Үзэл бодол
Б.Түмэнцэнгэл: Инфляцийн 8 хувийн зорилт мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих орон зайг олгосон

Хамгийн сүүлийн статистик мэдээнээс харахад инфляци 5.2 хувь руу буурсан. 2019 оны сүүлийн хоёр сард инфляци харьцангуй нам дор түвшинд байлаа. Үүнийг хүнсний үнийн нөлөөлөлтэй холбон авч үзэж байна уу, эсвэл эдийн засаг бидэнд арай өөр дохиог өгч байна уу?
2019 оны эцэст инфляци улсын хэмжээнд 5.2 хувь, Улаанбаатарт 5 хувь байв. Ингэж инфляци Tөв банкны зорилтот түвшнээс доош орж ирсэн нь үндсэн хоёр шалтгаантай гэж харж байна. Нэгт, үнэ бол зах зээл дээрх идэвхжлийг харуулдаг чухал индикатор болдог тул эдийн засагт эрэлт суларч эхэлснийг илэрхийлж байна. Монголын эдийн засагт 2019 оны гуравдугаар улирлаас хойш идэвхжил бага зэрэг саарсан дохио ажиглагдаж эхэлсэн нь үнэ дээр ийнхүү илэрлээ. Банкны салбарын зээл 11-р сарын байдлаар жилийн өсөлт нь 7.6 хувь болж саарсан, төсвийн хувьд хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэл анх 3.2 их наяд гэж төлөвлөгдөж байсан хэмжээндээ хүрэлгүй оны эцэст 2.8 их наяд төгрөг буюу 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй гарсан зэрэг нь эрэлт талд нөлөөллөө гэж харж байна. Гэхдээ эдийн засгийн фундамент сайн хэвээр байгаа, өрхийн бодит орлого үргэлжлэн өсч байгаа тул эрэлтийг илэрхийлэх суурь инфляци харьцангуй тогтвортой хэвээр байна. Нөгөө талаас суурь инфляци тогтвортой байгаа боловч нийлүүлэлтийн шалтгаанаар ерөнхий инфляцийг өдөөж байсан цөөн хэдэн нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн савалгаа багассан. Тодруулбал, махны үнэ, хатуу түлшний үнэ, бензиний үнийг нэрлэж болно. Эдгээр бүтээгдэхүүний хувьд инфляцид үзүүлэх өндөр нөлөө нь харьцангуй тогтворжсон байна.
Үүнтэй холбоотой асуухад манай улсад махны үнэ өсөхөд Хятад улсад гахайн мялзан өвчин тархсан явдал өндөр нөлөөг үзүүлсэн. Энэ оны хувьд ч махны эрэлт нь өснө гэсэн таамаглал байна л даа. Энэ нь манай улсын инфляцид тодорхой хэмжээгээр нөлөөлөх үү.2020 онд хүнсний үнэнд дахиад мэдрэгдэх эсэх дээр та бүхэн хэрхэн тооцоолж байна вэ?
Махны үнийн хувьд улирлын нөлөө ихтэй байдаг. Харин экспортоос хамаарсан үнийн хэлбэлзэл бол цэвэр дотоодын зохицуулалттай холбоотой. Хятад улс гахайн махны дэлхийн зах зээлийн тал орчмыг дангаараа бүрдүүлдэг том зах зээл. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мялзан өвчнөөс болж 400 гаруй сая толгой гахайнаас 100 гаруй сая буюу 30-аад хувь нь хорогдсон. Энэ их дутагдлыг гаднаас орлох бүтээгдэхүүнийг импортлох замаар нөхөж байгаа. Монголын хувьд 2018 оны 2 дугаар хагасаас эхлээд дулааны аргаар боловсруулсан махны экспорт огцом нэмэгдсэн нь үүнтэй ихээхэн холбоотой. Ойрын хугацаанд Хятадын гахайн махны зах зээл дээр үүссэн энэ асуудал хялбар шийдэгдэх магадлал бага гэгдэж байна. Иймд цаашид Засгийн газраас махны экспорт дээр ямар бодлого баримтлах, дотоодын зах зээл дээр ямар зохицуулалт хийхээс маш махны үнэ ихээхэн хамаарна.
Дотоодын зохицуулалт зөв байвал махны үнээс хамаарсан инфляцийн дарамт үүсэхгүй гэж ойлгож болох уу?
Дотоодын нийлүүлэлтэд огцом шок үүсгэлгүйгээр экспортоо дэмжиж, валютын орлого олж, нөөц хуримтлуулах бодлого баримтлах зохицуулалтыг хийвэл инфляцид ч, төлбөрийн тэнцэлд ч дарамтгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Инфляцийн тайланд эдийн засгийн өсөлт 2020 онд 5.6-5.7 хувь байна гэж тооцоолсон байгаа. Тэгвэл дийлэнх эдийн засагчдын санал нэгдэж байгаа зүйл бол төсөв тийм ч сайн биш, алдагдалтай батлагдсан. Яг бодит гүйцэтгэлээр нь харах юм бол уул уурхайн орлого төсөвт тусгаснаас ч илүү буурахаар байгаа нь алдагдал улам нэмэгдэж магадгүй байгаад байна. Ийм үед Төв банкнаас ямар бодлого барих бол?
Төв банкны хувьд бодлогын зорилго чиглэлийг нь Төв банкны тухай хуулиар маш тодорхой зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд ажиллана гэсэн үг. Төсвийн бодлого ямар байхаас үл хамаараад Монголбанк мөнгөний бодлого, санхүүгийн зах зээлд хэрэгжүүлэх бодлогоороо дамжуулж, үндсэн зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллана. Харин төсвийн бодлогыг дүгнэх нь бидний гол ажил биш. Төсвийн бодлого дээр 2 ерөнхий зүйлийг онцолж болно. Нэгт, Таны хэлснээр орлого талдаа түүхий эдийн зах зээлээс хамаараад эрсдэл бий тул зардал талд сахилга бат мэдээж чухал. Төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу алдагдал болон өрийн түвшнээ хуульд заасан хэмжээнд нь нийцүүлж барих шаардлагатай. Дээр нь олон улсын байгууллага, хөндлөнгийн эдийн засагч нарын анхааруулдаг гол зүйл бол хөрөнгө оруулалтын зардлын үр ашиг. Өөрөөр хэлбэл, төсвийг яг өнөөдрийн хэрэглээндээ зарцуулах юм уу, аль эсвэл ирээдүйн Монгол Улсын хөгжил дэвшил, өсөлтөд хэрэгтэй чухал хөрөнгө оруулалтуудад зарцуулах юм уу гэдгээс ирээдүйн эдийн засгийн тогтвортой байдал маш их хамаарна.
Инфляцийн тогтвортой байдлыг хангахад мэдээж хэрэг Засгийн газрын үүрэг оролцоо байгаа шүү дээ. Иймд бодлогын харилцан уялдаатай байж чадаж байна уу?
Аль аль нь зохицуулагч байгууллагын хувьд бол дунд урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Монголбанкны хувьд мөнгөний бодлого, санхүүгийн зах зээлийн бодлогоор дамжуулж энэ үүргээ биелүүлэхийг зорьдог. Инфляцийн хувьд, ялангуяа, нийлүүлэлтийн гаралтай бараа бүтээгдэхүүний үнийн огцом өөрчлөлтөд Засгийн газрын үйл ажиллагаа илүү чухал. Өөрөөр хэлбэл худалдан авах чадвараас хамаарал багатай, аливаа бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өөрчлөлт гэсэн үг. Тухайлбал, Улаанбаатарын гэр хороололд хэрэглэгддэг хатуу түлшний үнийн савлагаа 2017-2018 онуудад инфляцийг хөөргөдөх нэг гол шалтгаан болж байсан бол 2019 онд Засгийн газраас хийсэн зохицуулалтыг нэлээд оновчтой боллоо гэж үзэж байна. Үр дүнд нь инфляцийг савлуулах гол хүчин зүйлийн дотор хатуу түлш багтахаа больсон байгаа. Энэ мэтчлэн нийлүүлэлтийн шинж чанартай үнэ нь савладаг бүтээгдэхүүнүүд дээр Засгийн газрын оролцоо, зохицуулалт чухал үүрэгтэй байдаг. Харин Төв банк болохоор аль нэг тодорхой бүтээгдэхүүний үнэ гэхээсээ нийт эдийн засгийн идэвхжил болон ерөнхий үнийн түвшин хэрхэн уялдаж байгаа дээр гол анхаарлаа хандуулдаг. Мөнгөний бодлогын арга хэрэгслүүд ч эдийн засгийн эрэлт талд нөлөөлнө.
Инфляцийн зорилтод түвшин 8 хувь байна гэсэн Төв банкны зорилтыг зарим эдийн засагчид үүнээс доош байх ёстой гэсэн ялгаатай байр суурийг илэрхийлж байна. Тэгвэл Төв банкны энэ зорилт хэзээнээс буух вэ?
Хөгжсөн улс орнуудын инфляци нэлээд нам дор түвшинд байдаг нь үнэн. Энэ нь эдийн засгийн хөгжлийн шат, зах зээлийн дэд бүтцийн үр ашигт байдлаас эхлээд хэрэглэгчдийн нас, орлогын түвшин, зан төлөв гээд олон зүйлээс шалтгаалдаг. Эдгээр улс орнуудын төв банкууд 2 хувийн инфляцийн зорилт тавин ажилладаг. Хөгжиж байгаа улсуудын хувьд арай өөр. Эдийн засаг нь өндөр хөгжилд хараахан хүрээгүй, орлого нэмэгдэхийн хэрээр хэрэглээ нь тэлж буй, мөн зам дэд бүтэц тээвэр ложистикоос хамаарч үнэ хэлбэлзэх тохиолдол ч байдаг, үүнийг дагаад үнийн хэлбэлзэл өндөр, инфляци өндөр байдаг. Манай улсын хувьд бол эдийн засгийн бүтцээсээ хамаараад үнийн хэлбэлзэл өндөр, тухайлбал 2006-2016 оны 10 жилийн дундаж инфляци 10 хувь байдаг. Энэ өндөр, савлагаатай инфляцийг яаж тогтвортой алгуур бага, нам дор түвшинд оруулж ирэх вэ гэдэг нь төв банкны мөнгөний бодлогын зорилт. 8 хувийн зорилт нэг талаас инфляцийг алгуур буулгахаас гадна мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжиж, сэргэлт бий болох орон зайг олгосон бөгөөд өнгөрсөн 3 жилд зорилтоо хангаад явж байна. Цаашид дунд хугацаанд инфляцийг 6 хувьд хүргэнэ гэсэн зорилтыг Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн баримт бичигтээ тусгасан.
1870 –аад оноос хойш сонгуулийн үр дүнгийн талаар хийсэн судлагаануудад санхүү эдийн засгийн хямралын дараа улс төрчдийн популист улс төрчдийн дэмжлэг мэдэгдэхүйц нэмэгдэг байна л даа. Тэгэхээр манайд популист улс төрчдийг дэмжихүйц хэмжээний эдийн засгийн хүндрэл үүссэн байна уу?
Популизмын хөрс нь нийгмийн уур бухимдал байдаг. Хямрал маш олон хүний амьдралд сөргөөр нөлөөлдөг. Нийгмийн уур бухимдал тултал нь өссөн үед үүн дээр нь популистууд тоглолт хийж гарч ирдэг гэсэн ерөнхий зүйл тогтлыг харж болно. Гэхдээ мэдээж тэрхүү бухимдлын суурь шалтгаан шийдэгддэггүй, хүмүүсийн амьдрал сайжирдаггүй. Монгол Улсын хувьд бол эдийн засгийн сэргэлтийн дунд, 2017 оны 1-р улирлаас хойш 12 улирал дараалаад өрхийн бодит орлого өсөлттэй явж байгаа. ДНБ-ийн өсөлт гэдэг ч юм уу макро тоонуудаас гадна хэрэглээн дээр ч эдийн засгийн сэргэлт харагдаж байгаа. Мэдээж нийгмийн багагүй хэсэг ядуурал дунд хүнд амьдарч байгаа ч, гол бухимдал нь хямрал эсвэл эдийн засгийн хүндрэл гэхээсээ шударга ёс гэдэг ч юм уу, арай өөр зүйлтэй холбоотой болов уу.
Бодит орлого гэхээр хүмүүсийн хувьд хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүнүүдийг худалдан авах чадвар нэмэгдэж байна гэж ойлгож болох уу?
Нэрлэсэн орлогын өсөлтөөс инфляцийг хассанаар цаана нь яг бодитой худалдан авах чадвар өссөн үү гэдэг үзүүлэлт гэсэн үг. Монголд эдийн засгийн сүүлийн хүндрэлээр 2014 оны 1 дүгээр улирлаас 2016 оны эцэс хүртэл өрхийн бодит орлого 12 улирал дараалж агшсан. Харин 2017 оны эхнээс өнөөг хүртэл 3 жил дараалан өсөлттэй явж байна. Өөрөөр хэлбэл, нийт 900 мянган өрхийн бодит орлого дунджаар өсөлттэй байгаа нь эерэг үзүүлэлт гэсэн үг. Хэдийгээр орлогын тэгш бус байдлын асуудал бий боловч, эдийн засаг талаасаа айхтар популизмын хөрсийг бүрдүүлэх шалтгаан бүрдээгүй болов уу гэж хувь эдийн засагчийн хувьд үзэж байна.
Нэгдүгээр сар гарснаас хойш Монголбанк 214 орчим сая ам.долларыг валютын захад дуудлага худалдаагаар нийлүүлсэн байна. Өнгөрсөн онтой харьцуулахад энэ дүн 35 орчим хувиар нэмэгдсэн байгаа. Нэмэгдэж байгаа шалтгаан нь юу байна вэ. Хийсвэр хүлээлт байна уу, эсвэл үнэхээр бодит эрэлт байна уу?
Монголбанк эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцгүй, үнийн тогтвортой байдал болон санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй огцом савлагааг намжаах зорилгоор валютын захад оролцдог. Эдийн засгийн суурь нөхцөл гэдэг нь валютын орох гарах урсгал буюу төлбөрийн тэнцэлтэй шууд холбоотой. Төлбөрийн тэнцлийн шинэ тоонууд гарахаар тухайн сард валютын урсгал ямар бэ гэдгийг том зургаар нь харж болно. Эдийн засгийн байдлаа харвал хэдийгээр идэвхжил тодорхой хэмжээнд саарах үйл явц ажиглагдаж байгаа ч фундамент нь тогтвортой хэвээр байгааг санах хэрэгтэй. Зах зээлийн хувьд эдийн засгийн суурь нөхцөл байдалтай нийцгүй богино хугацааны хүлээлтээр өдөөгдсөн хэлбэлзэл, чичиргээ үе үе байдаг. Монголбанкны хувьд өнгөрсөн жилүүдэд 4 тэрбум орчим ам.долларын нөөц хуримтлуулсан тул иймэрхүү хөдөлгөөнүүдийг хязгаарлах орон зайтай гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд гадаад болон дотоод шалтгаантай ханш дээрх шокуудыг зөөлрүүлсээр ч ирсэн.
Валютын ханшийн хөдөлгөөн, инфляцийн түвшин, орлогын түвшинг харьцуулбал, Монгол хүний амьдрал хэр сайжирсан бэ, орлого хэр нэмэгдсэн байна вэ?
Орлогын өсөлт гэдэг зүйлийг бид илүү урт хугацаанд авч үзэх ёстой. 1990 оноос хойш яаж өөрчлөгдсөн бэ, 2000 оноос хойш яаж сайжирсан байна вэ, сүүлийн 10 жилд хэрхэн өөрчлөгдсөн байна вэ гэдгийг харвал маш тодорхой харагдана. Монголд нэг хүнд ногдох үйлдвэрлэлийн хэмжээ 1990 оноос хойш нэрлэсэн дүнгээрээ 10 дахин, бодит дүнгээрээ 3 дахин өссөн байна. Энэ нь ч хүмүүсийн амьдралд, хэрэглээнд тусгалаа олсон нь харагдана.
Нэг жишээ хэлэхэд, 2006 оны нэгдүгээр улирлын байдлаар монгол хүний сарын дундаж цалин 120 мянга орчим төгрөг байсан. Энэ нь 2019 оны эцэст 1 сая 200 мянга орчим болж, 10 дахин нэмэгдсэн байгаа. Энэ хугацаанд төгрөгийн нэрлэсэн ханш ойролцоогоор хоёр дахин суларсан байна. Инфляцийг авч үзвэл хэрэглээний бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ дунджаар 3 дахин өссөн. Энэ хугацаанд орлогын өсөлт ийнхүү үнэ, ханшийн өөрчлөлтөө давсан учраас л хүмүүсийн хэрэглээ, гудамжаар явж байгаа автомашинуудын тоо, чанар зэргээс амьжиргааны түвшний өсөлт шууд харагдаж байгаа. 1990, 2000 он байтугай 10 жилийн өмнөхтэй харьцуулахад ч монголчуудын хэрэглээ, амьжиргаа их өөр болсон нь зардлаа санхүүжүүлэх орлогыг олсны л үр дүн болов уу.
Өнгөрсөн хугацаанд мэдээж ханшийн өөрчлөлт, инфляцийн өөрчлөлтийг давсан хэмжээний орлого бий болж, хүмүүсийн амьдрал сайжирсан байна. Тэгвэл ирэх 10 жилийн хугацаанд бид өнөөгийн эдийн засгийн моделиороо явбал, орлого маань үргэлж инфляци, ханшийн өсөлтийг давж байх боломжтой юу. Эдийн засгийн загвартаа бид хэрхэн анхаарах ёстой вэ?
Өнгөрсөн хугацааны өсөлт нь ерөнхийдөө уул уурхайн их тэлэлтийн нөлөө. Бидний экспортоор олсон валют амьдралд ингэж нөлөөлсөн байна. Дээр нь гадаад зээлээр хэрэглээгээ нэлээд санхүүжүүлсэн. Уул уурхайн хувьд мэдээж хязгаартай. Монгол Улс дэлхийн зах зээл рүү бүтээгдэхүүнээ шууд гаргаж чаддаггүй, хоёр хөршийн зах зээлээс, бодлогоос их хамаардаг. Үүнийг давж экспортолж, валютын орлого олох боломж юу байна вэ гэдгээс их зүйл хамаарна. Дан ганц байгалийн баялаг хязгаартай тул цаашид монгол хүний ур чадвар, бүтээмжийг хэрхэн сайжруулах вэ гэдэгт төвлөрөх шаардлагатай. Цаашид өрийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ валютын нэмэлт орлого хэрхэн олох вэ гэдгээс үнэ ханшийн өөрчлөлт, орлогын өсөлт ихээхэн хамаарна.
Мэдээж хүнийхээ чадварыг сайжруулах шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр ойрын хугацаагаа харвал Монголын эдийн засаг гадны нөлөөллөөс их хамааралтай хэвээр байна. Хятад, Америкийн худалдааны дайн арай нааштайгаар шийдэгдэж байх шиг байна. Үүний нөлөөлөл 2020 онд яаж нэмэгдэх вэ. Энэ нөлөөллийн дунд бид төсвийн ямар бодлого хэрэгжүүлж байж, ирээдүйд мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох, боловсролын салбараа дэмжих вэ?
Нийт төсөвт боловсролын салбарын эзлэх хувь хэмжээ тийм ч бага биш. Гэхдээ боловсролд зарцуулж байгаа төсвийн хөрөнгө нэг хүнд ногдох дүнгээрээ бага. Цөөн хүн амтай учраас татварын орлогын дүн нь өөрөө бага. Үүнийгээ хүн амдаа хуваахаар нэг сурагчид зарцуулж байгаа мөнгөн дүн хангалтгүй, нэг багшид өгч байгаа цалингийн хэмжээ хангалтгүй байна гэж харагддаг. Иймд энэ бага санхүүгийн нөөцийг зарцуулалахдаа үнэхээр 21 дүгээр зууны өндөр мэдлэгтэй монгол хүнийг бий болгоход чиглэж байна уу, эсвэл харьцангуй шаардлага багатай үр ашиггүй зарцуулалт болоод дуусч байна уу, үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй.
Эх сурвалж: Блүүмбэрг ТВ
Үзэл бодол
Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Оросын Шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-ийн баруун талд орон сууцны барилга барих асуудлыг тухайн орчмын оршин суугчид эсэргүүцэж байна. Тухайн орчимд ногоон байгууламж барих хүсэлтийг иргэд 10 гаруй жилийн турш холбогдох газруудад өгөөд байгаа боловч одоо болтол шийдэгдээгүй. Гурван аж ахуйн нэгжийн газарт маргаан үүсэж, орон сууцны барилга эхлүүлэх тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрт үндэслэн олгосон байна. Тиймээс нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр барилга барьж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, ногоон байгууламж бариулах иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх талаас нь өнөөдөр байршил дээр нь ажиллалаа.
Энэ үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Эс энд ви юу” ХХК РЦНК-ийн баруун талд цэцэрлэг, спорт цогцолбор бүхий 22 давхар орон сууцны барилга барих зохих ёсны зөвшөөрөл загвар зургийг 2022 онд батлуулж байжээ. Гэтэл иргэдийн зүгээс уг байршилд ногоон байгууламж бариулах хүсэлтэй байгаа. Шүүхийн маргаан 2025 оны долоодугаар сард эцэслэгдэж, барилга эхлүүлэх зөвшөөрлийг Хот байгуулалт, хотын стандартын газраас өгөөд удаагүй байна. Тиймээс хувийн аж ахуйн нэгжийг ч иргэдийг ч хохироогүй байх талаас нь зөвшилцөл хийхээр бид ирээд байна. Зөвшилцөл хийхдээ газрыг газраар шилжүүлэн олгох зорилт тавьж байна. Газрын маргаантай, иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудалд бидний зүгээс 10 орчим байршилд газрыг газраар шилжүүлж асуудал шийдвэрлэсэн байдаг. Энэ мэт байдлаар асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна” гэв.
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр төр иргэдийн хүсэлтийг сонсох үүрэгтэй. Гэвч зохих зөвшөөрөлтэй хувийн аж ахуйн нэгжийг ч хохироохгүй байх үүднээс асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ.
Үзэл бодол
Артерийн судсаар химий тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
БНХАУ-ын Гуанжоу хотод байрлах “Modern Cancer Hospital Guangzhou” буюу Гуанжоугийн орчин үеийн хавдрын эмнэлгийн Интервенцийн эмчилгээний тасгийн эмч Бан Жун Хуатай ярилцлаа. Дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд хавдрын 18-20 төрлийн эмчилгээг санал болгодог болсон. Түүний нэг нь химийн эмчилгээ. Гэхдээ химийн эмчилгээг маш нарийн мэс заслын аргаар, хавдрын голомт руу чиглэсэн байдлаар хийдэг болоод байгаа юм.
-Та өөрийгөө танилцуулаач, хими эмчилгээний чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ?
-Сайн байцгаана уу, би Гуанжоугийн Орчин үеийн эмнэлгийн Интервенцийн эмчилгээний тасгийн эмч Бан Жун Хуа байна. Би энэ салбарт 25 гаруй жил ажилласан туршлагатай. Харин хавдрын Интервенцийн эмчилгээгээр сүүлийн 15 жилийн турш ажиллаж байна. Манай эмчилгээний аргыг сонгосон нийт өвчтөний тоо 20 мянгаас давсан бөгөөд хүний биеийн бүх хэсгийн хавдрын эмчилгээг хийж ирсэн. Бид олон жилийн турш хавдрын эмчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай.
-Химийн эмчилгээг нарийн судсаар биш бичил мэс заслын аргаар, артерын судсаар хийхэд сөрөг нөлөө бий юу?
-Интервенцийн эмчилгээ нь 40–60 жилийн түүхтэй. Манай эмнэлэг байгуулагдсан цагаасаа хойш энэ технологийг ашигласан байдаг. Энэ нь бүрэн боловсорсон, найдвартай эмчилгээний арга тул ямар нэг сөрөг үр дагавар байхгүй, санаа зовохгүй байж болно. Энэхүү эмчилгээ нь дүрс оношлогооны төхөөрөмжийн тусламжтайгаар удирдан чиглүүлж, зүү эсвэл катетер ашиглан хавдрын байршилд маш нарийвчлалтай хүрч очин шаардлагатай эмчилгээг хийдэг. Манай Интервенцийн эмчилгээ нь артерийн судсаар дамжин орж, хавдарт цусан хангамж өгдөг судсыг олж илрүүлээд, өндөр тунгаар хими эмийг яг тэр судас руу нь тарьж өгдөг гэдгээрээ давуу талтай.
-Эмчилгээний үр дүн нарийн судсаар химийн тариа хийж эмчилснээс илүү гэж ойлголоо. Энэ талаар та дэлгэрэнгүй тайлбарлаач?
-Артерийн судсаар дамжуулан өгөх эмийн концентраци буюу хавдар руу чиглэсэн нөлөөлөл нь венийн судсаар тарьдаг уламжлалт аргынхаас 10 дахин өндөр байдаг. Энэ нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог. Хэрвээ тухайн судсанд тохирсон нөхцөл байвал бид хавдрын цусан хангамжийг хаах эмчилгээ болох судас боох буюу эмболизаци аргыг ашиглах боломжтой. Ерөнхийдөө хавдрын эмчилгээнд эм хийх хоёр зам бий. Уламжлалт арга бол венийн судсаар хийх. Харин бид артерийн судсаар дамжуулан хийх аргыг ашигладаг юм. Артерийн судсаар хийх арга нь дараах хэд хэдэн давуу талтай.
Нэгдүгээрт, Хавдарт маш нарийн чиглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хавдрын бүсэд эмийн концентраци маш өндөр байхад, эргэн тойрон дахь эрүүл эдүүдэд эмийн концентраци харьцангуй бага байдаг. Иймээс зорилтот хэсэгт өндөр тунтай эмийн нөлөө үзүүлэх боломжтой бөгөөд энэ нь хавдрын эмчилгээнд маш их үр дүнтэй байдаг.
Хоёрдугаарт, артерийн судсаар хийх хими нь мөн бүтэн биеийн хими эмчилгээний үйлчилгээг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, венийн судсаар өгдөг уламжлалт аргын үр нөлөөг давхар үзүүлдэг гэсэн үг.
Гуравдугаарт, энэ арга нь дархлааны системд үзүүлэх сөрөг нөлөө бага, богино хугацаанд хязгаарлагддаг. Мөн артерийн аргаар хийх хими эмчилгээ нь судасны гэмтэл бараг үүсгэдэггүй. Хэрвээ гэмтэл гарсан ч гэсэн энэ нь хавдрыг тэжээж буй судсанд хамаарах тул хавдарт цусан хангамж багасах нь эмчилгээний үр дүнг сайжруулна.
Нарийн судсаар эм хийх үед ихэвчлэн гаднах, өнгөц байрлалтай судаснууд гэмтэл авах магадлалтай байдаг. Тиймээс төв судсанд гуурс тавьсны дараа эмийг хийх шаардлагатай болдог. Энэ нь мөн адил бага зэргийн инвазив буюу жижиг хэмжээний мэс ажилбар юм. Манай артерийн замаар хийх эмчилгээтэй адилхан бөгөөд үндсэн ялгаа төдийлөн байхгүй.
-Артерийн судсаар хийх хими эмчилгээг бүхий л төрлийн хорт хавдрын үед ашиглах боломжтой юу. Байрлалаасаа хамаараад хийх боломжгүй байх тохиолдол бий юу?
-Биеийн бүх хэсгийн хорт хавдарт артерийн судсаар хүрсэн тохиолдолд бид эмчилгээ хийх боломжтой байдаг нь нэг давуу талтай. Нарийн судсаар хийх эмчилгээнээс давуу талтай өөр нэг зүйлийг хэлье. Хэрвээ артерийн замаар эм хийсний дараа хэрэв тухайн үед бөглөлт хийхэд тохиромжтой судас байвал бид тэр судсуудыг боож, эмболизаци хийж чаддаг. Ингэснээр хавдрын цусны хангамжийг тасалдуулж чаддаг юм.
-Танай эмнэлэгт хийж байгаа химийн тарианы чанарын талаар та юу хэлэх вэ?
-Дэлхий даяар ашигладаг, хамгийн чанартай эмнүүдийг бид эмчилгээндээ хэрэглэдэг. Хэрэв өвчтөн шаардлагатай гэж үзвэл гадаадаас импортолсон эмийг ч хэрэглэж болно. Эсвэл Хятадад үйлдвэрлэсэн дотоодын эмийг ч ашиглаж болно. Аль аль нь чанарын баталгаатай бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Эдгээр эмүүд нь холбогдох зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэгдсэн бөгөөд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, эмчилгээний зориулалтаар нийлүүлэгддэг.
Гэхдээ тухайн өвчтөн бүрийн эмчилгээний төлөвлөгөө нь Хятадад ирснийх нь дараа тодорхой болдог. Бид өвчтөн бүрийн онцлогт тохируулсан, хувийн буюу индивидуалчлагдсан эмчилгээний горим боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн биеийн байдлаас шалтгаалан зөвхөн түүнд тохирсон эмчилгээний хувийн төлөвлөгөө гаргадаг юм. Эмийн чанар, технологийн дэвшил бол аль батлагдсан, боловсронгуй болсон. Өвчтөнд яаж нөлөөлөх, үр дүн гарах нь эмчийн ур чадвар, туршлагаас хамаардаг гэдгийг энд зориуд дурьдаж хэлье.
-Дэлхий дээр химийн эмчилгээтэй холбоотой шинэ аргууд ойрын үед нэвтрэх үү. Магадгүй Хятад улсад ч юм уу тийм туршилт хийж байгаа, шинэ эмчилгээ нэвтрүүлэх гэж байгаа талаар мэдээлэл байна уу?
-Шинэ төрлийн хими эмчилгээний эмүүд гарч ирж магадгүй. Гэхдээ одоогийн энэ технологи бол аль хэдийнэ батлагдсан, тогтсон арга юм. Та мэс заслыг жишээ болгож бодоход, аль хэсэгт хийх вэ гэвэл биеийн аль ч хэсэгт хийх боломжтой шүү дээ. Энэ л зарчим юм. Өөрөөр хэлбэл, шинэ төрлийн судас боох буюу бөглөх материалууд болон шинэ хими эмчилгээний эмүүд дээр голчлон судалгаа хийгдэж байна. Мэдээжийн хэрэг, энэ чиглэлд ахиц дэвшил гарна. Учир нь дэлхийн шинжлэх ухаан, технологи тасралтгүй хөгжиж байгаа учраас анагаах ухааны чиглэлийн дэвшлүүд ч мөн адил уялдаа холбоотойгоор хөгжиж байна.
Үзэл бодол
Ж.Чинбүрэн: 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллох хувь 2023 онд 6.9 хувиар буурсан байна
“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 Хоног” үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2017, 2023 онд хийсэн Хүн амын хоол тэжээлийн V, VI үндэсний судалгааны дүнгээс харахад Хүүхдийг төрсний дараа 1 цагийн дотор ангир уураг амлуулах үзүүлэлт 2017 онд 83.7 хувь, 2023 онд 87.4 хувь болж, 3.7 хувиар өссөн.
Эхийн сүүгээр 6 сар дагнан хооллох хувь 2017 онд 58.3 хувь, 2023 онд 59.8 хувь болж 1.5 хувиар нэмэгдсэн боловч, 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллох хувь 2017 онд 47.3 хувь байсан бол 2023 онд 40.4 хувь болж 6.9 хувиар буурсан байна.
Хөхөөр хооллолтын зөвлөх эмч Х.Мөнгөнцэцэг: Хөхөөр хооллолт бол хүүхэддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Хүүхдээ төрүүлээд эхний зургаан сард заавал хөхөөр хооллоод, хамгийн багадаа хоёр нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлэх нь зөвхөн тухайн хүүхдийн хүүхэд насанд бус, өсвөр үе, насанд хүрсэн үед ч насан туршийн эрүүл мэндийн суурь болдог.
АУ-ны доктор, клиникийн профессор, Зинт клиникийн хүүхдийн эмч Т.Навчаа Хүүхдийг 2 нас хүртэл нь эхийн сүүгээр хооллосноор IQ чансааг нь 3-4 оноогоор дээшлүүлдэг. Мөн ээжийн таргалалт, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэх мэт олон ач холбогдолтой. Ээж нь хүүхдээ хөхүүлэх тусам өндгөвч, хөхний хорт хавдраас өөрийгөө хамгаалж байдаг.
Дэлхийн улс орнууд 1992 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жилийн уриа бол: “Нэн тэргүүнд эхийн сүүгээр хооллолт тогтвортой дэмжлэгт орчинг бүрдүүлье” бөгөөд 170 гаруй улс энэ өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
-
Цаг үе2020/04/07
БНСУ-д коронавирусний шинжилгээ хийх эмнэлгүүдийн мэдээлэл
-
Шударга мэдээ2022/05/04
Хотын дарга бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх тухай захирамж гаргалаа
-
Шударга мэдээ2021/09/14
Герман Улсад мэргэшсэн боловсон хүчин бэлтгэнэ
-
Улстөр нийгэм2019/10/01
Монголд баригдах газрын тосны үйлдвэрт 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлэ...