Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Х.Баттулга оффшор компаниа татан буулгасан ч, Ерөнхийлөгчийн тангарагаасаа няцсан үйлдлээ залруулж чадахгүй

Огноо:

,

Энэхүү бичвэрийг бичиж буй яг энэ үед Монгол Улсын хүн амын тоо  3,296,866 байна. Үүнийг тодотгохын учир нь энэ гурван сая гаруйхан ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх үүргийг  Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан ёсоор хүлээсэн Төрийн тэргүүн Х.Баттулга гэж хүн  ард иргэдээ сошиалаар талцахад хүргэсэн л нэгэн байх юм.

Түүнийг 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үед нь  “Х.Баттулга Монголын баялгийг харийнхантай нийлж оффшорт нуусан”  гэх агуулга бүхий баримт, мэдээллийг нэр бүхий хүмүүс дэлгэн тавьж, хэвлэлүүд ч мэдээлж байлаа.

Тухайн үед Х.Баттулга нэр дэвшигч өөрийн нэр холбогдсон оффшорын асуудлаар ямар ч тайлбар хийж, өөрийгөө өмгөөлөөгүйн учиг нь өнөөдөр албан ёсоор баримтаар, тодорхой болж буйг хэлэх нь зөв байх.

Учир нь Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга Сингапур улсад байгуулсан компаниа  2020 оны сүүлээр буюу шинэ оны өмнөхөн татан буулгасныг баталгаажуулсан баримтыг IKON.MN сайт Сингапурт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн сангаас татан авч, олон нийтэд мэдээлээд байна.

Сингапурт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг www.bizfile.gov.sg сайтаас  5.5 сингапур доллар төлж авах боломжтойг тодотгоё.

Сануулахад, "Зууны мэдээ" сонины  2021 оны нэгдүгээр сарын 4-ний даваа гарагийн № 1 (6478) дугаарт “Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн охиноороо дамжуулан оффшорт бүртгэлтэй “Женко Холдингс Пи-Ти-И” буюу Jenco Holdings PTE компанийг 2020 оны арваннэгдүгээр сар хүртэл эзэмшиж байсан мэдээ саяхан Сингапур улсын албан ёсны бүртгэлийн байгууллагад байгаа нь ил болсон. Мөн Х.Баттулгын ДXXXXXXX дугаартай дипломат  паспорт дээр нь үүнээс гадна хэд хэдэн компани байсан нь ил боллоо. Түүний дипломат паспорт дээр нь “Эм-Си-Би Холдингс Пи-Ти-И” буюу MCB Holdings PTE компани бүртгэлтэй байсан бөгөөд УИХ-ын гишүүн байхдаа тус компанийн хувьцаа эзэмшигч байсаар байжээ. “Money Come Back” буюу MCB Holdings гэх энэ оффшор компанийн нэр бас удахгүй өөр асуудалд холбогдон гарч ирнэ” гэхчлэн бичсэн байсан.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга  нэг сая сингапур долларын дүрмийн сантай “GENCO HOLDINGS PTE LTD” компанийг 2001 онд Сингапур улсад үүсгэн байгуулж, 50 хувийг нь эзэмшиж байсан. Улмаар 2013 онд охин Б.Намууныхаа нэр дээр компанийн эзэмшлийн хувийг шилжүүлсэн. Электроник тоног төхөөрөмжийн бөөний худалдаа эрхлэх зорилготой GENCO HOLDINGS компанийг 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр татан буулгасан болохыг Сингапурын засгийн газрын эх сурвалж баталсан талаар IKON.MN сайтын мэдээлэлд дурджээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга  Сингапурт бүртгэлтэй компаниа нуун дарагдуулсан нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж буйг хэвлэлүүд сануулан мэдээлж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 326 дугаар тогтоолд оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн батлахдаа, жагсаалтын 46 дугаарт Сингапур улсыг оруулсан байдаг.

Тэгэхээр Ерөнхийлөгч  Х.Баттулгын компани  2020 оны арванхоёрдугаар сард татан буугдсанаас үзэхэд тэрбээр 3 жил гаруйн хугацаанд ард иргэдээ хууран мэхэлжээ.

Өнөөдөр ч түүний хууран мэхлэлт үргэлжилж байна.

