Улстөр нийгэм
ТБХ: Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжид 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээн авсан. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон бөгөөд үүнтэй холбогдуулан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсан. Уг тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасныг онцлов.
Мөн Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан төсвийн цаглаврын дагуу жилийн төсвийн төслийг Засгийн газар 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлахаар тус тус заасан. Харин Улсын Их Хуралд улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон тохиолдолд Засгийн газар төсвийн төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэх тусгайлсан зохицуулалт байхгүй тул хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар жилийн төсвийн төслийг Засгийн газар дахин боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн төсөлд орон нутгийн шат шатны төсвийг хэлэлцэн батлах хугацааг нарийвчлан тусгах боломжтой эсэх талаар тодруулахад, Сангийн сайд Б.Жавхлан, хуулийн төсөлд тодорхой хугацаа заах асуудлыг олон талаас нь ярилцсан. Дарааллын хувьд улсын төсөв батлагдсаны дараа, аймаг, нийслэл үргэлжлүүлэн сум, дүүргийн төсөв батлагддаг. Гэвч хуулийн хугацаанд төсвөө баталж чадахгүй бол яах вэ гэдэг эрсдэлийг тооцож, ондоо багтааж цаглаврыг батлах зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж үзсэн гэлээ.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсантай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах боломжтой, эсэх талаар лавласан. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хүчингүй болгосон тул Засгийн газар төсвийн төслийг шинээр өргөн мэдүүлнэ. Шинээр өргөн мэдүүлсэн нөхцөлд төсвийн хэлэлцүүлэг дөрвөн үе шатаараа явна. Харин үүнд нэг зохицуулалт тусгах шаардлагатай. Төсвийн тухай хуулиар 5 хоногийн зайтай хэлэлцүүлэг хийхээр хуульчилсан байдаг. Төсвийн төслийг дахин хэлэлцэхэд цаг хугацааны хайчинд шахагдсан байгаа тул дээрх зохицуулалтыг нэг удаагийн горимоор өөрчилж, хэлэлцэхгүй бол орон нутгийн шат шатны төсөв хугацаандаа батлагдахгүй байх нөхцөл үүсэж болзошгүй хэмээх тайлбарыг хийсэн.
Харин Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгч хориг тавьсан нөхцөлд Засгийн газарт буцаалгүйгээр хэлэлцдэг хуулийн зохицуулалт оруулж ирэх асуудал нээлттэй үлдэж байгаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх хэсгээр Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсантай холбоотой асуудлыг тодорхой зохицуулсан гэж үздэг хүмүүс бий. Харин зарим хэсэг нь үүний эрх зүйн чадамж сул байна гэдэг. Энэ удаагийн нэмэлт нь Улсын Их Хурлаас төсвийг буцаасан тохиолдолд Засгийн газар хэрхэн дахин өргөн мэдүүлэх вэ гэдэг асуудлыг зохицуулж байгаа. Ер нь цаашид гишүүний асууж буй зохицуулалтыг хуульд тодорхой тусгах шаардлагатай хэмээн хариулав.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Мөнхсоёл, Б.Заяабал нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийг хүчингүй болгож байгаа тул дахин өргөн мэдүүлэх шаардлага үүсэж байгаа юм. Тиймээс Төсвийн тухай хуульд ийм шинэ зохицуулалт нэмж буйг дэмжиж байна гэв. Мөн тэрбээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед шинэ зохицуулалтаар өргөн барьсан төсвийн төслийг Улсын Их Хурал хэд хоногийн хугацаанд хэлэлцэн батлах, үргэлжлүүлэн аймаг нийслэл гээд шат шатны төсөв батлах хугацааг цаглаварт тусгах асуудлыг олон талаас нь ярилцах шаардлагатай талаар санал хэлэв.
Эцэст нь Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 19 гишүүний 15 нь буюу 78.9 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Шударга мэдээ2020/10/07
Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар Завхан аймагт ажиллалаа
-
Улстөр нийгэм2021/03/06
“Сэтгүүлч Батдорж” сангаас оюутнуудад зориулсан тэтгэлэгт уралдаанаа...
-
Улстөр нийгэм2025/05/08
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
-
Цаг үе2026/04/20
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
