Улстөр нийгэм
Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна
Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй сэтлэх, ногоон байгууламжийг устгах, эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барих зэрэг зөрчил илэрсээр байна. Тодруулбал, Хүннү 2222 хорооллын автобусны буудлын баруун талд “Хангилцаг” ХХК дулааны шугамын ажил гүйцэтгэхдээ ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан бол “Номин Реалтор” ХХК эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хамтарсан “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Удирдлагын академийн гудамж “Хүннү 2222” хотхоны замын хойд талд “Хангилцаг” ХХК дулааны магистраль шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэж буй. Гэвч ажил гүйцэтгэх үеэрээ Хүннү 2222 хорооллын автобусны буудлаас баруун тийш 320 метр орчим урт зайд авто замын хажуугийн шар хуайс моддыг сүйтгэсэн. Тиймээс өнгөрсөн долоодугаар сарын 31-нд НХШГ-аас ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан “Хангилцаг” ХХК-д зөрчлийг арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү өнөөдөр давтан хяналт шалгалт хийхэд тус аж ахуйн нэгжийн зүгээс ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийг хийж эхлүүлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нд мод тарина гэлээ.

Харин “Номин Реалтор” ХХК-ийн хувьд Хүннү 2222 хорооллын автобусны буудлын урд талд өөрийн эзэмшлийн газраасаа 2-3 метр зайд хашаагаа сунгаж, хэтрүүлэн барьсан. Иймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохих зөвшөөрөлгүй илүү талбай ашиглан, нийтийн эзэмшлийн зам, талбайд барьсан хашааг чөлөөлж, зөрчлөө арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн юм. Гэвч мэдэгдэлд заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй юм.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хувийн аж ахуйн нэгжүүд кадастрынхаа дагуу барилгын ажлаа гүйцэтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн зам талбайг хумьж, явган хүн зорчиход хүндрэлтэй болгож болохгүй. Иймд “Номин Реалтор” ХХК нь мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу газар албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гаргуулна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна” гэдгийг мэдэгдлээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Цаг үе2025/05/01
Тавдугаар сарын 15-наас МҮОНТВ, Гандан, ТБД Андууд орчмын халуун ус хязгаарлана
-
Цаг үе2026/04/16
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийн олон талт хэлэлцүүлэ...
-
Цаг үе2021/12/06
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж "Тайван инээмсэглэл" шүдний кабинет н...
-
Цаг үе2021/10/13
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана
