Улстөр нийгэм
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой
Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн хэрэглээнээс гарч байгаа усыг саарал ус гэж нэрлэдэг. Энэ саарал усны тодорхой хэсгийг Туул гол руу цутгадаг. Гэтэл нийслэлийн хэмжээнд боловсруулах чиглэлийн үйлдвэр, эмнэлэг, ресторан, цайны газар, автомашин угаалгын газрууд гээд 771 үйлдвэр, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, цэвэр, бохир усны асуудлаа улсаас шийдвэрлүүлж байна.
Үүнээс ялангуяа арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, спиртийн үйлдвэр, эмнэлэг, авто угаалгын газрууд, хүнсний үйлдвэрийн хаягдал усыг нийслэлийн төв цэвэрлэх байгууламж цэвэрлэж дийлэхгүй байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж зөвхөн ахуйн хэрэглээний усыг л цэвэршүүлэх технологитой. Гэтэл Туул голд их хэмжээний бохирдлыг үүсгэж байгаа 80 гаруй аж ахуйн нэгж байна.
Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Туул голоор завиар явж, саарал ус нийлүүлж байгаа эх үүсвэр болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, цаашлаад Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Өвөртохойд Туул голын бохирдол ямар байгааг тайлбарлаж, Туулын голын эко системийг хамгаалах талаар ярилцлаа.

Улаанбаатар хотоос 30 орчим км зайд ч цэвэрлэх байгууламжийн лаг хагшаасаас үүдэж, Туул голын уснаас хүн, мал ундаалах боломжгүй. Улаанбаатарын төв хэсгээрээ Туул голын хайрга нүдэнд харагдаж, цэлэлзэн урсах ч саарал усны эхтэй ойролцоо байршилд Туул голын усан дор зөвхөн дагтаршсан лаг хагшаас, өмхий үнэртэнэ. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудал Туул голын эко системд, хүн ам болоод мал амьтны эрүүл мэндэд ч хортой нөлөө үзүүлээд зогсохгүй улс орны хэмжээний аюулын түвшинд хүрчээ. Ийм болоод олон жилийн нүүрийг үзсэн ч очиж харсан, ярьсан, сэрэмжлүүлсэн, үүнээс сэргийлэх, даван туулах ажлууд хийсэн шийдвэр гаргагчид байсангүй гэхэд хилсдэхгүй.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд ашиглалтад оруулж байсан түүхтэй. Хуучин төв цэвэрлэх хоногт 160-170 мянган метр.куб усыг хүлээн авах хүчин чадалтай. Мэдээж даац нь хэтрээд удаж байгаа. Харин өнөөдөр Улаанбаатар хотоос шинэ Төв цэвэрлэх байгууламжийг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болсон. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хоногт 250 мянган метр.куб ус боловсруулна. Гэвч дан ганц шинэ Төв цэвэрлэх байгууламжтай болоод Туул голын бохирдлын асуудал шийдэгдэх боломжгүй гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Туул гол руу саарал ус нийлүүлэгдэж байгаа эх үүсвэр дээр очиж үзэхэд үнэхээр харамсалтай дүр зургууд харагдаж байна. Туул голын бохирдолд арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, спиртийн үйлдвэр, эмнэлэг, авто угаалгын газрууд, хүнсний үйлдвэрийн бохирдол маш ихээр нөлөөлдөг. Төвлөрсөн шугам руу тэдгээр үйлдвэрийн их хэмжээний бохирдол орохоор цэвэршүүлж дийлдэггүй. Энэ бүх асуудлыг олон жил хөндсөнгүй. Монгол Улсын Усны тухай хуульд “Эдгээр үйлдвэр заавал өөрсдийн урьдчилан цэвэрлэх байгууламжтай байх ёстой” хэмээн заасан ч хуулиа биелүүлдэггүй.
Туул голд нийлүүлэгдэж байгаа саарал ус нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх түвшинд цэвэршсэн байх ёстой. Харамсалтай нь манай цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус энэ шаардлагыг хангаж чадахгүй байна. Туул голын саарал ус нийлүүлэгдсэн хэсгүүдэд лаг хагшаас үүсч, маш их бохирдлыг үүсгэж байна. Туул гол, түүний ай сав бол олон зүйлийн загас, шувууд, амьтдын өлгий болсон монголчуудын эх түүхийг хадгалсан нутаг. Хамгийн чухал нь нийслэлчүүдийн ундны эх үүсвэр юм. Туул голын эко системийг аварч үлдэхийн тулд нийслэлээс дараах ажлуудыг зохион байгуулна” гэв.

Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр өнөөдрийн байдлаар Туул голыг ихээр бохирдуулж байгаа 20 гаруй ААН хашаандаа урьдчилан цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлсэн. АПУ компани урьдчилан цэвэрлэх байгууламж барьсан. Үлдсэн 60 ААН буюу нийт 80 ААН-ийг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох тал дээр Засгийн газар, холбогдох яамдын түвшинд анхаарч ажиллах шаардлагатай. ААН-үүд Усны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх цаг нь ирсэн. Мөн ус бохирдуулсны төлбөрөө төлөх ёстой. Эдгээр үүргээ биелүүлэхгүй хэвээр байвал 2027 оноос Туул голыг ихээр бохирдуулагч ААН-үүдийг цэвэр усаар хангахгүй, бохир усыг хариуцахгүй. Тэдний ус бохирдуулсан төлбөрийг төв цэвэрлэх байгууламжийн урсгал зардал, лаг шатаах үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжихэд ашиглах ёстой.
Тиймээс нэгдүгээрт, 80 ААН-ийг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох,
Хоёрдугаарт, Монгол Улсын хэмжээнд нэг ч лаг шатаах үйлдвэр байхгүй. Улаанбаатар хотоос төв цэвэрлэхээс гарах лагийг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх “Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийн ТЭЗҮ-ийн баталсан. 2026 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр барилгын ажлыг эхлүүлнэ. Мөн Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг барьж, арьс ширний үйлдвэрүүдийг гаргана.
Гуравдугаарт, нэгэнт үүссэн лаг хагшаасыг цэвэрлэхгүйгээр Туул голын эко систем сэргэхгүй. Энэ ажилд олон улсын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгийг авах хэрэгтэй байна.
Дөрөвдүгээрт, Мянганы сорилтын сангийн саарал ус дахин боловсруулж технологийн ус гаргах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар цэвэрлэх байгууламжаас гарч байгаа саарал усны 50 хувь нь стандартын түвшинд Туул руу, 50 хувь нь дулааны станц руу очдог болно.
Тавдугаарт, усны хэрэглээндээ нийтээрээ анхаарч, өөрчлөлт гаргах нь та бидний хүрээлэн буй орчин, Туул голын эко системийг хамгаалахад оруулж буй үнэт хувь нэмэр болохыг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.



Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