Мөн тэрбээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчсөөр байгааг ч хэвлэлүүд сануулсаар байна.

Уг хуулиар  Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон.

Холбогдох хуулиар тогтоосон болзол, шалгуурын дагуу сонгогддог, эсхүл сонгуулийн үр дүнд томилогддог албан тушаалд нэр дэвшигч, түүний хамаарал бүхий этгээд нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд нэр дэвшихэд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол холбогдох байгууллагад урьдчилан мэдүүлэх үүрэгтэй. Энэ хуулийн 101.2 дахь хэсэгт заасан нэр дэвшигч албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон тохиолдолд тухайн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол 3 сарын дотор дараахь арга хэмжээг авч, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ гэхчлэн заасан байдаг.

Тэгэхээр Х.Баттулга Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг өнгөрсөн дөрвөн жилд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаанд зөрчсөн гэдэг нь харагдаж байна.
Ерөнхийлөгч Үндсэн хуулиар тогтоосон тангарагийг УИХ-д өргөхдөө Монгол Улсынхаа хууль, дүрэм, журмыг зөрчихгүй, шударга байхаа ард түмнийхээ өмнө тангарагладаг.
Х.Баттулга Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон, 2017 оны долоодугаар сарын 10-ны өдөр Төрийн ордны их танхимд тангараг өргөж, ард түмэндээ хандан  хэлсэн үгнээс эшлэн сануулъя.
Тэрбээр:
Монголчууд аа, Ахан дүүс ээ,
Миний бие ажлын зарчимдаа дараах зүйлийг дэмжихгүй гэдгээ энд бас онцлон хэлье.
Хууль ёсыг уландаа гишгэсэн, хуйвалдаанч түшмэдийн бодлогыг дэмжихгүй. Тэдний бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно. Төрийн албыг наймаалдаг, аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ.
Иргэдээ ядууруулж, цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна.  Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ ялгаварладаг харгис жишгийг халах болно.
Би эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна.
Би эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Ерөнхийлөгч байна.
Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна.
Би экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Ерөнхийлөгч байна.
Би экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байна.
Энэ цагаас эхлэн Монгол Улсаа бүтээгч орон, үйлдвэрлэгч улс, хамтрагч үндэстэн байлгахын төлөө, ажилдаа шуурхайлан орно оо.” хэмээн тангараг өргөсөн билээ.
Ийм сайн сайхан үгтэй тангараг өргөсөн төрийн тэргүүн Х.Баттулга өнгөрсөн дөрвөн жилд өөрийн төрсөн охиныхоо нэр дээрх оффшор компанийг ард түмнээсээ, хуулиас нуусан нь Ерөнхийлөгчийн тангарагаасаа няцсан үйлдэл мөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч тангарагаасаа няцвал хэрхэх вэ гэдэг асуудлыг Ерөнхийлөгчийн тухай хуулийн  7 дугаар зүйлд дараах байдлаар тусгажээ.
7 дугаар зүйл. Ерөнхийлөгч ажлаа хариуцах

1.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна.
2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ гэж заасныг тодотгоё.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Ж.Дуламсүрэн: Махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны борлуулалтыг өнгөрсөн жилээс эрт эхлүүлж байна

Огноо:

,

Нийслэлийн есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг жижиглэн хэлбэрээр худалдаалж эхэллээ. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан УБЗАА-аас энэ жил нийт 5000 тонн мах нөөцлөн бэлтгэсэн. Үүнээс 2000 гаруй тонн нь үхэр, 3000 тонн нь хонины мах байна. Үнийн хувьд хонины махыг 13 мянган төгрөг, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулж байна.

Өмнөх жилүүдэд нөөцийн махны худалдааг гуравдугаар сараас эхлүүлдэг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхлүүлсэн. Өнөөдөр бид Хан-Уул дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрт ажиллаж байна. Тус дүүрэгт өнөөдрийн байдлаар 20 гаруй тонн мах нийлүүлсэн бөгөөд борлуулалт сайн байна. Мөн махны харьцаанд анхаарч байгаа. Тухайлбал, үхрийн маханд нуруу, гуяны цул, хавирга, харин хонины маханд сүүл, хаа, булчин мах, гуяны цул зэргийг багтааж, савласан.

Түүнчлэн зарим иргэдийн дунд нөөцийн махыг зуны улиралд бэлтгээд өвөл худалдаанд гаргадаг, удаан хугацаанд хадгалсан мах муу гэсэн ойлголт байдаг. Харин бид үйлдвэрийн аргаар, стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг сонгон бэлтгэсэн. Эдгээр есөн аж ахуйн нэгж өнгөрсөн оны 11–12 дугаар сард бэлтгэсэн махаа өнөөдөр худалдаанд гаргаж байгаа бөгөөд хадгалалтын хугацаа, чанарын шаардлагыг бүрэн хангасан шинэ мах юм” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтоо танилцуулж, орон нутагтайгаа нэг чиглэл, нэг ойлголттой ажиллах зорилго бүхий Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт Төрийн ордонд болж байна.

Засгийн газрын бодлогыг хөрсөнд буулгаж, иргэдэд хүргэдэг хүмүүс бол орон нутгийн удирдлагууд юм.

Тиймээс Ерөнхий сайд Засгийн газраас баримталж байгаа бодлого, шинэчлэлийн талаар “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлдээ дэлгэрэнгүй танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газар хагас жилийн өмнө байгуулагдахдаа улс орны өмнө тулгамдсан олон асуудалтай нүүр тулсан. 

Төрийн чадамж суларч, иргэд төрдөө итгэх итгэл алдарч, эдийн засгийн өсөлт хоёр дахин унаж 2.6 хувь болж, гадаад валютын нөөц огцом буурч, долларын ханш огцом өсч, үнийн өсөлт 15 хувийг давж өсөх, төсвийн орлого 3.3 их наядаар тасрах бодит эрсдэлтэй үед ажиллаж эхэлсэн. Ард түмний эзэмшлийн компанид хулгай, луйвар нүүрлэсэн. Төрд цэгцлэх ажил, цэгцрэх хөдөлгөөн нэхэгдэж байсан цаг үе гэдгийг Ерөнхий сайд “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлийнхээ өмнө хэллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 7 дугаар сараас 3 сарын хугацаатай  онцгой дэглэм тогтоож, нүүрсний олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөж, улсын гадаад валютын нөөц ердөө гурав, дөрөвхөн сарын дотор 2 тэрбум ам.доллароор нэмэгдэж, эдийн засгаа сэргээж чадлаа. Төсвийн сахилга бат, эмх цэгц, гадаад худалдааны бодлого зөв чиглэлд орж эхэлмэгц бодит үр дүн эхнээсээ харагдаж эхэлсэн. Сэхэл авч сэргэсэн эдийн засгийг цаашид зөв залуурдах шаардлагатай. Үүний тулд ард түмэндээ ШИНЭ ИТГЭЛ төрүүлж, засаглалын ЭРС ШИНЭТГЭЛ хийх бодлогын зорилтыг Засгийн газраас дэвшүүлж байгаа юм. УИХ-аар 2026-2030 онд улс орноо хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлуулсан. Улс орныг бүхэлд нь цэгцлэх найман үндсэн чиглэл нь

-Хүний хөгжлийн шинэтгэл

-Эдийн засгийн бүтцийн шинэтгэл

-Үнэт зүйл, нийгмийн хөгжлийн шинэтгэл

-Байгаль орчин, ногоон хөгжлийн шинэтгэл

-Засаглал, цахим хөгжлийн шинэтгэл

-Үндэсний өрсөлдөх чадварын шинэтгэл

-Бүсийн хөгжлийн шинэтгэл

-Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюуны шинэтгэл юм гэлээ. 

Мөн эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх “Цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөө”-г баталж, оны эхнээс хэрэгжүүлсэн. Энэ 300 хоногт эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх, Үндэсний баялгийн сангийн хуримтлал ба зарцуулалтыг бодитоор эхлүүлэх, баялгийн шударга хуваарилалтыг ажил болгоход орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллах ёстой. Төр өөрөө эмхлэгдэж, цэгцэрч байж л энэ боломж бодит хөгжил болно гэлээ. 

