Цаг үе
Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар шахмал түлшний чанарыг сайжруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, түлшний шилжилтийн талаар танилцуулсан юм. Эхний ээлжид гэр хорооллын 198 мянган өрхөөс 50 мянга гаруй өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ. Мөн шахмал түлшний түүхий эдийг Тавантолгойн уурхайн “0” давхаргын стандартын шаардлага хангасан баяжуулсан нүүрсээр солино гэдгийг хэллээ.

Эдгээр ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах бэлтгэл хангаж байна. Уг хуулийн төсөл нь таван үндсэн бүлгээс бүрдсэн. Нэгдүгээрт, агаар, орчны бохирдлыг бууруулах тусгай дэглэм бүхий ногоон бүсийг байгуулна. Тодруулбал, Москва хорооллын арын дэнж, 1 дүгээр хорооллын арын дэнж, 3, 4 дүгээр хорооллын арын дэнж, Эх нялхас, Гандан, 32-ын тойргийн хотын төв дэх бүс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын арын гэр хороолол, Баянзүрх дүүргийн II хороо, “Манба дацан” хийд орчмын гэр хорооллыг уг ногоон бүсэд хамруулж, 50 мянга гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбоно. Хийн түлшний шугам татах зураг төсөл боловсруулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр зохион байгуулж, амины орон сууц болон гэр сууцанд 2 төрлөөр төлөвлөлт хийнэ.

Харин агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулна. Шар бүсэд хамрагдах 147 мянга гаруй айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, эхний ээлжийн 32 мянган зуухны тендерийг энэ нэгдүгээр сард багтаан зарлана. Мөн нийт 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулахаар төлөвлөлөө.

Гэр хорооллын айл өрхийн 198 мянган яндан, өдөр тутамд хөдөлгөөнд оролцож байгаа 500 гаруй мянган мянган тээврийн хэрэгсэл, 2200 гаруй нам даралтын зуух, 174 уурын зуух, дулааны цахилгаан станц зэрэг агаарын бохирдлыг үүсгэж байгаа хүчин зүйлсэд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслөөр зохицуулалт хийгдэх юм. Мөн дараагийн ээлжид үйлчилгээнд явж байгаа автобуснуудыг хийн түлшинд шилжүүлэх зохицуулалт хийгдэнэ.

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр гурван цех, гурван технологийн шугамаар хоногт 1200-1500 тонн түлш үйлдвэрлэж байна. Шахмал түлшний стандарт хангалтгүй байгаа учраас эхний ээлжид сайжруулсан шахмал түлшний технологийг шинэчилнэ. Шахмал түлшний түүхий эдийг Тавантолгойн уурхайн “0” давхаргын стандартын шаардлага хангасан баяжуулсан нүүрсээр солих, шигшин ангилалт болон стандартын шинэчлэлүүдийг хийнэ. Зөвхөн шахмал түлшний стандартыг 2025 онд багтаан шинэчилснээр агаарын бохирдол 25 хувиар буурна гэсэн тооцоолол гаргаад байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 29,444 хэрэгт хяналт тавьжээ
Прокурорын байгууллага 2026 оны долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 29,444 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ.
Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 853 гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 676 хэрэг шинээр нээсэн байна. Мөн 51 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийг төрлөөр нь авч үзвэл хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 32, өмчлөх эрхийн эсрэг 14 хэрэг байна. Мөн авлигын эсрэг, хүний амьд явах эрхийн эсрэг, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, хүүхдийн эсрэг болон эдийн засгийн эсрэг тус бүр нэг хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн авлигын хэргүүдээс дурдвал, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, заал болон зогсоолын төлбөртэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгосон, мөн сургуульд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Түүнчлэн бүртгэлийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгох зорилгоор улсын бүртгэгчид мөнгө шилжүүлсэн гэх хахууль өгөх хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.
Бусад хэргүүдээс дурдвал, Дорноговь аймагт үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний эд зүйл хулгайлсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой, хууль бусаар эм худалдах, хүн худалдаалах болон хүүхдийн эсрэг гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, холбогдох шүүхүүдэд шилжүүлсэн байна.
Цаг үе
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Үүнд:
• Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,
• Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
• Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,
• Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
• Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
• Нийтийн тээврийн
• Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
• Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
• Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй.

Цаг үе
Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

-
Шударга мэдээ2022/05/20
БШУЯ: Төсвөө зарцуулах эрхийг нь цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш нарт олгож...
-
Цаг үе2025/08/05
Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
-
Цаг үе2019/07/05
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2022/11/11
Өнгөрөгч сард зөрчлийн хэргийн гаралт буурчээ
