Улстөр нийгэм
50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ
Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн харьяа охин компани байгуулж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай асуудлыг Эдийн засаг, төсвийн хороогоор хэлэлцлээ.
Энэхүү нэгж нь нийслэлийн төр, захиргааны ажилтан, албан хаагч болон Ковид 19 цар тахлын үед ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн, нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан холбогдох танилцуулгыг хийсэн. Нийслэл Улаанбаатар хотод амьдарч буй айл өрхүүдийн 208 мянга гаруй өрх нь гэр хороололд амьдарч байна. Судалгаагаар эдгээр өрхийн 87.4 хувь нь орон сууцанд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Иргэдийн хувьд орон сууц худалдан авахад тулгарч буй гол бэрхшээл нь урьдчилгаа төлбөр байхгүй, ипотекийн зээлийн нөхцөл хангахгүй, тогтмол орлогогүй зэрэг шалтгаан байгаа юм.
Тиймээс НОСК нь 2022-2023 оны хугацаанд 15 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, Монгол банкинд худалдахаар төлөвлөсөн байна. Улмаар нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтнуудаас гадна цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн хувийн хэвшлийн 450 орчим ажилтан, албан хаагчийг хөнгөлөлттэй орон сууцаар хангахаар төлөвлөж буйг М.Говьсайхан хэллээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ шинээр орон сууц барихгүй бөгөөд зах зээлд бэлэн байгаа орон сууцуудаас худалдан авч, иргэдийг оруулах юм байна. Төлөөлөгчид хэлэлцэж буй асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төсөл яг зорилтот иргэддээ хүрэх, алсын дүүргийн иргэдийг хамруулах, бодит үр дүн хэзээ гарах зэрэг асуудлыг тодрууллаа. Харин Эдийн засаг төсвийн хорооны дарга М.Халиунбат энэхүү тогтоол эрх зүйн чадамжгүй болчихвий гэдэг асуудлыг санууллаа. Тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуульд УИХ-ын зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн охин компани байгуулж болохгүй гэсэн заалт бий аж. Тиймээс хэрэгжүүлэх гэж байгаа төсөл, хөтөлбөрөө Засаг даргаар батлуулсны дараа Нийслэлийн ИТХ-д оруулж ирэх хэрэгтэйг хэлсэн юм. Мөн Монголбанк төсвийн шинж чанартай асуудлыг санхүүжүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа тул тус банкнаас албан ёсны зөвшөөрөл авсан эсэхийг тодруулсан юм.
Энэхүү асуултад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга хариулахдаа “Төрийн хэмнэлтийн тухай хууль 2020 онд батлагдсан бөгөөд уг хуулиар Засгийн газрын өмнөх шийдвэрүүд хүчингүй гэсэн утгатай биш” хэмээн тайлбарласан юм. Харин төлөөлөгч М.Халиунбат НОСК-ийн дэргэд охин компани байгуулах албан ёсны шийдвэр гараагүй тул, асуудлаа дахин нягтлахыг санууллаа. Харин Монголбанк энэ ондоо багтаж хэрэгжүүлэх боломжтой гэсэн хариу өгчээ. Иргэдийг энэхүү хөтөлбөрт хамруулахдаа Зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах журмын дагуу шалгаруулалтыг зохион байгуулах аж. Асуудлыг төлөөлөгчдийн олонх нь дэмжиж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Товчхон:
Нийслэлийн 2020 оны “Орон сууцны хөтөлбөр”-ийн хөрөнгөөр СХД-ийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж, ашиглалтад орсон 22 айлын орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэн авах асуудлыг хэлэлцэн, дэмжлээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барилга баригдах болсонтой холбогдуулан Баянзүрх дүүргийн ЗДТГ-т бүртгэлтэй 14 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн хуучин барилга, газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлын хүрээнд буулгасан Нийслэлийн ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн балансад бүртгэлтэй гаражийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Дээрх 2 барилга нь нийт 19,872,37 төгрөгийн үнэлгээтэй аж.
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Контор улаан булангийн барилгыг Чингэлтэйн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг дэмжих төв ОНӨТҮГ-ын балансад шилжүүлэхийг хэлэлцэн дэмжлээ.
Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас хадгаламж зээлийн хоршоодод олгосон зээлийн авлагатай холбоотой Нийслэлийн халамжийн газрын шаардах эрхийг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв ОНӨТҮГ-т шилжүүлэхийг дэмжлээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр эмнэлгийн барилга барих болсонтой холбогдуулан Баянзүрх дүүрэгт буй 2 барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр энэхүү 2 барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогджээ. Тухайлбал, БЗД-ийн 17 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгад ашиглалтын шаардлага хангахгүй тухай Улсын байцаагчийн дүгнэлт 2019 онд гарсан бол, 20 дугаар хороо Гачуурт тосгоны Эрүүл мэндийн өсвийн барилга байгууламжид 2012 онд акт тавьсан байна.Улстөр нийгэм
Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Нийслэлийн ерөнхий боловсролын 166 дугаар сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрчилгээ авч, Сүхбаатар дүүргийн 600 гаруй хүүхэд монгол, англи хэлээр суралцах боломж бүрдэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2023 онд санаачилга гаргаж Сонгинохайрхан дүүргийн 151 дүгээр сургуульд Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлсэн бол энэ хичээлийн жилээс 166 дугаар сургуулийн сурагчид олон улсын түвшний боловсрол эзэмших нөхцөл бүрдлээ.
Кембрижийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл нар оролцож хүүхдүүдэд сурлагын амжилт хүслээ.

Хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох нь Засгийн газрын боловсролын бодлогын чухал зорилт гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжтой байх ёстой.
166 дугаар сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх зургаа дахь сургууль болж байна. Энэ бол эхлэл. Засгийн газар зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байгааг Ерөнхий сайд хэллээ.










Улстөр нийгэм
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталснаар 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхлэхээр болсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг тогтоох тухайЗасгийн газрын тогтоол батлагдлаа.
Суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүнг 40,000 төгрөг, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 төгрөг, суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөгөөр тус тус тогтоолоо.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, суурь тэтгэврийн хэмжээг тооцох томъёо болон тогтоолд заасан үзүүлэлтүүдийг баримтлан суурь тэтгэврийн хэмжээг тооцож, хуульд заасан хугацаанаас эхлэн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргалд даалгав.
Тухайлбал, нийт 240 сар буюу 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 769,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 201,550 төгрөг. Нийт 360 сар буюу 30 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 1,000,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 240,000 төгрөг байна.
Суурь тэтгэврийг одоо авч буй тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгоно.
Улстөр нийгэм
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Герман-Монголын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Берлин хотноо зохион байгуулав.
Форумыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж, хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 270 гаруй төлөөлөгч оролцлоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг форумыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Германы харилцааг 2024 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн нь худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээснийг тэмдэглэв.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөрөнгө оруулалтаар баяжуулах, Германы дэвшилтэт технологи, ноу-хауг Монгол Улсын нөөц боломжтой уялдуулан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, бизнес эрхлэгчдийг хамтарсан төсөл, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бодит ажил хэрэг болгохыг уриалав.
Бизнес форумын хүрээнд Монгол Улсын аж үйлдвэр, ноос, ноолуурын салбарын хөрөнгө оруулалтын боломж, хөгжил, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж, хоёр улсын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, ноу-хау нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын зах зээлийг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Форумын үеэр хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, барилгын материалын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн нийт зургаан баримт бичгийг солилцов.
Тухайлбал, Монголын “GR Precast” ХХК болон Германы “CBS Home” компани Монгол Улсад хөнгөн бетон угсармал эдлэлийн орчин үеийн үйлдвэрлэл байгуулах чиглэлээр, “Blackbox Energy” болон “smartOPS” компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг солилцов. Мөн “Хүнс Комплекс” ХХК Германы “Poly-clip System” болон “Eberhardt” компаниудтай тус тус бизнесийн хамтын ажиллагааны санамж бичиг солилцов.
Герман-Монголын бизнес форум нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох, харилцан ашигтай хамтарсан төслүүдийг урагшлуулах, Монгол, Германы Стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар баяжуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
-
Үзэл бодол2019/07/29
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.2 мянга нь эмэгтэйчүүд байна
-
Үзэл бодол2024/05/21
Б.Энхбаатар: 2024 онд улсын хэмжээнд байгаа 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуу...
-
Шударга мэдээ2024/03/04
Хүмүүнлэгийн тусламжийн цуваа орон нутгийг зорилоо
-
Улстөр нийгэм2023/01/20
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд өнөөдөр 77 гэрчийг дууджээ
