Улстөр нийгэм
МАН бүлэг: УИХ-ын тухай хуулийг намын бүлгүүдтэй зөвшилцөнө
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр болж, УИХ-ын тухай хууль, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хаврын чуулганаар УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах ёстой. УИХ 2019, 2023 онд хэлэлцэж баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламентын 126 гишүүнтэй болж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах үүрэг бүхий ажлын хэсгүүд өнгөрсөн онд байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболд ахалж, өнгөрсөн өвөл, хаврын хугацаанд ажиллан, хуулийн төслийг хэлэлцэхэд бэлэн болгосон. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдтэй холбоотой тодорхой хэдэн асуудлыг зарчмын хүрээнд хэлэлцэж, шийдвэрлэсэн. Ингэснээр УИХ-ын даргад өргөн мэдүүлж, нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд дээрх төслүүдийн шинэлэг заалтын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Дараагийн УИХ Үндсэн хуульд нийцсэн хуультайгаар ажлаа эхлүүлнэ. Тухайлбал, УИХ-ын бүрэлдэхүүн, зохион байгуулалт, бүтэц, УИХ-ын дарга, гишүүдийн бүрэн эрхийн, хууль тогтоох үйл ажиллагааны журмын талаар, УИХ-ын Тамгын газрын чиг үүрэг зэрэг долоон бүлэг бүхий өөрчлөлтөөр дээрх хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулна. УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, гишүүдийн 95 ба түүнээс дээш хувь нь сонгогдсоноор УИХ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх, сонгуулийн дүнгээр 64 ба түүнээс дээш суудал авсан нам олонх болох талаар албан ёсоор хуульчилсан.
УИХ сонгуулийн дараа үйл ажиллагаагаа эхлэхдээ чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өөрчилж, шинэчлэх бүрэн эрхтэй. Энэ үүднээс сүүлийн 30 гаруй жилийн туршлагаас үндэслэн хуралдааны цагийг зөв зохион байгуулах, хуулийг шуурхай хэлэлцэх, олонх, цөөнхийн оролцоог сайн хангах талд хоёр зарчмыг баримталж, УИХ-ын байнгын хороодыг байгуулахаар хэлэлцлээ. Тодруулбал, Байнгын хороод 19 гишүүнтэй байсныг 25 гишүүнтэй болгох, одоогийн хуулиар УИХ-ын гишүүд гурваас илүүгүй байнгын хороонд харьяалагддаг байсныг хоёроос илүүгүй байхаар тусгаж байна. Ингэснээр гишүүд өөрсдийн салбараар мэргэшин ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Дэд хороо, хянан шалгах түр хорооны хувьд одоогийн парламентын үед хуулийг шинээр мөрдөж, үйл ажиллагаа нь жигдэрч байгаа. Ер нь хянан шалгах түр хороо нь УИХ-ын үйл ажиллагаанд шинээр нэвтэрч буй шинэ, үйл ажиллагааны хувьд анхаарал татсан асуудлуудын нэг юм. Тиймээс дээрх түр хороог нийт гишүүдийн дөрөвний нэг нь санал гаргаснаар байгуулж, нэг дор дөрвөөс илүүгүйг байгуулж ажиллах саналыг оруулахаар бэлтгэж байна.
Нам, эвслийн бүлгүүдийн хувьд 12-оос дээш гишүүнтэйгээр бүлэг байгуулан ажиллах боломжтой. Олон гишүүнтэй парламент бүрэлдэх учраас өнгөрсөн 30 гаруй жилийн туршлага, олон улсын ижил төстэй парламентыг судалснаар хурлын чуулганыг аль болох үр дүнтэй явуулах талаар олон талаас ярилцаж хуулийн төслийг боловсруулж байна. Энгийнээр хэлбэл, бодлогын асуудлууд бүлгүүд дээр төвлөрдөг учраас аливаа хуулийг хэлэлцэх ерөнхий хугацааг тогтоогоод, бүлгүүдэд УИХ-д авсан суудлын тоогоор цагийг хуваарилж өгөх зарчмаар хуулийг хэлэлцэнэ. Хуулийн өөрчлөлтийн зарчмын асуудлуудыг бид Ардчилсан намд урьдчилсан байдлаар хэлж танилцуулсан. Одоо ХҮН-ын төлөөллийг оролцуулан байр сууриа нэгтгэх юм” гэв.
Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг дээрх хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “ Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар байнгын хороодын чадавх, эрх мэдэл мэргэжлийн байх ёстойг онцгой анхаарах ёстой талаар хэлэлцсэн. Засгийн газартай тухайн асуудал эрхэлсэн байнгын хороо нь хариуцлага тооцож чаддаггүй. Тухайлбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт гэх мэт асуудлуудаа оруулж ирэхэд хэрэгжилт нь тодорхойгүй, хариуцлага хэрхэн тооцох нь УИХ-ын талаас тодорхой байдаггүй. Энэ нь ард иргэдийн тухайн салбар болоод төрд итгэх итгэлийг бууруулж байна. Тиймээс тухайн байнгын хорооны гишүүдийн гуравны хоёроос дээш хувиар санал оруулж байх ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Улстөр нийгэм2023/04/26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар мэдээлэ...
-
Цаг үе2026/04/16
Түүх, соёлын дурсгалт эд зүйлсийг улсын хамгаалалтад шилжүүллээ
-
Цаг үе2024/01/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
Цаг үе2025/12/01
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
