Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ

Огноо:

,

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав.

Монгол Улсын эрчим хүчний салбарын хараат бус байдлыг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг урт хугацаанд олон талын оролцоотой ажлууд хийхээр зорьж байгааг сайд Б.Найдалаа энэ үеэр тэмдэглээд, хамтын ажиллагааг өргөжүүлэх ихээхэн боломжтойг тодотгов.

Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Туркийн хувийн хэвшлийнхний тоо нэмэгдэж буй бөгөөд манай улсыг сэргээгдэх эрчим хүчний асар их боломжтой хэмээн үзэж байгаагаа Элчин сайд Башак Гэнч Юксэл онцолсон юм. Сүүлийн жилүүдэд тус улс сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэхэд ихээхэн амжилт гаргасан байна. Одоогоор эрчим хүчнийхээ 60 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авч буй аж. Иймээс эл салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг илэрхийллээ.

Эрчим хүчний салбарын шинэчлэлийг богино хугацаанд хийсэн туршлага нь монголчуудын анхаарлыг ихээхэн татдагийг Б.Найдалаа сайд тодотгоод, “Гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад өмнөхөөс илүү нээлттэй байхыг зорьж байгаа” гэв. Турк улсын Засгийн газрын зүгээс, эсвэл хувийн хэвшилтэйгээ хамтраад Монголд төсөл хэрэгжүүлэх талаар судлахыг хүсээд, эрчим хүчний салбарын боловсон хүчин бэлтгэх, дахин сургах, дадлагажуулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд богино хугацаанд ахиц гаргасан туршлагаас нь судлах зэргээр хамтран ажиллах саналтай байгаагаа мөн илэрхийллээ.

Нар, салхи, усны эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр бүс нутагтаа тэргүүлэгч тус улсын “Туркийн тэтгэлэг” (“Türkiye Bursları”) хөтөлбөрөөр дамжуулан монгол залуус шилдэг их, дээд сургуулиудад нь эрчим хүчний инженерчлэл, цахилгаан холбооны чиглэлээр суралцаж байгаа юм. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) нь Монголын эрчим хүчний салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулдаг гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

Огноо:

,

Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд хяналт тавих чадавхыг бэхжүүлэх Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлт боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тус арга хэмжээнд оролцох үеэрээ Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн хүчин чадлыг ашиглан дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг үүрэг болголоо.

Монголд эмчийн чадвар биш эмийн чанар дутагддагийг шийдвэрлэхийн тулд эмийн чанар, хуурамч болон стандарт бус эм үйлдвэрлэл, нийлүүлэлтээр Хянан шалгах түр хороог санаачилж, үндэсний лавлагаа лабораторийг чадавхжуулах асуудлыг УИХ -ын гишүүнээр ажиллаж байх үеэсээ хөндөж, анхаарч ирсний үр дүн өнөөдөр бодитоор гарч, лаборатори ашиглалтад орж буйд баяртай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Дотоодод үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирдэг зарим эм чанарын шаардлага хангахгүй, эмийн үйлчилгээ сул, манай лабораториуд хянаж чадахгүйгээс үйлчлүүлэгч эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог нь нууц биш. Цаашид, Монгол Улсын Засгийн газар ард иргэдээ чанарын шаардлага хангаагүй эмийн эрсдэлээс хамгаалах зорилтыг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлнэ гэдгийг онцлов.

Тус лабораторийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх лаборатори болгон хөгжүүлэхийн тулд хүний нөөцийг бэлдэж сургахад өнөөдрөөс анхаарах ёстойг Ерөнхий сайд тэмдэглээд шаардлагатай төсвийг шийдвэрлэж ажиллана гэв.

Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори бол Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагааны тод жишээ гэдгийг талууд онцолж байлаа.

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн Захирал Доктор Саиа Ма’у Пиукала “Бага болон дунд орлоготой орнуудад ашиглагдаж буй 10 эм тутмын нэг нь стандартын шаардлага хангаагүй эсвэл хуурамч байгаа нь хүний амь насанд аюул учруулж байна. Хүчирхэг лаборатори зүгээр нэг барилга байгууламж биш. Чанартай эм нүдэнд харагддаггүй ч үр нөлөө нь эрүүл саруул амьдрал, эдгэрсэн өвчтөн, элэг бүтэн үлдсэн гэр бүлд мэдрэгддэг. Энэхүү лаборатори нь тэр үр нөлөөг баталгаажууллаа. Та бүхэн зөвхөн лаборатори бариагүй. Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө үнэт өвийг бүтээлээ” гэлээ.

 

Лаборатори ашиглалтад орсноор шинжилгээний хүчин чадал нэмэгдэж, жилд 4000–5000 дээжид шинжилгээ хийх боломж бүрдлээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг олон улсын шаардлагад нийцүүлэх чадавх бэхжиж, зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүнд хяналт тавина. Иргэд чанартай, аюулгүй, үр нөлөөтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хангагдана гэж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ.

Тус лабораторийг Дэлхийн банкны санхүүжилтээр шинэчлэн байгуулж ашиглалтад оруулжээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Сэлэнгэ аймагт эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ

Огноо:

,

Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжүүлж, бодит үр дүнд хүрээд байна.

Аймгийн хэмжээнд 2017 оны тооллогоор 3,635 га, 2018-2025 онд 1,609.56 га буюу нийт 5,244.56 га талбай эвдэрсэн гэж бүртгэгдсэн бөгөөд нөхөн сэргээлтийн ажлын дийлэнхийг Ерөө, Хүдэр, Баянгол сумдад хэрэгжүүлжээ.

2020-2025 онд нийт 4,817.71 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Үүнээс 4,082 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэн өгснөөр нийт эвдэрсэн газрын 78 орчим хувийг нөхөн сэргээжээ.

Нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлж, уул уурхайн компаниудын хариуцлагыг дээшлүүлэн ажилласны үр дүнд эвдэрсэн газрын хэмжээ буурч, байгаль орчны доройтлыг сааруулахад бодит ахиц гарч байна. Ялангуяа нөхөн сэргээлтийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийн оролцоо энэхүү үр дүнд чухал хувь нэмэр оруулсан байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хот нь уулсаар хүрээлэгдсэн газарзүйн онцлогтой тул богино хугацаанд орсон ширүүн аадар борооны улмаас уулын ам, гуу жалга дагуу уруйн үер буух өндөр эрсдэлтэй байдаг. Ийм төрлийн үер нь ихэвчлэн ердөө 20-30 минутын дотор үүсэж, хүчтэй урсан өнгөрдөг бөгөөд урсгалын хүч нь хүн төдийгүй автомашин, гэр сууц, чанар муутай барилга байгууламжийг ч эвдэн сүйтгэх аюултай.

Иймд иргэд:

  • Цаг агаарын урьдчилсан мэдээ, онцгой байдлын сэрэмжлүүлгийг тогтмол хянах
  • Аадар бороо орох үед уулын ам, голын сайр, гуу жалга, нам дор газраар зорчихгүй байх
  • Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Болзошгүй эрсдэлтэй бүсээс урьдчилан холдож, аюулгүй байршилд байрлах
  • Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна.

Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тусгай зориулалтын өндөр даралтын усны болон сорох төхөөрөмж бүхий машин механизмуудыг ашиглан шугам хоолойг угааж, буудуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Ингэснээр борооны усны урсцыг чөлөөтэй нэвтрүүлэх, ус тогтох эрсдэлийг бууруулах, шугам сүлжээний ашиглалтын найдвартай байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж:  Геодези, Усны Барилга Байгууламжийн газар

Дэлгэрэнгүй унших

Санал болгох