2025 оны тайлан, 2026 оны зорилт, таван жилийн бодлого, зорилтын талаар Ерөнхий сайд илтгэлдээ дэлгэрэнгүй танилцуулаад “Эдийн засаг өсөхийн тулд зөвхөн бизнес чөлөөтэй байх нь хангалтгүй. Төр өөрөө эмх цэгцтэй, хэмнэлттэй, хариуцлагатай, хяналтын дор байх ёстой. Тиймээс төлөвлөгөөний дараагийн том багц нь төрийг дотроос нь цэгцлэх реформ юм. Энэ хүрээнд хуульд нийцэхгүй, хүнд суртал, чирэгдэл үүсгэж байгаа 1,000 гаруй журам, дүрмийг цуцална гэлээ.

Аймаг, орон нутгийн удирдлагууд амьдралд, иргэддээ ойр ажиллахыг Ерөнхий сайд зөвлөөд, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж ажиллахыг анхаарлууллаа. 

Орон нутгийн удирдлагуудаас удаа дараа тавьж байгаа зарим асуудлын талаар Ерөнхий сайд байр сууриа илэрхийллээ.

Төсвийн хэмнэлтийг орон нутагтаа захиран зарцуулах эрхийг олгох, Улаанбаатараас асуудлыг шийдэх шаардлагагүй агентлагуудыг эрх мэдлийн төвлөрөл үүсгээд байгаа хуулиуддаа өөрчлөлт оруулж, орон нутагт эрх мэдлийг олгохыг салбарын сайд нарт даалгажээ. Татварын давуулан биелүүлсэн орлогыг Сангийн яамнаас хааж орон нутгийн төсвийн бие даасан байдалд нөлөөдөг байдлыг зогсоох хэрэгтэй. Орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг баталгаажуулах хууль эрх зүйн тогтолцоо бүрдүүлэхийн төлөө ажиллана гэсэн юм.  
Сум хөгжүүлэх санг Хоршоог дэмжих санд нэгтгэж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлтэй зээл олгох боломжийг хаасан асуудлыг судалж, холбогдох журамд өөрчлөлт оруулна. Засгийн газар байгуулагдсан хугацаанаас хойш Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж сум, орон нутгийн иргэдийн өмчлөлийн газар, малчдын өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдэхийг үүрэг болгосон ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Тийм учраас энэ асуудлыг яаралтай шийдэх шаардлагатайг анхаарууллаа.
Ерөнхий сайд илтгэлийнхээ төгсгөлд “2026 он бол Шинэ итгэл, эрс шинэтгэл, бодит өөрчлөлтийн жил байх болно. Биднээс илүү хариуцлага, илүү бодит үр дүн шаардаж байна. Засгийн газар үндэсний баялгийг өсгөн арвижуулж, “Баялагтаа эзэн Монгол” эрхэм зорилгыг үгээр бус үйл хэргээр, амлалтаар бус ажлын үр дүнгээр нотлон харуулж ажиллана гэлээ.

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт үргэлжилж байна. Энэхүү уулзалт Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, 2026 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгч, Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ байгуулна. 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ч.Хувьзаяа: AI системд нэвтэрснээс хойш эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд л 81 хувиар буурсан

Огноо:

,

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн билээ. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг таньж, тухайн жолоочид зөрчлийн мэдээллийг илгээх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл ирэх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөнийг бүрэн АI системээр хянах ажлыг эхлүүлнэ. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяагаас тодрууллаа.

-Замын хөдөлгөөнийг AI системээр хянах, зохицуулах ажлыг багагүй хугацаанд хэрэгжүүлж байна. Ямар тохиолдолд AI системийг ашиглаж байна вэ?

-Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц болон замд 2600 гаруй хяналтын камерыг хиймэл оюун ухаанд суурилсан системд холбож, шинээр суурилуулсан. Тус камерын системийн тусламжтайгаар автозамын хөдөлгөөн, түгжрэл ачааллын шалтгаан нөхцөлийг цаг алдалгүй мэдэж, холбогдох хариу арга хэмжээ авч ажиллаж байна.

-Зөвхөн жолооч нарыг торгоход л AI ашиглаж байна гэсэн ойлголт олон нийтийн дунд үүсээд байсан. Тэгэхээр замын хөдөлгөөний бүхий л зохицуулалтад технологийн дэвшил ашиглаж байгаа юм байна. Тийм үү?

