Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн оны долдугаар сард Замын хөдөлгөөний удирдлагын төвд автомашин ачиж, шилжүүлэх, зөөвөрлөх чиг үүрэг шилжиж очсон бөгөөд тус газрын дарга С.Адъяасүрэн журмын өөрчлөлттэй холбоотой холбогдох танилцуулгыг хийлээ. Дээрх журмын өөрчлөлт нь иргэдийн санал дээр тулгуурласан гэдгийг тэрбээр тодотгосон юм.

2022 оны байдлаар нийт 120,459 автомашиныг зөөн шилжүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд, үүнээс 52636 автомашиныг журамлах арга хэмжээг авчээ. Харин тээврийн хэрэгслийн ачилттай холбоотойгоор иргэдээс 154 өргөдөл гомдол ирсний 20 нь ачилтын компаниас болж хохирсон талаар байсан аж. Мөн ачигчийн харилцаа, хандлагатай холбоотой гомдол болон орон сууцны голд болон эмнэлгийн гадаа байрлуулсан автомашиныг ачсан талаарх гомдол, санал хүсэлт тодорхой хувийг эзэлж байна. Журамд оруулж буй өөрчлөлтийн тухайд зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолооч, өмчлөгчийг зарлан, дуудан ирүүлэх бөгөөд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ.

Харин зөрчлийг тухайн жилд давтан гаргасан жолооч, эцсийн өмчлөгчийг мөн зарлан дуудуулж, цахимаар шийтгэн, зөрчлийг арилгуулна. Харин тухайн жилд 3 дахь удаа гаргасан бол цахимаар шийтгэл ногдуулж, тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх бөгөөд, үүнтэй холбоотой зохих төлбөрийг төлүүлэхээр тусгажээ. Замын удирдлагын төв нь зөөх, шилжүүлэхтэй холбоотой фото зураг болон видео бичлэгийг хүлээн авч, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. Журамд шинээр оруулж буй заалт нь тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлөхөөр оруулжээ. Мөн зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх үед жолооч ирсэн эсэх нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхгүй байх үндэслэл болохгүй аж. Зөрчлийг бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх бөгөөд түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх зэрэг саналыг давхар оруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт тавьж, саналаа хэлсэн юм. 

П.Ганзориг:

Бид зохицуулалтад хэт механикаар хандаж байна. Ачилтын үйл ажиллагаа явуулж буй 15 компанийн ажилтнуудын цалин авах хөшүүрэг нь аль болох олон машин ачих юм. Тиймдээ ч жолоочоос машиныг нь булааж аваад чирээд явах, тээврийн хэрэгслийг дотор нь байсан хүүхэд, амьтантай хамт ачих зэрэг зөрчил гарсан.  Тиймээс энэ журмын өөрчлөлтийн бодлого нь дээрх байдлыг газар дээрээ хэрхэн шийдэх вэ гэдэг чухал. 

С.Адъяасүрэн:

Гол маргааны үндэс нь Ганзориг төлөөлөгчийн хэлж байгаа санал юм. Тиймээс журмын өөрчлөлтийн санал ч ийшээ чиглэсэн. Журамд орсон агуулга нь сануулах, торгох, эзэнд нь мэдэгдэх, дуудах  зэрэг байгаа учир маргах асуудал үүсэхгүй. Гурав дахь удаа зөрчил гаргасан жолоочийн хувьд маргах нөхцөл үүсэхгүй. Ачина, эсвэл газар дээр нь торгуулийнхаа 50 хувийг төлөөд ачуулахгүй байх гэсэн зохицуулалтыг оруулж ирж байгаа юм. Иргэд ч  ийм саналтай байна. 

Д.Пүрэвдаваа:

Журмыг өөрчилснөөр одоо байгаа үзүүлэлтийг тийм хэмжээнд өөрчилж, сайжруулна гэсэн статистик мэдээлэл өгөх ёстой. 3-аас доошгүй удаа мессеж бичээд, зарлан дуудаад ирэхгүй бол тээврийн хэрэгслийг ачиж, чирнэ гэж байна. Зарлан дуудсаны дараа ямар хугацаанд тээврийн хэрэгслийн жолооч, өмчлөгчийг хүлээх вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай. 

Д.Гантулга:

Иргэдийг мэдээллээр хангаж, хариуцлагатай байх ёстой талаар нөлөөллийн ажил хийх ёстой. Нийгэмшсэн орчин үеийн хотод ажиллах гэж байгаа бол нийслэлийн иргэд ч гэсэн хариуцлагатай байх ёстой. Журмын өөрчлөлтийн агуулгад энэ талаар оруулсан учраас зарчмын хувьд дэмжиж байна. 

Б.Сүхбаатар:

Нийслэлийн замын хөдөлгөөнд үүссэн асуудлын хамгийн том шалтгаан нь замбараагүй барилга, хот төлөвлөлтийн алдаанаас болсон. Түгжрэл зөвхөн хотын төв, Яармагийн асуудал байхаа болисон. Энэ бүгдийг бий болгож, хариуцлагагүй болгосон эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох хэрэгтэй. Хоёрдугаарт ачиж, зөөвөрлөх ажлыг дүүргүүдэд хариуцуулмаар байна. Дүүргийнхээ хаана илүү түгжирч, замбараагүй машин байрлуулж байгаа асуудлыг шийдвэрлэх зохион байгуулалтыг Засаг дарга нарт нь өгөх хэрэгтэй. Мөн уг үйл ажиллагаанаас бүрдсэн орлогын тодорхой хувийг дүүргүүдэд олговол илүү үр дүнтэй ажиллах болно. 

Н.Баярмөнх:

Эмнэлэг, сургууль руу түр орсон яарч, сандарсан хүмүүсийн машиныг ачсанаас үүдэлтэй маргаан гарч байна. Эмнэлгийн гадаа байрлуулсан машиныг ачихгүй гээд заачихвал тэр эмнэлгийн гадаа дүүрэн машин бөөгнөрнө. Хүний амьдралд тохиолдох л асуудал учраас онцгой шаардлага гарсан, сандарсан үед ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тодорхой журамлах хэрэгтэй. 

Ү.Оюунзул:

Энэ журамтай холбоотойгоор ачих, чирэх үйл ажиллагаа явуулж байгаа 15 компани болон иргэдэд таниулж, сурталчлах ажлаа сайн хийх хэрэгтэй. 

Б.Мөнхцэцэг:

Машин ачилт замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад хэр нөлөө үзүүлж байна вэ. Мөн энэ 15 байгууллагыг ямар сонгон шалгаруулалтаар тодруулж, ачиж, чирэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгож байгаа вэ. Дээрх компаниуд зөвхөн бизнес гэдэг талаас нь асуудалд хандаж, иргэдийн тээврийн хэрэгслийг чирж, ачихдаа төвлөрч байгаагаас биш замын хөдөлгөөний зөрчлийг арилгуулах, соён гэгээрүүлэх чиглэлд ажил хийхгүй байна.  

Ч.Раднаабазар:

Ачиж, чирэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хүний машиныг хаана, аль хашаанд аваачиж журамласан талаарх мэдээллийг иргэдэд өгдөггүй. Иргэн тээврийн хэрэгслээ хаанаас авахаа мэддэггүй байдлыг засаж, цахимаар бүрэн дүүрэн мэдээлэл авах боломжоорр хангах ёстой.

Б.Нэргүй:

Энэ журмаар нийслэл Улаанбаатар хот зөвхөн зөрчил гаргадаг хүмүүсийн эрхэнд багтаж амьдрах байдал руу орж байна. Нэг удаа сануулна…гэдэг журам ямар учиртай юм бэ. Бүх хүн машинаа “Нэг удаадаа” гээд зам дээр орхих нь байна. Гэтэл зөрчил гаргадаггүй 500 мянган жолоочийн эрхийг хэн хангах юм бэ. Энэ журмын төсөл, тэр дундаа 9.12.1 заалтыг хасах саналыг гаргаж байна. 

Ийнхүү төлөөлөгчид саналаа хэлсний дараа Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгах төлөөлөгчдийн болон иргэдийн саналуудыг нэгтгэн, тэмдэглэл гаргаж, Хууль зүй, дотод хэргийн сайдад хүргүүлэхээр боллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Засгийн газрын агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр цөөлөв

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газраас “Цомхон, чадварлаг, бүтээмжтэй” төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангаж чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны шат дамжлагыг цөөлөх, албан хаагчдын ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 

Агентлагуудын удирдлага, зохион байгуулалтын ерөнхий бүтэц, газар, хэлтсийн тооны харьцаа, нэршил, бүтцийн нэгжид ногдож буй орон тооны мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн тоо, нэршлийг тогтоож, Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Тус тогтоол батлагдсанаар агентлагуудын нийт орон тоо 300-аар, үүнээс газар, хэлтэс, албаны даргын орон тоо 54-өөр буурч, цалин хөлсний зардал жилд 10 орчим тэрбум төгрөгөөр хэмнэгдэх боломжтой болж байна. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд:

  • Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүнийхээ ¼-ийг Уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээгЗасгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын 11, 12, 13-т заасан уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна. Энэ заалтыг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.

 

  • Ерөнхий сайд Г.Занданшатараас 2025 оны долоодугаар сарын 04-ний өдөр өгсөн чиглэлийн дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2021-2025 онд Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тайланг бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсын иргэдээс визийн барьцаа шаардана

Огноо:

,

АНУ-ын Төрийн департамент аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар зорчих Бүгд Найрамдах Замби Улс, Бүгд Найрамдах Малави Улсын иргэдэд виз мэдүүлэхдээ 15.000 ам.доллар хүртэл барьцаа төлөх шаардлагыг тавьж эхэлснийг зарлалаа.

Тус шаардлага нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг дээрх хоёр улсад “визийн хориг” тавьсантай адил гэж зарим хүмүүс үзэж байна.

Визийн хугацаа хэтрүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь “виз олгох баталгаа болохгүй” хэмээн мягмар гарагт нийтэлсэн тус мэдэгдэлдээ анхааруулсан бөгөөд тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд барьцааг буцаан олгох юм. Тухайлбал, виз мэдүүлсэн иргэн зөвшөөрөгдсөн хугацаанд багтаж АНУ-аас гарсан, эсвэл визийн хүчинтэй хугацаанд АНУ-д зорчоогүй зэрэг тохиолдолд барьцааг автоматаар буцаан олгоно.

Малави Улсын Хүний эрхийн комиссын дарга, хуульч Хабиба Османы хэлснээр энэ барьцаа нь шударга бус бөгөөд жинхэнэ зорчих иргэдэд санхүүгийн хүнд дарамт болж байна гэжээ.

Ирэх саруудад Африк тивийн олон улсын хувьд АНУ руу зорчих нөхцөл улам хүндэрч болзошгүй байна. Хоёр сарын өмнө Африк тивийн долоон улсад АНУ-д нэвтрэх хориг, гурван улсад хэсэгчилсэн хязгаарлалт тавьсан.

Мөн түүнчлэн одоогоор төлөвлөж буй нэмэлт хориг хэрэгжвэл Баруун Африкийн дийлэнх улсын иргэдийг АНУ руу зорчихыг бүр мөсөн зогсоох магадлалтай байна.

Эх сурвалж: ГИХГ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох