Цаг үе
Сургуулиудын 53 хувь нь зориулалтын бус цайны газартай байна
2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгасан хяналт шалгалтын дүн гарлаа. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах урьдчилан сэргийлэх шалгалтад нийслэл, 21 аймгийн 252 сургууль, 90 дотуур байр, 385 цэцэрлэг, 7 их, дээд сургууль, 8 МСҮТ, 30 хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд нийт 772 объект хамрагдсан байна.
Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр:
- Шалгалтад хамрагдсан сургууль, цэцэрлэгийн 23 хувьд нь эдэлбэр газар, гадна талбайн тохижилт, цэвэрлэгээ хангалтгүй, гадны талбайн тоглоомын аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, хог хаягдлын цэгийг эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын дагуу байгуулж, ашиглаагүй, зайлуулах гэрээ хийгээгүй, 32 хувьд нь ариун цэврийн тоног төхөөрөмж, биеийн тамирын заал, сургалтын тоног төхөөрөмж хүрэлцээгүй, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангахгүй байна.
- Сургууль, цэцэрлэгийн 21.7 хувь нь хичээл эхлэхээс өмнө шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, төсөв мөнгөний дутагдалтайгаас 83.4 хувь нь зөвхөн нэг сарын хугацаанд хэрэглэх халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлсэн, багш, ажиллагсдын 86.9 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан, ажиллагсдыг үзлэг, шинжилгээнд хамруулах талаар эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ хийгээгүй байгаа нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцахад сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож болзошгүй байна.
- Сургууль, цэцэрлэгийн 8 хувь нь хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах бэлтгэлийг бүрэн хангаагүй, 4.6 хувь нь хэсгийн усан хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоогоогүй, усыг зөөвөрлөх зориулалтын шаардлага хангасан савыг бэлтгээгүй, 6.5 хувь нь “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн бүрдүүлээгүй, гэрээ хийгээгүй, ялангуяа нийслэл дэх сургуулийн 53 хувь нь зориулалтын бус цайны газартай, 5 хувь нь цайны газаргүй байгаа нь хоол хүнснээс шалтгаалсан хордлого, халдвар гарч болзошгүй нөхцөлийг бүрдүүлж байна.
- Сургалтын боловсролын байгууллагуудын их болон урсгал засварыг чанартай гүйцэтгүүлэх, шугам сүлжээнд бүрэн холбох, барилга байгууламжийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, агааржуулалт, ариун цэврийн тоноглолыг хэвийн ажиллагаатай болгох, сургуулиудын цайны газрыг өөрчлөн засварлах, стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх, тоног төхөөрөмжөөр бүрэн хангах, сургуулийн цайны газрыг ашгийн бус үйл ажиллагаа явуулах зохицуулалт хийх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх бодлого зохицуулалтын арга хэмжээ авч, хөрөнгө санхүүжилтийг оновчтой хуваарилаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
- Эрүүл мэндийн сайдын баталсан А/145 дугаар тушаалаар сургууль, цэцэрлэгийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой албан хаагчид хичээл, сургууль эхлэхээс өмнө 30 хоногийн өмнө үзлэг шинжилгээнд орох ёстой байтал хичээл эхлэх үе, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдтэй зэрэгцэн шинжилгээ хийлгэж байгаагаас Эрүүл мэндийн байгууллагын ачааллыг нэмэгдүүлэх, цаашлаад шинжилгээнд хамрагдахгүй хичээлийн эхлүүлж, эрүүл эсэх нь тодорхойгүй багш ажилтнууд хүүхдүүдэд үйлчилснээс хоолны хордлого, гэдэсний халдвар, сүрьеэ зэрэг халдвар өвчин тархаах эрсдэлийг үүсгэж байна. Иймд сургуулийн удирдлагын зүгээс багш, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эрт хамруулах, өвчтэй албан хаагч илэрсэн тохиолдолд эрүүлжүүлэх, хөдөлмөр зохицуулалт хийх зэргээр хичээл цаг хугацаандаа, эрсдэлгүй эхлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Боловсролын хяналтын чиглэлээр:
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдсан байгууллагуудаас 19 цэцэрлэг, 13 сургууль зориулалтын бус байртай, 28 цэцэрлэг орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг, 15 цэцэрлэг, 3 сургууль 9 дүгээр сарын 1-нд хичээлээ эхэлж чадаагүй байна.
Мөн цэцэрлэг, сургуулийн 63 багш мэргэжлийн бус, 19 номын санч, нийгмийн ажилтан, туслах багш мэргэжлийн сургалтад хамрагдаагүй байсан.
Цөм хөтөлбөрийн агуулга, стандартын бэлтгэл хангаагүй 57 сургууль, цэцэрлэгийн анги, сургуулийн лаборатори, дадлагын газрын бэлтгэл хангаагүй 60 сургууль, цэцэрлэг байсан.
Авсан арга хэмжээ:
Шалгалтын хугацаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр нийт 1762 зөрчил илрүүлж, унд ахуйн уснаас 415, хүнсний 485, арчдас 178 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан үнэлгээ дүгнэлт өгч ажиллан илэрсэн зөрчлийн 71.8 хувийг газар дээр нь арилгуулж, зөрчлийг арилгуулах талаар 5 аж ахуйн нэгж,байгууллага, 9 иргэнд нийт 6,1 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулж, улсын байцаагчдын хамтарсан 626 заалт бүхий 85 албан шаардлага, 6 албан даалгавар хүргүүлэн, гүйцэтгэл үр дүнг тооцон ажиллаж хэрэгжилт 86.9 хувьтай байна.
Цаг үе
Башар Ассад болон түүний дүүд цаазаар авах ял оноожээ
Сирийн шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Башар Ассад болон түүний дүү Махер Ассадад хүн амины хэрэг, эрүүдэн шүүх, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутган эзгүйд нь цаазаар авах ял оноожээ. Энэ нь Ассадын гэр бүл таван арваны турш Сирид эрх барьсан үе дууссанаас хойш Башар Ассад болон түүний ойрын хүрээнийхэнд оноосон анхны шүүхийн шийдвэрүүдийн нэг болж байна.
Башар Ассад болон Махер Ассад нар 2024 оны арванхоёрдугаар сард Сирийн засгийн газар нуран унасны дараа ОХУ руу дүрвэж, орогнол авсан тул шүүхийн шийдвэрийг одоогоор хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байна. Мөн Ассадын үеийн өөр зургаан албан тушаалтанд эзгүйд нь цаазаар авах ял оноожээ.
Шүүхээс Ассад болон бусад шүүгдэгчдийг урьдчилан төлөвлөсөн аллага, хүүхдүүдийн амь насыг хөнөөсөн хэрэг, эрүүдэн шүүх болон бусад ноцтой хүчирхийлэлд буруутай гэж үзсэн байна. Сирийн шүүгч Фахреддин аль-Ариан Ассад төрийн байгууллагуудыг ашиглан дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдэгджээ.
Шүүхээс цаазаар авах ял сонссон хүмүүсийн дунд Ассадын үеийн улс төрийн аюулгүй байдлын өндөр албан тушаалтан Атеф Нажиб багтжээ. Тэрээр 2011 онд Дараа хотод Засгийн газрын эсрэг уриа бичсэн өсвөр насныхныг баривчилж, эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой. Энэ явдал Сирийн Засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцэл дэгдэх нэг шалтгаан болж, улмаар 14 жил үргэлжилсэн иргэний дайнд хүрсэн юм.
Харин хүний эрхийн зарим байгууллага шүүх ажиллагаа хэт яаравчлагдсан, шударга шүүхийн зарчим хангалттай мөрдөгдөөгүй байж болзошгүй гэж болгоомжилж байна.
Хүний эрхийн ажиглагчид цаазаар авах ялыг бүх тохиолдолд эсэргүүцсэн байр сууриа дахин илэрхийлсэн бол Сирийн Шударга ёс, хариуцлагын төв энэ шийдвэрийг шилжилтийн үеийн түүхэн алхам гэж үнэлэхийн зэрэгцээ шүүхийн тогтолцооны сул талыг анхааруулжээ.
Цаг үе
Далайн гадаргын температур долдугаар сард дээд хэмжээнд хүрчээ
2026 оны долдугаар сард дэлхийн агаарын дундаж температур түүхэн бүртгэл дэх хоёр дахь хамгийн өндөр түвшинд хүрсэн бол далайн гадаргын дундаж температур тухайн сарын хувьд түүхэн дээд үзүүлэлт тогтоосон талаар Дэлхийн цаг уурын байгууллага мэдээлжээ.
Мөн Баруун Европт зургаадугаар сараас долдугаар сарын хооронд урьд өмнө бүртгэгдээгүй халуун үе үргэлжилсэн байна. Европ төдийгүй Ази, Латин Америкийн зарим бүс нутагт хэт халалт ажиглагдаж, Япон, БНСУ-д агаарын температур түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар дэлхийн далайн ойролцоогоор 82 хувьд тодорхой хугацаанд хэвийн хэмжээнээс хэт халсан үзэгдэл ажиглагдсан байна. Далайн ус удаан хугацаагаар хэт халах нь далайн экосистемд сөргөөр нөлөөлөхөөс гадна цаг агаарын эрс тэс үзэгдлийн эрчим, давтамжид нөлөөлөх эрсдэлтэй юм.
Дэлхийн зарим хэсэг хэт халалттай нүүр тулж байгаа бол өөр бүс нутагт аадар бороо, үерийн гамшиг нэмэгджээ. Тухайлбал, Баруун Африкийн зарим нутгаар муссоны хүчтэй бороо орж, үер буусан байна.
Хэт халалт, хуурайшилт, ган гачиг ойн түймрийн эрсдэлийг мөн нэмэгдүүлжээ. Долдугаар сард Баруун Европт ойн түймрийн идэвхжил эрс нэмэгдсэн бөгөөд Францад энэ жил сүүлийн 24 жилийн хамгийн хүнд ойн түймрийн улирлуудын нэг тохиож болзошгүй байна. Испанид ч түймрийн идэвхжил өмнөх жилүүдийн мөн үеийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байгаа аж.
Үүний зэрэгцээ АНУ-ын баруун хэсэг болон Канадын зарим бүс нутагт томоохон ойн түймэр гарч, халуун, хуурай цаг агаар түймэр тархах нөхцөлийг улам нэмэгдүүлсэн байна.
Дэлхийн цаг уурын байгууллагын Уур амьсгалын мэдээллийн газрын дарга Жон Кеннеди дэлхийн дулаарал үргэлжлэхийн хэрээр хэт халалт илүү олон давтагдаж, эрчимжихийн зэрэгцээ удаан үргэлжилж, хамрах газар нутаг нь тэлж байгааг онцолжээ.
Баруун Европт энэ зун үргэлжилсэн хэт халалтыг Эль-Ниньо үзэгдэлтэй шууд холбох тодорхой нотолгоо одоогоор байхгүй байна. Гэсэн хэдий ч Номхон далайд Эль-Ниньо эрчимжвэл дэлхийн агаарын дундаж температур цаашид нэмэгдэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Цаг үе
“Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж байна
Монголын үндэсний өв соёл, бүтээлч үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээ, хоолны соёлыг нэг дор нэгтгэсэн “Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна наймдугаар сарын 11-нд эхэллээ.
Уг арга хэмжээ нь 2000 гаруй жилийн түүх, соёлоор аялуулах “Kharkhorum 360°” фестивалийн нэг хэсэг бөгөөд нийт 10 хоногийн турш үргэлжилнэ. Харин үндсэн “Kharkhorum 360°” фестиваль наймдугаар сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
“Kharkhorum Chapter 4: Bazaar” төслийн хүрээнд үндэсний гар урлал, хувцас, гоёл чимэглэл, хоол үйлдвэрлэл болон бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.
Төслийн зохион байгуулагч Б.Оюунномин хэлэхдээ, Монголын үндэсний үйлдвэрлэл, өв соёлыг орчин үеийн хэв маягтай хослуулан олон нийтэд таниулах, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих нь арга хэмжээний гол зорилго гэдгийг онцолжээ. Мөн соёл, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээг нэг дор төвлөрүүлснээр оролцогч аж ахуйн нэгж, уран бүтээлчдэд эдийн засгийн бодит үр өгөөж бий болгохыг зорьж байгаа аж.
Арга хэмжээг зорин ирсэн хүмүүс үндэсний өв соёл, уламжлалт урлалын бүтээлүүдтэй танилцахаас гадна гар урчуудын бүтээл хийх үйл явцыг дэргэдээс нь үзэх боломжтой. Түүнчлэн үндэсний болон орчин үеийн загварын үзүүлбэр, хөгжмийн зэмсэг урлах арга ажиллагаа, хоол үйлдвэрлэлийн танилцуулга зэрэг олон төрлийн хөтөлбөрийг зохион байгуулж байна.
Мөн төслийн хүрээнд өдөр бүр 19:00-22:00 цагийн хооронд үнэ төлбөргүй соёл, урлагийн хөтөлбөр зохион байгуулах бөгөөд контент бүтээгчид, урлаг, спортын салбарын уран бүтээлчид оролцсон тоглолт, үзүүлбэр, уулзалт, танилцуулгуудыг багтаажээ.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү төслөөр дамжуулан үндэсний өв соёлыг зөвхөн үзмэр хэлбэрээр бус, орчин үеийн хэрэглээ, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалтай холбон хөгжүүлэхийг зорьж байгаа юм.
“Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна олон нийтэд нээлттэй үргэлжилж байна.
-
Улстөр нийгэм2019/07/19
Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг дэмжив
-
Цаг үе2020/09/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2025/08/11
Түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна
-
Улстөр нийгэм2025/08/04
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
