Шударга мэдээ
22 байршилд авто зам, замын байгууламж барина
Улаанбаатар хотод 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр, 80850 м2 явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Эдгээр замыг хаана, хэрхэн барих талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Одбаяр, тус газрын Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Анхбаяр, Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газрын Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Н.Сугар нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 1-ний дотор хангах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Энэ дагуу 2022 онд барьж байгуулах авто зам, замын байгууламжийн ажлуудын бэлтгэлийг хангаж, эхнээсээ тендер зарлахад бэлэн болоод байна. Урьд өмнөх жилүүдэд дөрөвдүгээр сараас эхэлдэг байсан бүтээн байгуулалтын ажил энэ онд гуравдугаар сарын эхнээс эрчимжлээ. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байх хугацаанд тендер зарлах, бичиг цаасны ажлаа гүйцэлдүүлэх зэргээр хугацаа алддаг байсан. Энэхүү алдааг энэ жил давтахгүйн тулд бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийг гуравдугаар сардаа багтаан хийж дуусгасан байна.
Энэ жил барих авто зам, замын байгууламжуудын хөрөнгө оруулалт, төлөвлөгөө нь батлагдсан бөгөөд шинэ бүтээн байгуулалтын 11.47 км нь гол зам, гудамжнуудад тавигдах бол 15.48 км нь туслах замд хийх бүтээн байгуулалт юм. Эдгээр 22 байршлаас 19 байршлынх нь тендер зарлагдаад байна.
Хаана ямар зам, замын байгууламж барих талаарх мэдээллийг хүргэе.
- Наадамчдын /Яармагийн гүүрнээс баруун тийш “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хүртэлх/ авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам

- Ард Аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцол

- Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, Ард Аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцол

- Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх авто зам, гүүрний угсралтын ажил

- Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлт

- Эрчим хүчний гудамжнаас "Монос фарм трейд" ХХК хүртэлх "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн талаар шинээр тавих авто зам

- Баянголын авто замын баруун талаас 22-ын товчооны баруун талын гарц хүртэлх авто зам

- Сэлбэ голын баруун талын авто замаас хойшоо шинээр тавих авто зам, гүүр

- Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжны дагуу шинээр барих болон шинэчлэх авто зам

- Нэгдүгээр хорооллын арын холбоос зам гүүр

- Цагаан байрны хойд уулзвараас далан дагаад Хүчит шонхор захын уулзвар хүртэлх авто зам

- Ахмадын хорооллын зүүн талаарх далан дагасан авто зам

- Улаанхуарангийн гудамжнаас 68 дугаар сургуулийн баруун талаар Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох гудамж, зам

- Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын авто зам

- Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам

- “Эрдэнийн төгөл” хотхоны баруун талаас Хүннү хороолол хүртэлх авто зам

- Номин Юнайтед их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэлх авто зам

- Ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн баруун талаар Туул гол гудамжийг Б.Шаравын гудамжтай холбох авто зам

- Нарны гүүрний баруун тал Дэма эмнэлгийн хойд талд хийгдэх авто зам

- Алтай хотхоны баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд талын авто зам хүртэлх авто зам

- Хархорин захын баруун талаар шинээр баригдах авто зам

- Баянмонголын нүхэн гарцнаас Нийслэл хүрээ өргөн чөлөө хүртэлх төмөр зам дагасан авто зам

Дээрх 22 байршилд авто зам, замын байгууламж барьснаар гол замууд дахь хөдөлгөөний эрчим дараах байдлаар буурна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Шударга мэдээ
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.
Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа.
150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа.



Шударга мэдээ
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





Шударга мэдээ
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
-
Цаг үе2024/05/10
Цахим худалдаа, дижитал эдийн засгийн асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээч...
-
Шударга мэдээ2021/06/21
Зээл авахад барьцаа хөрөнгө дутагдалтай байгаа бол Зээлийн батлан даалтын сан эн...
-
Цаг үе2021/04/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2021/05/25
Имарт худалдааны төв худалдаалж буй мах, махан бүтээгдэхүүнээ цахим бүртгэлд нэг...
