болно, хөдөлмөр хийсэн хүнийг дэмждэг болно хэмээн өгүүллээ.
Энэхүү шийдвэр гарснаар Улаанбаатар хотын 20 мянга шахам аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхийн тулд элдэв зөвшөөрөл авах, цаашид зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй боллоо. Ингэснээр бодит хэмнэлт, үр дүн гарна гэж мэргэжилтнүүд тооцжээ. Хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд төрийн зарим байгууллагын зүгээс дарамт шахалт их байдаг. Тэр дундаа цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтууд төвөг учруулдаг. Эдгээр хяналт, шалгалтыг халж чадсан эсэх талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ дараах хариултыг өгөв.

-Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар нийслэлийн хэмжээнд хавтгайруулсан хяналт шалгалтыг халж, эрсдэлд суурилсан шалгалтыг л явуулж байхаар тусгасан. Хяналт шалгалт гэдэг бол аюул осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. Тиймээс тухайн объектын эрсдэлд суурилж шалгалт явуулахын дээр зөрчил илэрсэн тохиолдолд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх юм. Торгох, үйл ажиллагааг нь зогсоох бус, зөвлөдөг, тусалдаг, дэмждэг байхад ажлаа чиглүүл, хяналт шалгалтын тоог 50 хувиар бууруул гэдэг үүргийг холбогдох албаныханд өгсөн хэмээн тодотголоо.
Иргэн хүнсний худалдааны төв ажиллуулахад есөн төрлийн бичиг баримт бүрдүүлдэг бөгөөд нэг бичиг баримт байгууллагын дотоод журам, шаардлагаас шалтгаалан 4-5 бичиг болж нэмэгддэг. Гарын үсэг болгоны цаана цаг хугацаа, хүнд суртал, шат дамжлагууд байдаг. Энэ бүхэн энэ оноос эхлэн үгүй болж байгаа юм. Үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл шаардлагагүй болсон нь нэг талаараа бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж буй хэлбэр, нөгөө талаараа иргэдийн дунд түгээмэл ойлголт болсон төрийн хүнд суртал, авлигатай тэмцэхэд ахиц гаргах шийдвэр юм. Харин иргэд хууль тогтоомжоо судалж уншиж, стандарт шаардлагаа мөрдөх л шаардлагатай байна. Хотын зүгээс олгож буй боломжийг ашиглан үйл ажиллагаандаа стандартаа мөрдөөд ажиллах л үлдээд байна гэсэн үг.
Монгол Улсын хэмжээнд нийтдээ 6602 стандарт мөрдөгддөг. Тэдгээрээс өөрийн эрхэлж буй үйл ажиллагаандаа тохирсон стандартыг сонгон, ажил үйлчилгээндээ мөрдлөг болгох нь чухал байгаа юм. Estandart.mn болон www.ulaanbaatar.mn цахим сайтуудаас эдгээр стандарттай танилцаж болно. Түүнчлэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны Онлайн бизнес төв цэсэд бизнес эрхлэхтэй холбоотой бүхий л төрлийн мэдээлэл багтсан байгаа. Стандарт шаардлага салбар бүрд ямар ялгаатайг, мөн ямар хуулийн дагуу ажиллах вэ гэх мэт мэдээллүүд цөм багтсан. Нийслэлийн зүгээс цаашид ч шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь тус цахим хуудсаар дамжуулан иргэдэд хүргэнэ. Иймд иргэд хэн нэгэнтэй уулзаж, ямар бичиг баримт бүрдүүлэх тухай асуухын оронд www.ulaanbaatar.mn цахим хуудасны Онлайн бизнес төв цэсэд нэвтрэн бүхий л мэдээллээ авч, мэдээллийн бааз суурийг идэвхтэй ашиглаж заншаарай.
Иргэд ажилтай, орлоготой байх нь улс хөгжих нэг шалтгаан. Ингэхийн тулд төрийн дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ эд материал, эдийн засгаар дэмжих гэхээсээ илүү баталгаатай, орлоготой ажлын байрыг бий болгож, түүнийг нь төр дэмжих нь хамгийн оновчтой “халамж” юм. Энэ бодлогыг Нийслэлийн Засаг дарга эрхэмлэж, бизнес эрхлэх хүсэлтэй хэн болгонд ийм боломж өглөө. Бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүйгээр чөлөөтэй ажиллах боломж олгоно гэдэг бодит дэмжлэг. Нөгөө талдаа худалдаа үйлчилгээ эрхлэгчид хариуцлагатай байхад л чөлөөтэй ажиллах орчин нь бүрдчихлээ. Эрүүл ахуй, орчны аюулгүй байдлыг хангачихсан байхад хэн ч, ямар ч үйл ажиллагаа эрхэлж болох юм. Зөвшөөрлөө үзүүл гэж шаарддаг цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын дарамт үгүй болох нь бизнесийн байгууллагад маш том дэмжлэг юм. Гэхдээ үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа, үйл ажиллагаа эрхэлж байгаа хэн бүхэн хариуцлагаа умартаж болохгүй.
Татварын албанд бүртгүүлж, стандартын шаардлага хангаад, зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагаа явуулж болох 74 худалдаа, үйлчилгээний төрөлтэй танилцана уу.
А. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас үзүүлж буй худалдаа, үйлчилгээний гэрээ байгуулж батламж олгож буй 62 нэр төрлийн үйлчилгээ:
Худалдаа:
- Бөөний худалдааны төв;
- Агуулах дэлгүүр;
- Худалдааны төв;
- Зах /барилгын материал, мод, автотехникийн г.м/;
- Их дэлгүүр;
- Хайпермаркет;
- Супермаркет;
- Үзүүлэнгийн танхим;
- Аутлет;
- Бутик;
- Минимаркет;
- Хүнсний дэлгүүр;
- Ая тухтай сүлжээ дэлгүүр /конвиниенс стоор/;
- Төрөлжсөн барааны дэлгүүр;
- Мухлаг
- Түргэн үйлчилгээний цэг /цаашид “ТҮЦ” гэх/;
- Улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа;
- Дахивар худалдан авах цэг.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ:
- Ресторан;
- Баар /диско, билльярд, караоке, бусад/;
- Кафе;
- Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх/;
- Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар;
- Кофе шоп
- Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг
Ахуйн үйлчилгээ:
- Үсчин;
- Гоо засал;
- Хумс засал;
- Хувцас захиалга, засвар;
- Гутал захиалга, засвар;
- Гэр ахуйн тавилгын захиалга, засвар;
- Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар;
- Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар;
- Цүнх захиалга, засвар;
- Нүдний шил захиалга, засвар;
- Цоож, түлхүүр засвар;
- Цаг засвар;
- Хими цэвэрлэгээ, угаалга;
- Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ;
- Гэр цэвэрлэх үйлчилгээ;
- Айл нүүлгэх үйлчилгээ;
- Эд бараа түрээслэх үйлчилгээ;
Зочлох үйлчилгээ:
- Зочид буудал;
- Дэн буудал;
- Жуулчны бааз;
- Амралтын газар;
- Гэр буудал;
Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ:
- Нийтийн халуун ус;
- Саун;
- Бассейн;
- Чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спиннинг, аэробик, иог, бүжиг гэх мэт/;
- Алжаал тайлах төв /иллэг/;
- Нийтийн бие засах газар.
Авто үйлчилгээ:
- Авто засвар /агрегат, кузов/;
- Дугуй засвар;
- Автомашины угаалга;
- Автомашины доторлогоо;
- Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа;
- Авто зогсоол /битүү, ил/;
Тоглоомын төв:
1.цахим;
2.хүүхдийн,
Нийтийн байрны үйлчилгээ:
Б. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ:
- Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
- Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
- Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
- Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
- Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
- Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
В. Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ:
- Соёл урлагийн /дуу, хөгжим, бүжиг, драм, кино, драм, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт/ сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах
- Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах
- Биллъярд, боулинг, дэлгэцийн гольф, автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
- Диско клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
- Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
- Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
Улстөр нийгэм
Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн байгуулалтын явцтай танилцав
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.
СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал арга хэмжээ юм.

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайдН.Учрал үүрэг болголоо. Мөн бага хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгахыг холбогдох албаныханд даалгав.

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийгнаймдугаар сарын 1-нээс өмнө иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай СОР17 бага хурал нь Монгол Улсын Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтуудыг олон улсын түвшинд уялдуулах чухал алхам болох юм.
Малчдын төлөөллийг тус хуралд оролцуулж, тэдний санал, хүсэлтийг олон улсад хүргэх ёстой гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлж байлаа.










Улстөр нийгэм
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2026 оны 07 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хайрулло Ибодзода нар угтаж авлаа.


Энэ төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Тажикистан Улсын төрийн тэргүүний 2009 онд манай улсад хийсэн төрийн айлчлалаас хойш 17 жилийн дараа болж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, боловсрол, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Төрийн тэргүүн нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Тажикистаны “Үндэсний ногоон хөгжлийн хөтөлбөр-2040” хөтөлбөрийг уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Улстөр нийгэм
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт эхэллээ
Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулга уулзалтад олон улсын болон дипломат байгууллага, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчдын төлөөлөл, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн нийт 600 орчим төлөөлөгч оролцож байна.
Энэхүү чуулга уулзалт нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас 2015 онд баталсан, 2030 он хүртэл хэрэгжүүлэх ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, тэгш байдал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах 17 зорилгыг хэрэгжүүлэх талаар бодлогын түвшинд санал солилцдог хамтын ажиллагааны платформ юм.
Өмнөх хоёр жилд энэхүү яриа хэлэлцээгээр Жендэрийн тэгш байдал ба тогтвортой хөгжил, Энх тайван, шударга ёс, хүчирхэг институци гэсэн тогтвортой хөгжлийн 5, 16 дахь зорилгуудын талаар ярилцсан бол энэ удаа 17 дахь зорилго болох Хөгжлийн төлөөх улс, орнуудын түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Тийм ч учраас Чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Тогтвортой хөгжлийн зорилгуудын 35 хувь нь төлөвлөсөн түвшнээс доогуур хэрэгжилттэй, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан сорилтууд улам бүр нарийн түвэгтэй болж байгааг дурдан, улс орнууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, илүү үр дүнтэй түншлэл бий болгох шаардлагатайг тэмдэглэсэн юм.
Тэрбээр, өнөөгийн нөхцөл байдалд 17 дугаар зорилгын хэрэгжилт чухлаар тавигдаж байгааг онцлоод, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал, өсөн нэмэгдэж буй сөргөлдөөн, үл итгэлцэл, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг харилцан уялдаатай олон сорилтыг нэг улс дангаараа даван туулах боломжгүй гэлээ.
"Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чуулга уулзалт бүс нутгийн улс орнуудын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжлийн нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах үр нөлөөтэй хамтын ажиллагааны чухал индэр болж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд талархан дурдаад, Монгол Улс Риогийн гурван конвенцын нэг болох Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион зохион байгуулахаар эрчимтэй ажиллаж байгааг мэдээлэв.
Тогтвортой байдлын яриа хэлэлцээний энэхүү чухал платформыг Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан Г.Занданшатарын хамтаар санаачилсан НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, "Сайхан ирээдүйн төлөө" сангийн тэргүүн Бан Ги Мүн олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага улам бүр чухлаар тавигдаж байгааг мөнхүү онцоллоо. Дэлхий дахины амар амгалан байдлын тогтолцоог сайжруулж, тулгаран буй хүндрэл, сорилтыг шийдвэрлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг тэрбээр чуулга уулзалтын нээлтийн үеэр уриалсан юм.
Түншлэл, хамтын ажиллагааны шинэ арга хэлбэр, санаачилгыг гаргаж, шинэлэг хандлага, хүчин чармайлтаа эрчимжүүлэхэд "Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чухал үр дүн гаргана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэрбээр илэрхийлэв.
Чуулга уулзалтыг санаачлагч Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар технологи, инновацийн ололт амжилт, тэр дундаа хиймэл оюун ухааныг нийгмийн моралийг сэргээх, засаглалыг эрүүлжүүлэхэд хамгийн хүчтэй зэвсэг болгон ашиглах боломжтойг тэмдэглэж, авлигыг засах, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, геополитикийн сорилтуудыг даван туулж, аюулгүй байдлыг хангах төдийгүй дэлхий дахины ардчиллын ухралтыг эерүүлж, түүнийг сэргээн батжуулах гарц шийдлийг олоход технологийн ололт, хиймэл оюун ухааныг ашиглах тодорхой саналыг дэвшүүлсэн тавив.
Тэрбээр хүн болгон AI-г эзэмшье гэсэн уриалгыг чуулга уулзалтын индрээс дэвшүүлж, гарц шийдэл бидний гарт байна, технологийн хүчээр дэлхийн ардчиллыг сэргээгч бүс нутгийн түүчээ болж, шинжлэх ухааны үндэслэлтэй улс төр, ухаалаг эдийн засаг, эв дүйтэй дипломат ажиллагааг нэгтгэн, хиймэл оюуныг хүний эрх чөлөө, сайн сайхны төлөө хөтөлж, ирээдүйгээ ухаалгаар, аюулгүйгээр, зоригтойгоор хамтдаа бүтээцгээе гэлээ.
Чуулга уулзалтыг хамтран зохион байгуулагчдын нэг нь Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төв (APARC) юм. Тус төвийн захирал, Япон судлал, социологийн профессор, ноён Киёотэрү Цуцуи чуулга уулзалтад оролцогчдод амжилт хүсэж хэлсэн үгэндээ хамтын ажиллагааны чухал механизмыг тогтвортой үргэлжлүүлэх нь бүс нутгийн хөгжлийн үйл явцад ач холбогдолтойг онцлов.
Тэрбээр дэлхийн олон нийт өнөөдөр ихээхэн “өөр” нөхцөл байдалтай тулгарч байгааг хэлээд, тогтвортой хөгжлийн зорилгууд бол бидний хүсэн хүлээж буй ирээдүй учир хэрэгжилтийг эрчимжүүлэх үр дүнтэй арга хэрэгслийг бүрэн дүүрэн ашиглах зүйтэй гэсэн юм.
Чуулга уулзалт хэсгийн хэлэлцүүлгүүдээр үргэлжилж байна
-
Үзэл бодол2020/04/21
БГДЭМТ-ийн салбар хүүхдийн эмнэлгийн дарга Л. Дашиймаагийн мэдэгдэл
-
Цаг үе2021/10/26
Ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллалаа
-
Улстөр нийгэм2021/07/09
Нөөцийн мах бэлтгэх хүсэлтийг авч эхэллээ
-
Улстөр нийгэм2020/12/24
"Дархан арьс ширний цогцолбор"-ын бүтээн байгуулалт 20 гаруй хувьтай б...
