Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Тяньжин хотын “Биньхай” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч Пан Гуншөн, Тяньжин хотын Улс төрийн зөвлөлийн дарга Ван Чансун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд болон албаны бусад төлөөлөгчид угтав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д ажиллах үеэрээ ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлнэ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хоёр талын уулзалт хийж, Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт VII уулзалтад оролцохоор төлөвлөж байна.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар албан ёсоор угтлаа.
Угтах ёслолын дараа ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнууд, ШХАБ+ хүрээнд оролцогч орнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нар дурсгалын зураг татуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлнэ.
Улстөр нийгэм
Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли хүрэлцэн ирлээ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр (2025.08.31) хүрэлцэн ирлээ.
Төлөөлөгчдийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Улсын Их Хурал дахь Монгол-Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс угтав.
Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа болон хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцоно.
Энэхүү айлчлал Шинэ Зеланд Улсын Парламентын даргын түвшинд Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал юм. Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 50 жилийн ой тохиож байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин 2025 оны 09 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийн түвшинд 31 жилийн дараа болох энэ айлчлал Монгол Улсын Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш, гуравдагч хөрш Австралитай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан уулзалт хийж, харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх тохиролцоог баталгаажуулах хүрээнд улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг боломжит бүх салбарт өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг асуудлаар санал солилцоно.
Амбан захирагч Саманта Мостин айлчлалынхаа үеэр манай улсад хэрэгжиж байгаа Австралийн төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.
Монгол Улс, Австралийн Холбооны Улс 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Эдүгээ Австралид 22 мянга гаруй монгол иргэн оршин сууж байна.
-
Цаг үе2022/01/25
Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг Киев хотод тэм...
-
Цаг үе2024/04/01
Улаанбаатарт зөөлөн цасан шуурга шуурна
-
Шударга мэдээ2021/02/11
Д. Машбат : “Улирал бүхэн өөрийн өнгөтэй байдаг. Тухайн улирлыг илтгэх өнг...
-
Цаг үе2021/06/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй