Улстөр нийгэм
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа
2023-2024 оны хичээлийн жилд Олон улсын долоон төрлийн олимпиадад 31 сурагч оролцсоноос 23 нь медальт байрт шалгарсан байна. Оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан суралцаж, Олон улсын олимпиадад авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилтын эзэн болж, эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулсан сурагчид болон тэднийг бэлтгэсэн Олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа.
2024 оны 07 дугаар сард Английн Баат хотноо болсон Олон улсын математикийн 65 дугаар олимпиадад математикч хүүхдүүд нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн Д.Энэрэлт– Алтан медаль,
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн Т.Билгүүнгэрэлт– Мөнгөн медаль,
- Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн О.Тэнгис– Мөнгөн медаль,
- Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн Б.Бэлгүтэй-Хүрэл медаль,
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн С.Манлай– Хүрэл медаль,
- Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн Х.Нурсолтан– Хүрэл медаль,
Бүгд Найрамдах Казахстан Улсад болсон Олон улсын биологийн 35 дугаар олимпиадаас:
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Байгаль-Эх” сургуулийн Г.Ирээдүй-Хүрэл медаль,
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ-Үе” сургуулийн Г.Мишээл-Хүрэл медаль,
Саудын Арабын Хаант Улсад болсон Олон улсын химийн 56 дугаар олимпиадаас:
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Орчлон” сургуулийн Б.Номин-Ундрах-Мөнгөн медаль,
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Орчлон” сургуулийн А.Амартүвшин-Хүрэл медаль,
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн Б.Эрмүүнболд-Хүрэл медаль,
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Бага тэнгэр” сургуулийн М.Одгэрэл-Хүрэл медаль,
Исламын Бүгд Найрамдах Иран Улсад болсон Олон улсын физикийн 54 дүгээр олимпиадаас:
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн Г.Азжаргал-Мөнгөн медаль,
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн С.Атархүү-Хүрэл медаль,
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ-Үе” сургуулийн Г.Батбаяр-Хүрэл медаль,
- Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн М.Мөнх-Оргил-Хүрэл медаль,
- Орхон аймгийн ерөнхий боловсролын “ЯШУТ” сургуулийн Э.Ичинбат-Хүрэл медаль,
Арабын Бүгд Найрамдах Египет Улсад болсон Олон улсын мэдээлэл зүйн 36 дугаар олимпиадаас:
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Nest education” сургуулийн Х.Онолт-Хүрэл медаль,
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн Ч.Ирмүүн-Хүрэл медаль,
Бүгд Найрамдах Болгар Улсад болсон Хиймэл оюуны олон улсын анхдугаар олимпиадаас:
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт-Эрдэм” сургуулийн Ч.Ирмүүн-Мөнгөн медаль,
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюунлаг” сургуулийн Н.Батсүх-Мөнгөн медаль,
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн Т.Энгүүн– Мөнгөн медаль,
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Хобби” сургуулийн Э.Тэнүүн-Мөнгөн медаль,
Саудын Арабын Хаант Улсад болсон Хиймэл оюуны олон улсын олимпиадаас:
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюунлаг” сургуулийн Н.Батсүх-Алтан медаль,
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Хобби” сургуулийн Э.Тэнүүн-Хүрэл медаль хүртжээ.







Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын олимпиадад амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан сурагчид болон тэднийг бэлтгэсэн Олимпиадыг зохион байгуулах хороодод улам их амжилт хүсэн ерөөлөө.
Ерөнхийлөгч монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлэн, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, Олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар 2021 онд Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан юм.
Олон улсын олимпиадаас медаль хүртсэн хүүхдүүд дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
-
Улстөр нийгэм2023/05/22
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов
-
Цаг үе2020/08/01
Дархан-Уул аймагт энэ жил 1200-1500 м2 талбайд замын нөхөөс хийнэ
-
Цаг үе2025/04/21
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
-
Цаг үе2020/05/12
Украины авлигатай тэмцэх байгууллага ерөнхий прокурорт хэрэг үүсгэв