-Тэгэлгүй яахав. Нийслэлийн замын хөдөлгөөний эрчим, зорчилт хөдөлгөөний тооллогыг бодит цагаар авч, хөдөлгөөн зохицуулах, гэрлэн дохионд оновчтой зохицуулалт хийх, цаашлаад тээврийн ухаалаг систем /ITS/-ийг нэвтрүүлэхэд шаардлагатай суурь дата өгөгдлийг цуглуулахад ашиглаж байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилготой хэрэгжүүлж байна.

-Тодорхой үр дүн гарсан уу?

-Дээрх ажлын хүрээнд жолооч нарт Замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг зургаар баталгаажуулж, холбоос линк байдлаар энэ оны 2-р сарын 05-ны өдрөөс 12-р сарын 15-ны өдрийг дуустал "Таны ****УАН дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хиймэл оюун ухааны нэгдсэн бүртгэлд бүртгэгдлээ" гэсэн утгатай сануулах мессежийг илгээж ажилласан. Ингэснээр хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын зөрчлийн тоо эрс багассаныг дараах тоон үзүүлэлтээс харж болно. Эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд 81 хувиар буурсан.

  • 7-р сард-4.406.206
  • 10-р сард-2.493.478
  • 11-р сард 1.846.544 болж 81 хувиар буурсан байна. Мөн зогсох шугам давж зогссон зөрчил 7-р сард 335.800 байсан бол 11-р сард 166.455 болж буурсан, хуурамч дугаартай 587 авто машин илрүүлж зөрчлийг арилгуулсан байна. Энэ бол тодорхой үр дүн.

-Түгжрэлийг бууруулахад хэрхэн нөлөөлсөн байна?

-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөр уулзвар, гудамж, замуудад түгжрэл, ачаалал үүсгэдэг байдал эрс буурч уулзварын нэвтрүүлэх чадвар тухайн чиглэлдээ 20 хүртэл хувиар сайжраад байна. Жолооч уулзвар нэвтрэхийн өмнө тухайн явах чиглэлийн эгнээгээ эзэлсэн байх ёстой. Гэтэл жолооч нар уулзварт дөхөж ирэнгүүтээ эгнээ байраа сольдог нь тухайн уулзвараар зөвшөөрсөн гэрэл дохиогоор нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг удаашруулах, цаашлаад уулзвар орчимд осол гарч түгжрэл ачааллыг бий болгодог байсан үзэгдэл эрс багасаад байна.

-Ирэх он буюу 2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөний зөрчлийг AI-аар бүрэн илрүүлж, жолооч нарт торгууль ногдуулна гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бүрэн AI-д шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш. Жолооч та замын хөдөлгөөний дүрмээ бариад л явчих. Тэгвэл мэдээж торгохгүй шүү дээ. Замын хөдөлгөөний зохицуулалтыг технологийн дэвшилд бүрэн оруулж байгаа л хэлбэр. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 2025 оны 7-р сарын 09-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан системийг оруулж өгсөн бөгөөд тус систем нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг таньж, жолоочийн үйлдлийг замын хөдөлгөөний дүрмийн заалттай тулган шалгаж, эрх бүхий албан тушаалтны цахим гарын үсгээр баталгаажуулах ажиллагааг 2026 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ дагуу л хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хэдийгээр жолооч нарын дүрэм зөрчих байдал эрс буурч байгаа ч гэсэн зарим төрлийн зөрчлүүд хэвээр байна. Тухайлбал, зогс шугам давж явган хүний гарц дээр зогсох, гэрэл дохио зөрчих нь явган зорчигч болон хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг алдагдуулах, тэнцвэртэй зорчилтыг бий болгож түгжрэл ачааллыг бууруулах, уулварын нэвтрүүлэх чадварт сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн Улаанбаатар хотын авто замын чадамжийг бүрэн ашиглахын тулд үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрөх, түр зогсох хориотой газар удаан хугацаагаар машинаа байршуулах, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсох болон эгнээгээр явах зэрэг зөрчлүүдэд зайлшгүй хариуцлага тооцох шаардлагатай байна.


Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох