Шударга мэдээ
Иргэд хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой боллоо
Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төр, хувийн хэвшлийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний зардлын тарифийн ялгааг үе шаттайгаар арилгаж ижил түвшинд хүргэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж томоохон өөрчлөлт хийлээ.
Ингэхдээ Эрүүл Мэндийн Яам, Сангийн яам, Азийн хөгжлийн банк мэргэжлийн судлаачидтай хамтран ажиллаж эрүүл мэндийн байгууллагуудын оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг нэгтгэн хийсэн судалгааны дүнд үндэслэн оношийн хамааралтай бүлэг, суурь тарифын холбогдох өөрчлөлтийг хийж ЭМДҮЗ-өөр шинэчлэн батлуулсан.
Даатгуулагчид улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300,000 төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлдэг байсан бол 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 400.000 төгрөгийн хөнгөлөлт авах боллоо.
Харин хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэхдээ 175.000 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол одоо Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээ 225.000 төгрөгөөр нэмэгдэж 400.000 төгрөг болж улсын эмнэлэгийнхтэй ижил болсон.
Ингэснээр даатгуулагчид маань зөвхөн улсын эмнэлгийн орны оочер дараалал хүлээх шаардлага багасч хувийн эмнэлгүүдээс сонгон цаг алдалгүй хэвтэн эмчлүүлж эрүүлжих илүү боломж нээгдлээ.
Мөн эрүүл мэндийн байгууллагуудад даатгуулагчдад уламжлалт эмчилгээ, сувиллын тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 110.000-117.000 төгрөг олгодог байсан бол хоёрдугаар сарын 1-нээс бас нэмэгдэж тусламж үйлчилгээ тус бүрт 250.000 төгрөг олгож байх боллоо.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага энэхүү тогтоолыг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эдгээр тусламж үйлчилгээг үзүүлэх гэрээ байгуулсан улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудад тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй, цогц үзүүлэхэд онцгой анхаарах, хяналтыг сайжруулах, тусламж, үйлчилгээний өртгийг үндэслэлгүй нэмэгдүүлэхгүй байх талаар чиглэл хүргүүллээ.
Эх сурвалж: ЭМДЕГ
Шударга мэдээ
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.
Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.
2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
-
Улстөр нийгэм2023/10/24
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2024/02/26
Зудын байдалд үнэлгээ хийхэд 13 аймгийн 58 суманд мөсөн зудын нөхцөл бүрджээ
-
Улстөр нийгэм2023/08/21
Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулган өнөөдөр болно
-
Шударга мэдээ2026/05/21
“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэ...
