Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 14-нд Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдах нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.
2025 оны аравдугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0-2 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 0 хэм орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 0-2 хэм хүйтэн байна.
2025 оны аравдугаар сарын 15-наас 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 17-ноос ихэнх нутгаар эрс хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан байна.
Цаг үе
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Хуульчийн про боно-2026”, “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөгийг нэгтгэн өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх Шүүхийн тусгай архив, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитр, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хяналт шалгалтын газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, Өмгөөллийн "Компасс консалтинг", "Эм Жэй Эл Атторнэйс" ХХН, "Цогц өмгөөлөл" ХХН, "Алтаргана" хуулийн товчоо, "Тэргүүн өндөр" ХХК, "Нөмөрт партнерс" ХХК, "Агууч Лоу фирм" ХХК, "Эв эе партнерс" ХХК болон Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв, хуульч, өмгөөлөгчид оролцож, иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх болно.
Иргэд та бүхэн 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж өөрт хэрэгтэй хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй аваарай. Мөн энэ үеэр орон сууцны захиалгын гэрээ хийж хохирсон иргэдэд мэргэжлийн хуульчид тусгайлан зөвлөгөө өгөх болно.

Цаг үе
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг 11 дэх жилдээ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм.
Өнөөдрийн байдлаар 23 мянга гаруй оролцогч гүйхээр бүртгүүлээд байна.
Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын мэргэжлийн болон сонирхогч гүйгчид олноор оролцох болсон. Энэ нь арга хэмжээний цар хүрээ тэлж, оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
Марафонд гүйх иргэд насны ангилал болон бэлтгэлийн түвшиндээ тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Цаг үе
ОХУ: Ялалтын баярын парадыг цэргийн техникгүй зохион байгуулна
ОХУ-ын нийслэл Москва хотод тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын цэргийн парадыг энэ жил цэргийн техникгүй зохион байгуулахаар болсон талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
Тэрбээр уг шийдвэр нь үйл ажиллагааны нөхцөл байдалтай холбоотойг онцолж, аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зорилгоор ийм арга хэмжээ авч байгааг дурдсан байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Киевийн дэглэмийг террорист үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа талаар мэдэгдсэнийг иш татжээ.
Ийм нөхцөлд болзошгүй аюул заналыг багасгахын тулд бүх шаардлагатай арга хэмжээг авч буйг Песков тэмдэглэсэн байна. Тэрбээр парад цуцлагдахгүй, харин товчруулсан хэлбэрээр зохион байгуулагдана гэдгийг тодотголоо.
Мөн өнгөрсөн жилийн парад нь ойт жилийн хүрээнд өргөн хүрээтэй зохион байгуулагдсан бол энэ жил ойт жил биш тул цар хүрээ багассан байгааг дурдсан байна.
