Цаг үе
Их Петрийн гайхамшигт хотоор...
Хойд Венец, усан оргилуурын хот Хойд Пальмир, цагаан шөнийн хот... Энэ бүгд нь Санкт-Петербургийн тухай юм. Энэ хот бусад хотуудаас ялгаатай нь олон яруу найргийн нэртэй. Энэ нь шударга юм, яагаад гэвэл Санкт-Петербург бол Европын хамгийн үзэсгэлэнтэй сайхан хотуудын нэг билээ. Энэ хотын олон уран барилгууд НҮБ-ын Дэлхийн соёлын өвийн жагсаалтад орсон юм.

Гурван зуун жилийн түүхэндээ Санкт-Петербург хот нэлээд хэдэн нэр сольжээ. 1917 оны Октябрийн хувьсгалын дараа хотын нэрийг Петроград гэж сольжээ, дараа нь Ленинград нэртэй болсон, харин 1991 оноос хот анхныхаа Санкт-Петербург нэрээр нэрлэгдэх болсон юм. 18-19-р зууны үед оросын хаадууд энэ хотод амьдрах болсон үеэс Санкт-Петербург нь орд харшуудын хот болсон юм. Хожим нь эдгээр орд харшууд нь олон музей, концертын танхимууд болж хувирсан бөгөөд заримуудад нь улсын байгууллагууд байрладаг юм.
Оросын соён гэгээрүүлэгч, шинэчлэгч аугаа I Петр хааны ордон бусдаасаа ялгаатай аж. Хоёр давхар даруухан байшинг харахад энэ нь оросын агуу их хааны ордон гэж хэлэхэд бэрх бөгөөд тэр үеийн жирийн нэг дундаж түшмэлийн амьдардаг байшин гэлтэй. Уг барилга Зуны цэцэрлэгийн өндөр моднуудын дунд ялгарч үл харагдана. Гэхдээ оросуудын ярьдгаар, алт бага ч, үнэ ихтэй гэдэг юм.

Ордны гадна талын гантиг чулуугаар товойлгон чимсэн гоёл чимэг өвөрмөц сайхан төдийгүй Орос-Шведийн Хойд дайны үйл явдлыг дүрслэн харуулжээ. Орох хаалган дээр олон тооны туг болон ангийн олзворуудын дунд Римийн мэргэн ухааны бурхныг дүрслэн харуулжээ. Ордны дотор талд тухайн үеийн урчуудын уран хийц бахдал төрүүлэх бөгөөд үнэт модоор доторлосон хана туурга, нарийн цэмцгэр хийцтэй тавилга, таазны засал чимэглэл болон гайхамшигтай модон шал зэрэг нь энд ирсэн хэн бүхний сэтгэлд гойд нийцэх аж. Гэхдээ Ордон хэдий сайхан ч, хүчирхэг улсын хааны ордон гэхэд нэг л сүргүй байв. Харин хожим баригдсан Өвлийн Ордон үүнийг орлож чадсан юм.
Энэ бол Санкт-Петербургийн түүхэн төвийн Дворцовая площадь /Ордны талбай/-д орших маш том гайхамшигтай уран барилгын цогцолбор юм. Ордны гадна талын Цагаан чулуун баганууд, ханан дээрх оюу цэнхэр өнгийн сүлжмэл хээ хуар болон эртний уран баримлууд үлэмж сайхан. Оросын нэрт утга зохиол шүүмжлэгч Белинский Өвлийн Ордныг “уран барилгын яруу найргийн үлгэр” гэж нэрлэсэн нь учиртай. Ордны цар хэмжээний тухай төсөөлөл авахын тулд байшинг тойрч үзэх хэрэгтэй. Харин ингэж явахад бүтэн нэг цаг шаардагдана.

Мянга гаруй танхим, тасалгаа нь хааны гэр бүлийн өдөр бүр зохион явуулж байсан дээдсийн бүжгийн түүхэн гэрчүүд юм. Ням гаригийн үдэш ордны бүх 1945 цонхны цаана олон зуун лааны гэрэл асна. Дашрамд хэлэхэд, хааны ордны хоёрдугаар давхарт, хүндэтгэлийн танхимууд болон хааны гэр бүлийн амралтын өрөөнүүд байсан бөгөөд нэгдүгээр давхраас илүү олон цонхтой байжээ. Цонх бүрийн нүх өөрийн өвөрмөц чимэглэлтэй, арслангийн баг болон эрэгтэй, эмэгтэй хүний цэргийн дуулгатай толгойг дүрсэлсэн байжээ. Дээвэр дээрх сүр жавхлантай баримлууд нь намхан Питерийн тэнгэрийг баганадах мэт санагдана.

Аугаа их II Екатерина хатан хааны үед франц хэлнээс “ганцаараа үлдэх булан” гэж орчуулагдах Эрмитажийн мухрын танхимуудыг байгуулж, тэнд өрнөдийн зураачдын хааны гэр бүлийнхний хөрөг зургийн цуглуулгыг байрлуулжээ. Эрмитажид хаадууд болон тэдний ойр дотнын хүмүүс л орох эрхтэй байв. “Эдгээр эрхэм дээж бүтээлүүдийг миний хамт хулганууд л таашаана даа”гэж II Екатерина хатан хаан онгирдог байв. Эрмитажийн соёлын хосгүй цуглуулга нь Орос улсын бахархал юм. Дэлхийн хамгийн баян музейнүүдийн нэг болох энэ музейд нэртэй уран зургууд, уран баримлууд, үнэтэй сав суулга, гоёл чимэглэлийн болон бусад олон үнэт зүйлс хадгалагддаг юм.

Бид Санкт-Петебург хотоор хийх аяллаа үргэлжлүүлж байна. Дворцовая площадь талбайгаас холгүй “Утга зохиолын кафе” байдаг юм. Их зохиолч Александр Сергеевич Пушкин ийшээ олонтоо ирдэг байжээ. Энд аяга цай ууж, амтат бялуу идэх зуураа оросын агуу их зохиолчид: Белинский, Достоевский, Чернышевский нар зохиол бүтээлийнхээ шинэ санааг олж авч байжээ. “Утга зохиолын кафед” орос ардын үндэсний хоолны нэрд гарсан цэсийг санал болгоно. Энд өдөр бүр амьд сонгодог хөгжим тоглож, хүссэн хүнд хуучин пянз тоглуулагчаар романс сонсгох боломжтой юм.

Санкт-Петербургээс 25 км зайтай их зохиолч Пушкины нэртэй жижигхэн хот байдаг юм. Ийшээ чиглэлийн такси, автобус юм уу, төмөр замаар ирж болно. Өмнө нь энд Оросын хаадын хотын гаднах харшийн ордон байсан бөгөөд Царское село буюу хааны тосгон гэж нэрлэгджээ. 1937 онд эндхийн нэрийг сольж их найрагчийн нас барсны 100 жилийн ойд Пушкин гэж нэрлэжээ. Бодлогошронгуй зогсох найрагчийн уран баримал тус хот руу ирэх зочдыг тосон угтана. Найрагчийн бас нэгэн хөшөө Царское село дахь түүний сурч байсан сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд байдаг юм.

Царское Село хотхоны овоо нь дээр орших үлгэрийн юм шиг нэгэн сайхан цайз бол Екатеринагийн ордон юм. Гялалзан харагдах алтан хана туурга нь байнга амьдралын эрч хүчийг гэрэлтүүлнэ. Екатерины ордны Янтарная комната буюу Хуван өргөө үзэгчдийн сонирхлыг гойд их татдаг юм. 17 дугаар зуунд европын урчууд I Петр хаанд хуваар тоноглосон Хуван өргөөг байгуулж бэлэглэсэн нь Екатерины ордны хамгийн гол үзмэр болсон юм.
Дэлхийн II Дайны үед өргөө нь ор сураггүй алга болсон бөгөөд өнөөг хүртэл олдоогүй юм. Санкт-Петербург хотын 300 жилийн ойд өргөөг эх орны сэргээн засварлагчид бүрэн сэргээсэн. Екатерины ордны бас нэгэн гайхамшиг бол Хятадын зочны цэнхэр өргөө юм. Эндхийн хана туургыг хятадын сайн чанарын нарийн торгон дээр зурж өнгөлжээ.
Жил бүр Пушкин хотод хэдэн зуун зочид гийчид ирдэг. Тэд хоноглохоор хааны ордны зэргэлдээ орших зочид буудалд байрладаг. Цонхоор харагдах Екатерины ордон болон түүнийг тойрсон хосгүй цэцэрлэг нүд баясгана.
![]()
Санкт-Петербургийн орчимд хааны бас нэгэн гайхамшигтай сайхан ордон байдаг юм. Энэ бол Петергоф. Петергоф харшийн Ордон нь эхнээсээ энд ирсэн хүмүүсийн анхаарлыг татахын тулд баригдсан гэлтэй. Үүднээсээ тухайн үеийн бэлгэдэл болсон алтадмал уран баримлууд тосно. Таазан дахь хосгүй уран зургуудын дундаас хатан хаан Елизавета Хавар авхайн дүрд хувиран, ирсэн зочдыг шатаар дээш гарахыг урих мэт ширтэнэ. Дээр хүндэтгэлийн танхим байрлана. Энэ танхимд нэртэй худалдаачдыг хүлээж авдаг байжээ. Петергофын их танхим нь түүхийн хосгүй музей гэж тооцогддог бөгөөд эндхийн цуглуулгад 3500 гаруй үзмэр байдаг юм. Энэ бол тэр үеийн эздийн сонирхолд нийцэж байсан тавилга, уран зураг, даавууны төрөл зүйлүүд байсан юм.

Петергоф нь усан оргилуурын нийслэл гэдгээрээ алдартай. Үүднээс эхлээд ордны бүхий л нутаг дэвсгэр дээрх олон сайхан, үзэсгэлэнтэй цуврал усан оргилуурууд ирсэн хүмүүсийн анхаарлыг гойд ихээр татна. Петергофын усан оргилуурууд тавдугаар сарын эхэн үеэс есдүгээр сарын турш ажилладаг. Усан оргилууруудыг 17:00 цагт хаадаг бөгөөд амралтын өдрүүдэд нэг цаг сунгаж ажиллуулдаг.

Уламжлал ёсоор 9 дүгээр сарын дундуур Петергофын их Ордонд лазерын гэрэл болон хөгжмийг ашиглаж хувцасны загварын шоу тоглолтыг зохион явуулдаг. Зохион байгуулагчид баярт зориулсан хөтөлбөрийг байнга шинэчлэн зохиодог. Энэ жил Петергофд германы их зохиолчид - ах дүү Гриммын үлгэрээр хийсэн гэрлийн шоуг зохион явуулна. Тоглолтын дараа усан оргилуурууд дараа жилийн хавар хүртэл унтана.
Санкт-Петербургтэй танилцахдаа яаран үзэхийн огт хэрэггүй юм. Хотын түүхэн дурсгалт газруудаар явахдаа энэхүү хотын ер бусын давтагдашгүй сайхнаар сэтгэл оюунаа баясган, цааш явах гэж бүү яараарай. Ялангуяа, нар бараг жаргадаггүй 6-р сарын эхэн үеэр айлчлах цагаан шөнийн Санкт-Петербург хотоор зугаалах нь тун сайхан.






Цаг үе
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс АНУ-ын Флоридагийн их сургууль, Монгол Улсын ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монгол оронд тархсан зарим зооноз өвчний үүсгэгчид, тэдгээрийн дамжуулагч болон агуулагч амьтдын тархалт, эктопаразитуудын акарицидын эсрэг мэдрэг чанарын судалгаа” төслийн хүрээнд хээрийн судалгааг амжилттай зохион байгууллаа.
Судалгааг 2026 оны дөрөвдүгээр сарын 13-26-ны хооронд Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн байна.
Судалгааны багт ЗӨСҮТ, АНУ-ын Флоридагийн их сургууль, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн судлаачид болон Баянхонгор, Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүдийн мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.
Судалгааны явцад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Өлзийт, мөн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Нарийнтээл, Тарагт, Уянга сумдын нутаг дэвсгэрт нийт 25 цэгт тандалт хийж ажиллав.
Haemaphysalis төрлийн хачгийн тархалтыг нарийвчлан тогтоох, амьдрах орчны онцлогийг тодруулах зорилгоор дээж цуглуулж, хачиг илэрсэн байршлуудын солбилцлыг GPS багажаар баталгаажуулан газарзүйн мэдээллийн систем (GIS)-д бүртгэн мэдээллийн сан бүрдүүллээ.
Судалгааны үр дүнд Баянхонгор, Өвөрхангай аймгуудын хачгийн зүйлийн бүрдэл, тархалтын зураглалыг шинэчилж, хачгаар дамжих халдварын эрсдэлтэй бүс нутгийг илүү нарийвчлан тодорхойлох боломж бүрдэж байна.
Хамтарсан тандалт, судалгааны хүрээнд мэргэжилтнүүд харилцан туршлага солилцож, багаар ажиллах ур чадвараа бэхжүүлсэн нь онцлох үр дүн боллоо гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг байсан. Тэгвэл 2026 оны тавдугаар сарын 2-ноос эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлж байна.
Мөн дамжин суухын тулд автобуснаас буухдаа картаа дахиж дарах шаардлагагүй боллоо. Нэг төхөөрөмжтэй болсноор иргэдэд хялбар, ойлгомжтой байна.
Зорчигч та дараах боломжуудаас өөртөө тохируулан ашиглаарай.
- UB card аппликейшн ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та QR ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та зориулалтын картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар авч төлбөрөө төлөх боломжтой бөгөөд тасалбар тухайн өдөр хүчинтэй,
- Та бүх банкны картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой юм.
Картаа хэрхэн цэнэглэх вэ?
- UB Card аппликейшнийг ашиглаж хуучин UMoney картаа цэнэглэх боломжтой.
- Toki, Monpay, SocialPay зэрэг аппликейшн ашиглан цэнэглэлт хийх боломжтой.
Зорчигч та бүхэн санал хүсэлт, мэдээллээ ажлын 08:00-17:30 цагийн хооронд 70151289 дугаарт өгнө үү.
Цаг үе
Нэн ховор амьтны жагсаалтад орсон “Монгол бөхөн”
Их мөстлөгөөс амьд үлдсэн бөхөн Монголын говь нутагт л байдаг. Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний амьтан.
Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил говийн гайхамшигт зургаан амьтдын нэг юм.
Монгол бөхөн мөстлөгийн эрин үеэс устаагүй үлдсэн, зөвхөн Монголд байдаг, дэлхийд гайхагдсан цорын ганц эртний эрмэл амьтан юм. “Бөхөн” бол татар гаралтай үг. Бөгтийн хатирч цагт 80-90 километр цагийн хурдтай давхидаг тул бөгтөр бөхөн гэсэн нэр хайрлажээ.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/297, 360 дугаар тушаалаар “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар зохицуулсан тул иргэн та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас уриалж байна.
-
Улстөр нийгэм2022/06/29
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн бат...
-
Улстөр нийгэм2020/03/27
ШУУРХАЙ МЭДЭЭ: Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрүүд
-
Цаг үе2020/06/27
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
-
Үзэл бодол2022/01/28
Төрийн банк “Цахимаар золгоё” үйлчилгээг санал болгож байна
