Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар малчны хотонд халуун яриа өрнүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймагт энэ өдрүүдэд ажиллаж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ цаг үед УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Жинст сумын хоёрдугаар багийн иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар халуун яриа өрнүүлэв.

Энэ үеэр иргэд байгалийн баялагтаа эзэн байх, түүнийг хэрхэн захиран зарцуулж буйг мэдэх эрхтэй байх, парламентын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах, УИХ, Засгийн газар, шүүхийн сахилга хариуцлагын талаар ярилцаж, санал бодлоо илэрхийлж байлаа. Хамгийн онцгой анхаарал хандуулж байсан асуудал нь сумын Засаг даргыг ард иргэдээс сонгох тухай байсан юм. Эхний хэлэлцүүлгээр сумын Засаг даргаа ард иргэдээс сонгох нь зүйтэй. Харин багийн даргыг томилдог байхаар тусгасан. Багийн даргыг сонгодог нь “төрийн сонгууль биш төрлийн сонгууль” болдог гэсэн шүүмжлэл гараад удаж байна. Тиймээс багийн даргыг олон хамаатан садантай хүн нь гардаг сонгууль болж байгааг зогсоох үүднээс томилдог болох нь илүү оновчтой шийдэл болохыг малчид хэлж байсан юм. Томилогдсон багийн дарга нь төрийн төлөөлөгч болно гэсэн үг юм.

Харин сумын Засаг даргын тухайд орон нутгийн иргэд болгоомжлолтой хандаж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, уул уурхайн нөөц баялагтай суманд гадны нөлөө, мөнгөний нөлөөгөөр сонгуулийн үр дүнг бусниулж, нутгийн зон олны хүсэл зоригийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Засаг даргатай болчих вий гэсэн болгоомжлол байгаа юм. Төрийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэхээс илүүтэй жижиг ван, гүн шиг бие даасан сумтай болчих эрсдэл байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжилж байлаа.

Орон нутгийн удирдлагыг сонгох, томилох үйл ажиллагаанд иргэд хяналтаа тавих эрх зүйн боломжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийхийг зорьж буйг УИХ-ын дарга тайлбарлав. Ингэхдээ хуулийн хүрээнд ямар нөхцөл бүрдсэн тохиолдолд иргэд огцруулдаг болох механизмыг тодорхой тусгана гэлээ.  

Сумын Засаг даргыг нэр дэвшүүлэхдээ Сонгуулийн ерөнхий хороо, мөн аймгийн Засаг дарга зохион байгуулж, хэрэв мөнгөний сонгууль болсон нь нотлогдвол тухайн сонгуулийг хүчингүй болгох эрхийг нь дээрх хоёр субьектэд байлгана. Ингэвэл сумын иргэдийн сонгох эрх хууль эрх зүйн хүрээнд баталгаажих боломжтой болно. Сум засаг захиргааны үндсэн нэгж учраас ард иргэдийн санал дээр тулгуурласан бодлого, шийдвэрүүд гардаг байх ёстойг тэрбээр хэлсэн юм.

 Баянхонгор аймгийн Жинст сумын иргэд төр хүчтэй байхад Үндсэн хууль сайн байх хэрэгтэй. Ард түмнээрээ хэлэлцүүлэн санал бодлыг сонсож байгаад УИХ-ын даргад талархал илэрхийлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “долоо хэмжиж, нэг огтлох” зарчмыг барьж ажиллаж байна. Энэ өөрчлөлтийг улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд дэмжиж байгаа. Санал асуулгын дүнгээр иргэдийн 75 орчим хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж үзсэн байсан. Гэхдээ иргэддээ хэлэхэд хуулийн төслүүдэд тусгасан доторх зүйл, заалт бүрийг нухацтай уншиж, судлахыг хүсэж байна. Энэ бүх зохицуулалтын цаана Монгол Улсын том эрх ашиг байгааг харах хэрэгтэй. Өөрчлөлтийг хийхийн тулд хүчээ нэгтгэж, хүн бүр сахилга хариуцлагыг ухамсарлаж оролцохыг уриалж байна” гэлээ.  

Баянхонгор аймгийн Жинст суманд сүүлийн 30 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил эхэлжээ 

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Жинст суманд зохион байгуулагдсан “Зуслангийн өдөрлөг” арга хэмжээнд оролцсон юм. 90 жилийн түүхтэй тус суманд сүүлийн 30 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Тодруулбал, 2018 оны улсын төсөвт 1,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 150 хүүхдийн дотуур байр, 2,4 тэрбум төгрөгөөр 240 хүүхдийн сургуулийн байр, 1,4 тэрбум төгрөгийн өртөгтэй Соёлын төвийн барилга, сумын Эрүүл мэндийн төвийн өртгөтгөлийн барилга зэрэг бүтээн байгуулалтууд ид өрнөж байна. Барилгын ажлын явц хэвийн үргэлжилж байгаа бөгөөд товлосон хугацаандаа хүлээлгэн өгөх боломжтой гэв. Харин 150 хүүхдийн дотуур байрны төсөвт гаднах дэд бүтэц буюу цэвэр, бохирын шугамын зардал тусгагдаагүй байгаа нь хүндрэл учруулж байгааг “Жамъян Пайтан” ХХК-ийн инженер О.Гантулга хэлэв.

Шинэ сум болон өргөжихөд эдгээр бүтээн байгуулалтууд цагаа олсон чухал дэмжлэг болсныг сумын иргэд ам нэгтэй хэлж, УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлж байсан юм. УИХ-ын даргыг дагалдан Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн ажиллаж байна.

Тэрбээр өөрийн төрөлх нутаг болох Гурвансайхан сумаа улсын хэмжээнд жишиг сум болгохоор сүүлийн 5 жилийн турш ажиллаж байгаа бөгөөд эхнээсээ бодит үр дүн гарсан талаараа Жинст сумын иргэдэд танилцуулга хийлээ. Монгол Улсын хэмжээнд шинэ сумын жишиг тогтоож эхэлсэн төдийгүй бусад аймаг, сумдаас туршлага судлахаар олноор очдог болжээ. Зам, барилга гэж том зүйлд санаа зовнихоос илүүтэй иргэд, малчид өөрсдийн хандлагаа өөрчилж, аливаа асуудлыг бүгдээрээ хэлэлцэж, зорилгоо тодорхойлж чадвал шинэчлэл хийхэд хялбар болдог. Хийх нэг хэрэг, хийснээ арчилж, хамгаална гэдэг өөр асуудал. Иргэд өөрсдөө санаачилгатай, оролцоотой байх хэрэгтэй гэдгийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн танилцуулгынхаа үеэр онцлов.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар сум орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг барьж байгаа гэлээ. Тухайлбал, хонины ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс Баянхонгор аймгийн сум бүрт ноос хяргагч машин, явуулын цахилгаан саалтуур, арьсны шар махыг хуулдаг машин, арьс элдэгч машин зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжийг өгсөн байна. Энэ ондоо багтаан аймгийн төвд ноосны үйлдвэр ашиглалтад орох бөгөөд ингэснээр ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулж, зах зээлийн ханшийг нь өсгөх бүрэн боломжтой болно гэдгийг тэрбээр Баянхонгор аймгийн Жинст сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр тэмдэглэсэн юм.

“Зуслангийн өдөрлөг” арга хэмжээний үеэр хүүхэд, залууст үндэсний өв соёлоо өвлүүлэн үлдээх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үндэсний шагайн харваа, өсвөрийн үндэсний бөхийн тэмцээн, үндэсний сурын харвааны тэмцээнийг зохион байгууллаа.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарыг дагалдан ажиллаж буй нарийн мэргэжлийн эмч нарын баг Жинст сумын иргэдэд эхо оношилгоо, гэмтэл, шүд, урологи, эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох