Улстөр нийгэм
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрбээр 2025 оны 02 дугаар сарын 25-нд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг БНХАУ-д айлчилж буйд баяртай байна гээд, уул усаар холбогдсон сайн хөрш Монгол Улстай сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Тэрбээр хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж, стратеги хөгжлийн зорилтоо харилцан уялдуулж, худалдаа, эдийн засгийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа улам тэлж байгааг тэмдэглээд, цаашид хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа онцлов.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын даргын хувиар гадаад айлчлалаа мөнхийн хөрш БНХАУ-аас эхэлж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид мэндчилгээ дэвшүүлснийг уламжлав. Тэрбээр, Монгол-Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэгийг дурдаад, хоёр талын парламент уламжлалт, найрсаг сайхан харилцаатай төдийгүй харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Монгол, Хятад хоёр улсын Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын 5 дахь удаагийн хуралдаан өнгөрсөн жил буюу хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Монгол, Хятадын Парламент хоорондын байнгын уулзалтын механизм бий болсны 10 жилийн ой тус тус тохиосон чухал жил зохион байгуулагдсан бөгөөд механизмын хурлыг энэ удаад Монгол Улсад зохион байгуулна. Тус механизмын хүрээнд хууль тогтоох дээд байгууллагын зүгээс баталсан хууль, тогтоомжийн хэрэгжилт, биелэлтэд хяналт тавих, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэвшилтэт технологийг ашиглах болон мэдээллийн технологийг нэвтрүүлэн хэвшүүлж байгаа талаарх туршлага хуваалцах талаар талууд санал солилцов.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентаас батлагдан гарч буй хуулиуд хүний эрхийг дээдэлсэн, иж бүрэн зохицуулалттай, цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэгддэг байх “Гурван төгөлдөршил” бодлогыг баримтлан ажиллаж буйгаа онцоллоо. Тэрбээр хоёр улсын хөгжлийн стратегийн уялдааг гүнзгийрүүлж, тэр дундаа дэд бүтэц, боомтын хөгжил, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, дэвшилтэт технологи, байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлэх саналаа илэрхийлэв. Монгол, Хятадын хөгжлийн бодлогыг харилцан уялдуулах хүрээнд ирэх онд батлагдах БНХАУ-ын 15 дахь удаагийн таван жилийн төлөвлөгөөнд талуудын хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийг тусгах талаар харилцан санал солилцлоо.
Боомт, дэд бүтцийн хамтын ажиллагааны хүрээнд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсантай холбогдуулан ойрын хугацаанд парламентаар холбогдох хуулийг соёрхон батлан, бүтээн байгуулалтыг эхлүүлэх талаар ярилцав. Үүнтэй холбогдуулан Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч зэрэг боомтуудын холболтын асуудлыг зэрэгцүүлэн эхлүүлэх, мөн Булган-Такашикен боомтын өргөтгөл, баруун бүс дээр худалдаа, эдийн засгийн хоёр дахь боомтыг байгуулах, баруун бүсийн хүн амын зах зээлээс алслагдсан байдлыг арилгах, бүс нутгийн хэмжээнд байгаа Орос, Монгол, Хятадын 30 гаруй сая хүн амын зах зээлийн төвлөрлийг бий болгох чиглэлээр ярилцлаа.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүс нутгийг эрчим хүчний төвлөрсөн төв, говийн бүсийг эрчим хүчний дэд төв болгон зарласантай холбогдуулан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх, эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгох хүрээнд судлагдсан талбайд том чадлын нар, салхины сэргээгдэх эрчим хүчний станц барьж, цахилгаан эрчим хүчийг БНХАУ руу экспортлох боломжийн талаар ярилцав.
Мөн талууд хамтын ажиллагааны шинэ чиглэлийн талаар санал солилцож, өндөр технологийн хөгжил, хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн малчид, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд идэвхтэй оруулах хүрээнд Монгол Улсын улаан буудай, гурил, тэжээлийг Хятад улсад экспорт хийх, анхан шатны боловсруулалт хийсэн малын гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх боломжийн талаар харилцан санал солилцлоо.
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Жао Лөжи хоёр улс харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэх, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна дижитал эдийн засаг, ногоон хөгжлийн чиглэлээр шинэ боломжуудыг эрэлхийлэхийг зорьж буй талаар онцлов. Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр талын мэргэжлийн Байнгын хороод, найрамдлын бүлгүүд болон орон нутгийн хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцохыг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.
Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.
Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн юм.
Улстөр нийгэм
Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар сарын 26-нд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажилласан. Энэ үеэр ойн сан бүхий, ногоон бүсэд иргэдийн чөлөөтэй зорчих, амарч зугаалах орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцалж, зөрчлийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

СХД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу ойн сан бүхий газарт иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, мод сүйтгэн газар ашигласан зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцлах, газрын зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 83 нэгж талбарт зөрчил арилгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох юм. Өнөөдрийн байдлаар 37 нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 46 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа үргэлжилж байна. Мөн 10 байршилд орц, гарцыг чөлөөлөөд байна. Тухайлбал, 21 дүгээр хороо, Жаргалантын аманд нэг байршлын 400 метр, Ар гүнтэд хоёр байршлын 14 метр, 34 дүгээр хорооны Баянголын аманд нэг байршлын 1,996 метр, 42 дугаар хорооны Зүүн салааны зуслангийн бүсэд нэг байршлын 268 метр урттай зөвшөөрөлгүй төмөр хашааг албадан буулгаж, орц, гарцыг чөлөөлсөн” гэв.

ЧД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Оргил “Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 67 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Түүнчлэн дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, иргэдийн ногоон бүсэд чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан нийт 70 нэгж талбарт илэрсэн зөрчлийг үе шаттайгаар арилгаж байна” гэлээ.

СБД-ийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Чинсанаа “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ногоон бүсээ хамгаалъя” аяны хүрээнд кадастрын зурагт тусгасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчилтэй есөн нэгж талбарын байршлыг өөрчилж, иргэдийн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн орц, гарцыг чөлөөлөөд байна. Эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ бодит ашиглалт хийгээгүй 178 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын зөрчил арилгасан байршлуудад дахин хашаа барих, зөрчил давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн хороог хариуцсан болон газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд долоо хоног бүр хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм.

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантогтох “Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 10 байршлын 112 га талбайд дрон нисгэж, боловсруулалт хийж, судалгааг нэгтгэсэн. Энэ хүрээнд ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 68 нэгж талбарт холбогдох сонсох ажиллагааг зохион байгуулж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Харин зургаан нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал дүүргийн Засаг даргын захирамжийн төслийн шатанд хянагдаж байна. Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан, ойн сан бүхий газарт нэвтрэх орц, гарцыг хаасан зөрчилтэй нэгж талбаруудыг чөлөөлж, иргэдийн зорчих эрхийг хангах ажил үргэлжилж байна. Газар албадан чөлөөлөхөөс өмнө хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, иргэдэд 14 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх, эзэнгүй хашаанд мэдэгдэх хуудас байрлуулах зэрэг арга хэмжээ авдаг. Ийнхүү газар чөлөөлөх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлдэг” гэв.







Улстөр нийгэм
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
