Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгоно

Огноо:

,

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 21-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачлан боловсруулж 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Я.Санжмятав танилцуулсан юм.

Тэрбээр илтгэлдээ, одоогоос 30 жилийн өмнө нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзан олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хуульт ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгосон билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг улс төрийн эрхээ эдлэх үйл хэрэг нь Монгол Улсын түүхэнд байгаагүй өөрчлөлт шинэчлэлт байсныг онцлон дурдав.

Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжих үйл явц шулуун дардан байгаагүй, саад бэрхшээл, сорилт олныг даван туулж ирсэн. Энэ түүхэн үйл хэргийг санаачилсан, баталгаажуулсан, бэхжүүлсэн, ардчилсан тогтолцоог цогцлон хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг медалиар Монгол Улсын Ерөнхийлөгч шагнаж байв.

Ардчилсан хувьсгалын ой бол монгол хүн бүрийн шинэ түүхийн үеийн, бүхэл бүтэн монголчуудын хэв маяг, нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон үйл явдал гэдэг утгаараа нийт ард түмний баяр юм. Бид олсон ололт, авсан сургамждаа дүгнэлт хийж, хариуцлагатай ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн үнэ цэнийг үнэлэн дүгнэж, Монгол орны түүхийг бодит үнэнээр нь баталгаажуулах, бэхжүүлэх, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлснийг хууль санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан. Байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ нар хууль санаачлагчаас асуулт асууж тодруулан төслийг дэмжиж буйгаа хэллээ. Мөн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар медаль бий болгож баяр тэмдэглэж баярлахдаа гол биш ардчиллыг улам бэхжүүлэх, үнэт зүйлсээ хамгаалах, шударга ёсыг эрхэм болгож ард иргэдээ ажилтай, орлоготой байлгахад анхаарах ёстойг хэлээд төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.9 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцож анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Тогтоолын төсөл нь 3 зүйл, 2 хавсралттай бөгөөд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох, хэнд, хэрхэн олгох харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ. Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд монгол хүн бүрийн нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон Монгол орны түүхийг бодит нь баталгаажуулах, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах үйл явц болно гэж үзэж буйгаа хууль санаачлагч хэлж байв. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль нь Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох юм байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа

Огноо:

,

МЭДЭГДЭЛ

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;

2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн  ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;

3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;

4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор  Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.

Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье. 

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Огноо:

,

2026 оны зургаадугаар сарын 2-4-ний өдрүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний 31 төвд зохион байгуулж байна. 
 
Иргэд өөрт байрлах нэг цэгийн үйлчилгээний төвд хандан хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээллийг авах боломжтой.
 
Мөн нотариатын үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд өв хүлээн авах ажлыг зохион байгуулна.
 
Мөн 2026 оны зургаадугаар сарын 3, 4-ний өдрүүдэд 21 аймгийн нэг цэгийн үйлчилгээний төвд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцааг өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх, өв хүлээн авах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулна.
 
Иргэд дээрх өдрүүдэд хувьцаа, ногдол ашиг өвлүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой бөгөөд нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх ажил 2027 оны зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаанд үргэлжилнэ гэж Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ

Огноо:

,

2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ. 

“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох