Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Энэ жилийн наадмаар уламжлал болсон зарим арга хэмжээг зохион байгуулахгүй

Огноо:

,

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд ДЭМБ болон ЭМЯ-наас өгсөн нийтлэг шаардлагыг хангаж олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахаар болсон. Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах баяр наадмын төв талбайд болно. Хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим хэлбэрээр дамжуулан 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг баримтлан зохион байгуулна. Энэ жил Ковид-19 цар тахалтай холбоотойгоор нийтэд үйлчлэх үйлчилгээ зохион байгуулагдахгүй. Тийм учраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд албан ёсоор хэлье. Ямар нэгэн үйлдвэрлэл, үйлчилгээ зохион байгуулагдахгүй. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа, Үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур болон шагайн харваа, төрийн хүндэтгэлийн концертыг нийт ард иргэддээ радио, телевизээр болон цахимаар шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Үзэгчгүй наадам гэж хүмүүс ярьж байна. Харин ч энэ жилийн наадмыг зайнаас хамгийн олон хүн үзнэ. Дэлхийд ганцхан Монгол наадмыг олон улсын хэмжээнд үзүүлэх боломжийг хангахаар ажиллаж байна” гэв.

Мөн нийт ард иргэд та бүхэн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг баримтлах, баяр наадам зохион байгуулагчид болон Цагдаагийн байгууллагын албан хаагчдын тавьсан шаардлагыг дагаж мөрдөхийг хүсэж байна гэсэн юм.

Баяр наадмын төсөвт 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “2020 оны наадмын төсвийг 2019 оны долоодугаар сараас эхлэн төлөвлөдөг. Үндэсний их баяр наадмыг хуулийн дор зохион байгуулдаг. 2020 оны наадмыг 3.0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Тус ажлыг есөн салбар хорооноос зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар баяр наадмыг зохион байгуулахаар төлөвлөсөн 3 тэрбумаас 1.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөн гүйцэтгэл санхүүжилт нь гарч байна. Өмнө жилээс онцлог зүйл нь сур, бөх, хурдан морь уралдааны газарт халдваргүйжүүлэлт хийж байгаа учраас ариутгалын тодорхой хэмжээний зардал гарч байгаа. Мөн бусад шагнал, урамшууллын зардлыг хуулийн дагуу тогтоож гаргасан. Түүнчлэн хэв журам Цагдаа, Онцгойгийн ажилчдыг тээвэрлэх зардал ч орсон” гэлээ.

Ж.Амгалан: Хурдан морины уралдааны үеэр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллага улсын их баяр наадам болбол хэрхэн ажиллах тухай судалгаа гаргаж, Улсын Онцгой комисст танилцуулсан. Хэрэв Хүй долоо худагт нэгдсэн байдлаар тэмдэглэвэл 800 бөх, хурдан морь, уяач, хүүхдүүд гээд олон хүн бөөгнөрөх учраас тус тусад нь зохион байгуулахаар болсон. Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнд болбол хотын төвд учраас халдвар дэгдэх аюултай гэж үзэн XIII зуун цогцолбор, Хүй долоо худагт болохоор болсон. XIII зуунд Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваан талбай бэлэн болсон. Цогцолборт зөвхөн уралдаанд оролцох хүн л орно. Хүй долоон худагт бэлдсэн 2000 орчим автомашины зогсоолд харваач, бөхчүүд машинаа байршуулна. Маргааш хурдан морины салбар комисс хуралдаж, дахин нарийн шийдвэр гаргана. Хурдан морины уралдааны үед Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана. Орж байгаа хөдөлгөөн нээлттэй байна” гэдгийг мэдээллийн үеэр онцолж хэлэв.

Монголчуудын Үндэсний их баяр наадмын тухай Дэлхий дахинд үзүүлэх контент гаргана гэв

Үндэсний их баяр наадмын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Би 1980 оноос хойш Үндэсний их баяр наадмын нээлтийн ажилд жил алхсалгүй оролцсон. Бидний зохион байгуулсан зүйлс бүх хүний сэтгэлд нь хүрдэггүй. Гэхдээ дийлэнх нь наадмын нээлт, хаалт гайгүй боллоо гэсэн яриатай хоцордог. Жил бүр наадмын нээлтийг Монгол Улсын хүн амын нэг хувьд ч хүрэхгүй хүн буюу 13 мянга орчим хүн биеэр очиж үздэг. Түүнчлэн Хүндэтгэлийн концерт СТӨ-нд 1.200 хүн сууж үздэг. Үүнээс ихэнх нь УИХ-ын гишүүд, гадаад дипломат төлөөлөгчдийн газрынхан байдаг. Харин бодит байдал дээр 600 иргэн л үздэг. Энэ нь хүн амын 0.1 хувьд ч хүрэхгүй тоо юм. Тийм учраас наадмын нээлт үзэж чадахгүй гэдэг нь цөөхөн хүний яриа бөгөөд тэдгээр хүмүүст л хамаатай асуудал. Жил бүр телевизүүд наадмыг шууд дамжуулахад маш их анхаардаг ч техникийн маш их алдаа гарч, сүүлд нь хэцүүхэн бичлэг үлддэг. Энэ жилийн хувьд эртнээс бэлдэж байгаа учир ямар нэг техникийн алдаа гарахгүй. Тиймээс энэ жил наадмын нээлт, хүндэтгэлийн концертыг Монгол Улсын хүн амын 99.99 хувь нь өнгөрсөн жилүүдийнхээс гурав дахин илүү чанартай түвшинд хүлээж авна. Хамгийн гол нь наадмын нээлт, хүндэтгэлийн концертыг хальс дээр буулгаж, Монголчуудын Үндэсний их баяр наадмын тухай Дэлхий дахинд үзүүлэх контент гаргаж авах юм” хэмээлээ.

Коронавируст халдвар /Covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний их баяр наадмын өдрүүдэд:

  • Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх,
  • Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол,
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал;
  • Дээлтэй Монгол наадам;
  • Өсвөрийн бөхийн барилдаан;
  • Өсвөр үе, балчир насны хүүхдийн сурын болон шагайн харваа;
  • Төрийн дайллага;
  • Уяачдын наадам;
  • Соёл, урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар түр журамд заасан гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан онцолж хэлсэн юм.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Огноо:

,

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.

Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.

Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.

Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.

Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.

Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.

Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.

Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.

Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.

Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.

Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.

Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.

Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.

Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.

Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.

Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. 

“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,

Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.

Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.

Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200  төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.

Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750   ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.

Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн. 

Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны  бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

Огноо:

,

Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ.

Уг бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ өнгөрсөн оны зургаадугаар сард батлагдсан. Тус үнэлгээнээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэх зөвлөмж гарсны дагуу 2026 оны хоёрдугаар сард Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдан барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Туулын хурдны зам нь долоон орц, гарцтай. Эмээлт болон Дарханы замаас энэ зам руу орох, гарах боломжтой. Ямар нэг гэрлэн дохио байхгүй бөгөөд олон түвшний огтлолцлоор бусад замтай холбогдоно. Эдгээр орц, гарцыг дурдъя. Мянган машины зогсоол буюу Хайрхан худалдааны төвд олон түвшний огтлолцол бий болно. Мөн Сонсголонгийн гүүр, Наадамчдын гүүр, Мишээл экспогийн хойгуур явж байгаа замаас мөн Туулын хурдны зам руу нийлэх боломжтой. Уулын замаас мөн холбогдоно. Түүнчлэн Залаатын амнаас Дүнжингаравын нүхэн гарцтай холбогдох гүүрэн байгууламж болон олон түвшний уулзвартай байх юм. Сүүлийн орц гарц нь Гачууртын уулзварын хойд хэсгээс буюу Налайхын замтай холбогдож байгаа хэсэг дээр тус хурдны замтай холбогдоно. Туулын хурдны зам нь Яармаг болон Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг хуваалцаж, түгжрэлд шууд нөлөө үзүүлнэ. Туул гол дагуу 19 км үерийн далан бий болж байгаа юм. Туулын бургасыг хядлаа гэдэг мэдээлэл гараад байгаа боловч тийм зүйл байхгүй. Хойд хэсгээрээ далан байдлаар ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын Туул голын хамгаалалтын бүс рүү орж байгаа хэсэг дээр гүүрэн байгууламж барих юм. Ингэхдээ 10 метрийн өргөнөөр өрмийн машин явах зориулалттайгаар трассыг гаргаж байна. Туул голын экосистемийг алдагдуулж, бургасыг хядахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

ТЭКОЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал “Туулын хурдны замыг барихад голын дагуу өртөж байгаа модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоолсон. Нийт 32 км автозамын трассд 43.2 га талбай өртөнө гэж тооцоолсон. Үүнээс мод, бут таарч байгаа нь 10 га юм. Хохирлын хэмжээг 805 сая төгрөг гэж гаргасан. Тус төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгсөн. Байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тусгасан. Тус төсөл хэрэгжсэнээр ундны усны эрсдэл учрахгүй” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн "12 дугаар сарын 5-нд Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Энэ хүрээнд экологи эдийн засгийн үндэслэл гарсан. Нарийвчилсан үнэлгээний тайланд бидэнд нөхөн сэргээлтийн таван жилийн хугацаа өгсөн. Бид усны газартай хэд хэдэн уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын жишигт нийцүүлж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд гүйцэтгэнэ” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм9 цаг 37 минут

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролц...

Шударга мэдээ9 цаг 46 минут

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын...

Цаг үе9 цаг 49 минут

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг...

Цаг үе9 цаг 57 минут

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохиро...

Шударга мэдээ10 цаг 17 минут

"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин ө...

Улстөр нийгэм10 цаг 25 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Цаг үе12 цаг 16 минут

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавин...

Улстөр нийгэм12 цаг 19 минут

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Цаг үе2026/04/16

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшө...

Шударга мэдээ2026/04/16

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна

Санал болгох