Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.2 мянга нь эмэгтэйчүүд байна

Огноо:

,

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 6 дугаар сарын эцэст 33.3 мянга, үүнээс 23.0 (69.1хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.3 (30.9хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 2.8 (10.8хувь) мянган хүнээр, өмнөх сараас 464 (2.0хувь) хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.2 (52.8хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 6.9 (30.1хувь) мянга нь Улаанбаатарт, 6.3 (27.3хувь) мянга нь Хангайн бүсэд, 3.8 (16.4хувь) мянга нь Төвийн бүсэд, 3.5 (15.3хувь) мянга нь Баруун бүсэд, 2.5 (10.9хувь) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Зураг 2. Нийт болон хөгжлийн бэрхшээлтэй бүртгэлтэй ажилгүй иргэд, бүсээр, дүнд эзлэх хувиар,  2019 оны 6 дугаар сарын эцэст

     

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 471 (2.0хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 234 (49.7хувь) нь эмэгтэйчүүд байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 6 сард ажилгүй 39.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 10.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 31.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 4.0 (9.1хувь) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.1 (6.3хувь) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 439 (4.5хувь) хүнээр өссөн байна.

Зураг 3. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн, ажилд зуучлагдан орсон иргэд, жил бүрийн эхний хагас жилд

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 6 дугаар сард 9110 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд 52.1 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.

Зураг 4. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд, ажил хайж буй шалтгаанаар, дүнд эзлэх хувиар, 2019 оны 6 дугаар сарын эцсийн байдлаар

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны 6 дугаар сарын эцэст 50.0 хувийг бүрэн дунд, 27.7 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.1 хувийг суурь, 4.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.6 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 0.9 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

Зураг 5. Бүртгэлтэй ажилгүй иргэд, боловсролын түвшнээр, дүнд эзлэх хувиар, 2019 оны 6 дугаар сарын эцэст

     

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Төв, Говь-Алтай, Өвөрхангай, Дорноговь, Архангай, Увс, Говьсүмбэр, Сүхбаатар, Дундговь аймагт улсын дунджаас 0.7-20.8 пунктээр илүү байна.

Эх сурвалж: ҮСХ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

С.Чинзориг: Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувийг буцаан олгоно

Огноо:

,

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ”Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ыг баталсан. 

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүл мэндийг дэмжих сан нь дараах үйл ажиллагааг санхүүжүүлэхээр туссан. Үүнд:
  • Нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа
  • Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийгдэх тандалт судалгаанаас гадна
  • Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчний улмаас гадаадад эмчилгээ хийлгэсэн иргэдэд олгох эмчилгээний зардлын тодорхой хувийг олгох,
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх арга хэмжээ
  • Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох тэтгэмж
Ийнхүү дэмжих сангаар санхүүжүүлэх үйл ажиллагааг өргөжүүлсэнтэй холбоотойгоор тухайн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулах, үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагаар оролцуулах, сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг нийтэд, ил тод нээлттэй мэдээлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулах юм.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг журам хэрэгжсэнээр иргэд эх орондоо оношлуулж, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэхээс гадна иргэдэд  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад учрах санхүүгийн дарамтыг бууруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн нэг чухал хэсэг байх болно гэдгийг онцолсон. Тэрбээр “Өнөөдөр батлагдсан журмаар дээрх хөрөнгийн тодорхой хувийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээний технологи нутагшуулахад хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх тухайлбал, гадаадын өндөр хөгжилтэй орноос төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг урьж авчран өөрийн орны эмч нарыг ажлын байранд нь сургах, өөрийн эмч нарыг гадаад улс оронд багаар нь сурган чадавхжуулах, оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэхэд шаардагдах санхүүжилтийг шийдэх юм.
 
Шинэ технологи нэвтрүүлэх зардлыг эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө хариуцдаг тул шинэ технологи нэвтрүүлэх ажил удаашралтай явагдаж ирсэн. Журам батлагдсанаар шинэ технологи нэвтрүүлэх зардлыг тусгай сангаас шийдэж, мэргэжлийн салбар зөвлөл тухайн технологи нэвтэрч нутагшсан гэсэн дүгнэлт гаргавал цаашдаа Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг зарчимд шилжиж байгаа болно.

Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний улмаас зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэдэд дэмжлэг болгон эмчилгээний зардлын ердөө 5,0 хувийг олгодог байсныг өөрчилж, насанд хүрэгчдэд 20,0 хувь, хүүхдийн эмчилгээний зардлын 50,0 хувийг буцаан олгох боломж бүрдсэн” гэсэн юм.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй, эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын эрхийг хүндэтгэж, донорын гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох тэтгэмжийг Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөс олгодог болгох зохицуулалтыг тус журмаар анх удаа шийдвэрлэж байгаа юм. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын хуралд үг хэллээ

Огноо:

,

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хурал 2024 оны хоёругаар сарын 24-ний өдөр Төрийн ордонд боллоо.

Энэхүү VII хуралд 12 орны 17 намын төлөөлөл болсон залуучууд хүрэлцэн ирж, дуу хоолойгоо нэгтгэн тухайн улс орон төдийгүй бүс нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцох, энх тайван, хөгжил цэцэглэлтийг сурталчлан таниулах зорилготой юм.

“Парламент дахь залуучуудад бид тийм гэж хэлнэ” сэдэвтэй хуралд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ. Тэрбээр, Азийн улс төрийн намуудын  үйл ажиллагаанд Монгол Ардын Нам 2004 оноос хойш идэвхтэй оролцож ирсэн. 2013 оноос хойш тус байгууллагын Байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна. Цаашид ч идэвхтэй оролцож, улс төрийн намуудын төлөвшил, шинэчлэлд хувь нэмрээ оруулахдаа баяртай байх болно гээд, залуу парламентчдын тоог нэмэгдүүлэх төдийгүй нэн удахгүй болох ээлжит сонгуульд нийгмийн бүх төлөөллийг бүрдүүлсэн парламент байгуулахаар зорьж байгаа тухай болон залуучуудын улс төрийн оролцоо, бодлого, шийдвэрт оролцох боломжийг хэрхэн нээж буйгаа танилуулсан юм.

Тэрбээр, залуучууд сонгуульд оролцох, санал өгөх, УИХ-д сонгогдохоос гадна өөр олон хэлбэрээр улс төрд оролцох боломжтой. Үүний нэг нь дижитал шилжилт юм. “3D (дижитал, ардчилсан, зөвлөлдөх) парламент” болох томоохон зорилтынхоо хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжих “D-parliament” системийг саяхан нэвтрүүлсэн. Мөн олон нийтийн өргөдлийн систем “D-petition” хэрэгжиж эхэлснээр цахим хэлбэрээр иргэд, залуучууд санал бодлоо илэрхийлэх үйл явц ихээхэн идэвхжсэн гэв.

Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар монгол орны цас зудын нөхцөл байдал хүндэрч, цаг уурын өөрчлөлт нүүдэлчин ард түмний амьдрал хүндээр тусч байгаа зэрэг улс орны нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Эцэст нь та бүхэн монгол орны тухай улам их мэдлэгтэй болж, хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож байгаад талархаж байна. Улмаар улс төрд, ялангуяа парламентад залуучуудын оролцоо, манлайллыг хэрхэн хангах талаар олон чухал санаачилга, шийдэл гарна гэдэгт итгэлтэй байна гээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Г.Занданшатар: Газар, газрын хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан гадны иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах, эзэмшүүлэх зохицуулалтын талаарх болон нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар оролцов.

Улсын Их Хурлын дарга мэдээллийн эхэнд, хэдийгээр хаврын сар гарч байгаа ч цас, зудын байдал нийт монгол орныг хамарч, хүндхэн байгаа тул аюул, эрсдэлийг гарз хохирол багатай даван туулахад онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Мал хэдийгээр малчдын өмч мөн боловч Монгол Улсын баялаг, тусгаар тогтнолын баталгаа тул төрийн бус байгууллагаас эхлүүлсэн малчдадаа тусламж дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн тусгал” аянд нэгдэхийг нийт монголчууддаа хандан уриалав.

Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй нийтийн өргөдлийг УИХ-ын “D-Өргөдөл” цахим системд нийтлүүлснийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар буюу 17 хоногийн хугацаанд 100.252 иргэн дэмжиж гарын үсгийг зурсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийнхээ засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг хүлээн авч, хэлэлцэж холбогдох байгууллагуудад уламжлах зохицуулалттай. Иймд УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэхэд, Байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн гэдгийг  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн. 

Мөн энэхүү хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг мэдэгдэв.

Түүнчлэн Газрын тухай хуулийн хэрэгжилт ил, тод бус байна. Иргэд 0.07 га газраа тэгш, шударгаар эзэмшиж чадахгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг уламжлах болсон тул Монгол Улсын иргэн бүрд газрыг эзэмшүүлэх асуудлыг УИХ анхааралдаа авахаар болсон гэв. Мөн Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсныг зарлалаа.

Ажлын хэсэг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга нар болон Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын бүрэлдэхүүнтэй ажиллах аж. Дэд ажлын хэсгийг төрийн хууль, хяналт шалгалтын байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, энэ чиглэлээр ажилладаг шинжээчид, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулган эхлэх өдөр буюу гуравдугаар сарын 15-ныг хүртэл түр хороо байгуулах, сонсгол хийх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,  Монгол Улсын болоод Монгол Улсын иргэдийн халдашгүй дархан өмч болсон газар, цаашлаад газрын хэвлийн баялаг, ашигт малтмалын нөөцтэй газраа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хууль цаашид ч батлагдах ёсгүйг тодотгов. 2013 онд Засгийн газраас өргөн барьж батлуулсан одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд хэдийгээр энэ хуулийн заалт Газрын тухай хуульдаа тусгагдаж хэрэгжээгүй боловч цаашдаа энэ мэтээр Монгол Улсын газар, газрын хэвлийн баялгийг гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, улмаар бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халтай хууль өргөн баригдах нөхцөлийг бүрмөсөн хааж өгнө гэж байлаа.

Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтай байгааг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.   

Дэлгэрэнгүй унших

Санал болгох