Шударга мэдээ
Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд “Очир дагинас” ХХК-ын үйл ажиллагаатай танилцаж, хүнс үйлдвэрлэгч хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеийн шаардлагад нийцсэн стандартуудыг нэвтрүүлэх, олон улсын нийтлэг практикт хэрэглэгддэг зохицуулалтыг мөрдлөг болгох зорилгоор Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулсныг онцлов. Тус хуулийн төслийг баталснаар үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ олон улсын стандартад нийцүүлэн экспортлоход тулгардаг нөхцөл, шаардлага хөнгөрөх боломжтойг тэмдэглэлээ.
Тэрбээр Монгол Улсад үйлдвэрлэж буй хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлээр хязгаарлах бус, бүс нутгийн болон олон улсын зах зээлд гаргах бодит боломжийг тодорхойлох шаардлагатайг дурдав. Иймд чөлөөт бүсийг зөвхөн агуулахын зориулалтаар бус, үйлдвэржилт, экспорт, хөрөнгө оруулалт, ажлын байр бий болгох эдийн засгийн идэвхтэй бүс болгон хөгжүүлэх зорилт тавьж буйгаа илэрхийллээ. Мөн дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, их хэмжээний валютын урсгалтай бараа бүтээгдэхүүнийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх, нөгөө талаас дотоодын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ чөлөөт бүсээр дамжуулан экспортлох боломжийн талаар санал солилцов.
Уулзалтад оролцсон хүнс боловсруулах үйлдвэрлэгчид чөлөөт бүсэд газар олголтын асуудлыг шийдвэрлэх, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг Монгол Улсад хүлээн зөвшөөрдөг байх шаардлагыг хөндөн тавьсан байна.
Шадар сайд Н.Номтойбаяр цаашид үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийг өсгөн, чөлөөт бүсээр дамжуулан гадаад зах зээлд гаргах ажлыг бодит үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Шударга мэдээ
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны тавдугаар сарын 18-нд болж, Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
- Нөөцийн махны борлуулагдаагүй үлдэгдлийг 2026 оны тав, зургаадугаар сард зах зээлд нийлүүлэх,
- Нөөцийн махыг нэг этгээдэд давтамжтай болон их хэмжээгээр худалдан борлуулсан тохиолдлуудыг яаралтай хянан шалгаж, дутагдсан хэмжээгээр нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэхийг бэлтгэн нийлүүлэгчид хариуцуулах,
- Цахим төлбөрийн баримтгүй худалдаалсан нөөцийн махны хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжүүд орон нутгаас нөхөн бүрдүүлж, энэ сарын 25-ны дотор зах зээлд нийлүүлэх зэрэг ажлыг ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Хүнсний тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга нар стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, хүн амыг хүнсээр хангах үүрэгтэй. 2027 оны нөөцийн махны тоо хэмжээг тогтоож, ирэх жил дахин ийм байдалд хүргэхгүйн тулд эртнээс бэлтгэл хангаж ажиллахыг шат шатны Засаг дарга нарт үүрэг болгов.

Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны үлдэгдэл нэг мянга 400 тонн махны үнийн зөрүү, зах зээлд нэмэлтээр нийлүүлэх махны үнийн зөрүү болон холбогдох үйл ажиллагааны зардалд шаардагдах санхүүжилтийг батлагдсан төсөвтөө зохицуулалт хийж шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад, шаардлагатай санхүүжилтийг шуурхай олгохыг Сангийн сайд З.Мэндсайхан нарт тус тус үүрэг болголоо.
“Нөөцийн мах худалдаалах хугацааг 15 хоногоор сунгаж 2026 оны долдугаар сарын 1 болголоо. Мөн нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу 13-15 мянган төгрөгөөр борлуулна” гэж ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэллээ.
Мөн нөөцийн махыг бэлтгэх, хадгалах, түгээх, худалдан борлуулах зэрэг бүх үе шатанд цахим төлбөрийн баримт үйлдэх, стратегийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд худалдаалах боломжийг бүрдүүлж, зуучлагчаас хамааралтай худалдааны тогтолцоог халах чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж ажиллана.

Max, махан бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг, эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, энэ тав, зургадугаар сард зах зээлд нийлүүлэх махны хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой нийлүүлэлтийг хангах, үнийн огцом өсөлтөөс сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг зохион байгуулна.


Шударга мэдээ
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд сургуульд элсэх үндсэн шалгалтууд 6 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд явагдана.
Элсэлтийн ерөнхий шалгалт 6 дугаар сарын 25-ны өдөр Түүх, Англи хэлний шалгалтаар эхэлнэ.
6 дугаар сарын 26-ны өдөр
- Хими 10:00-11:40 цагт
- Газар зүй, 13:00-14:20 цагт
- Нийгэм судлалын 16:30-17:50 цагт.
6 дугаар сарын 27-ны өдөр
- Биологи, 10:00-11:20 цагт
- Математик 14:00-15:30 цагт
6 дугаар сарын 28-ны өдөр
- Физик 10:00-11:40 цагт ,
- Орос хэл, 13:00-14:20 цагт
- Монгол хэл 16:00-17:20 цагт
Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад цаг баримтлахыг анхааруулж байна. Шалгуулагчид шалгалтын байрандаа нэг цагийн өмнө ирсэн байх ёстой бөгөөд анги, танхимдаа шалгалт эхлэхээс 10 минутын өмнө орж, суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Мөн дурдсан хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгуулагчийг шалгалтад оруулахгүй юм байна.

Шударга мэдээ
Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно

