Улстөр нийгэм
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Улаанбаатар хотод эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлсэн.
Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран уг хөдөлгөөнийг Улаанбаатар хотод өрнүүлэхээр Соёлын төв өргөөнд нээлтээ нээлээ.
Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон тус салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэр эрхлэгчид, газар тариалан, мал аж ахуйн салбарын төлөөлөл 1200 гаруй зочид, төлөөлөгч оролцов.
Энэхүү арга хэмжээг нээн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Бид нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлдээ инновацад тулгуурласан өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, оюуны бүтээмжийг дэмжиж, бүтээлч, бие даасан, боловсруулах салбар давамгайлсан тогтвортой эдийн засагтай хот болох зорилтыг тавин ажиллаж байна. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь болсон хүнс, хөдөө аж ахуйн салбар нь хөдөлмөрийн багтаамж ихтэй, эдийн засгийн бодит өсөлтийг хангасан, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж байгаа стратегийн чухал салбар юм. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт дэвшүүлсэн бодлого, зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, ажлын уялдаа, хувийн хэвшлийн санаачилга, оролцоо чухал ач холбогдолтой. Хотын хүнсний хангамжийн импортын хамаарлыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн улмаар хүнс экспортлогч улс болох зорилтыг хангахад Нийслэлийн хүнс үйлдвэрлэгч та бүхэн манлайлан оролцоно гэдэгт бат итгэлтэй байна” гэж хэллээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байгаа. Монгол улсын нийт хүн амын 50 хувь буюу 1,6 сая иргэн Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. Хүн ам өсөхийн хэрээр улам нэмэгдэж буй хүнсний эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүнс, хөдөө аж ахуйн гаралтай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодоос хангах, импортын бүтээгдэхүүний хамаарлыг бууруулах, хүнсний сүлжээний бүхий л үйлчилгээг аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн хангах нь чухал” хэмээв.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн буюу мах, гурил, төмсийг Монгол Улс 100 хувь дотоодоос хангаж байгаа бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо өндөгний хангамжийг улам нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. Харин ургамлын тос, давс, цөцгийн тос, тахианы мах, хүлэмжийн ногооны хангамж импортоос шууд хамааралтай бөгөөд сүүн бүтээгдэхүүн, ургамлын тос, давсны үйлдвэрлэлийг дотоодоос хангах боломж байгааг зохион байгуулагчид хэлсэн юм.
Мөн арга хэмжээний үеэр нийслэлд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хамгийн ихээр бэлтгэн нийлүүлж буй стратегийн ач холбогдол бүхий бүс нутаг болох Төв, Булган, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нар хүрэлцэн ирж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар саналаа илэрхийллээ.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Улстөр нийгэм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.02/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
· Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл |
14.00 |
-
Цаг үе2024/07/25
Хасбаатарын гудамжны авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ
-
Цаг үе2024/10/23
Орон нутгийн зарим тээврийн хэрэгсэл Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэж байна
-
Цаг үе2022/04/05
Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!
-
Цаг үе2024/03/18
Цасан шуургатай үед автомашинтай явж байгаад зогсох шаардлага тулгарвал хэрхэх в...