Урлаг спорт
50 жилийн дараах “Зуурдын сэтгэл”

1970-аад оны эхээр Монголд хит болсон "Зуурдын сэтгэл" киноны дуу нь 1968 Японд анх худалдаанд гарснаас хойш маш их алдаршиж 2 сая 700 мянган ширхэг пянз зарагдсан аж. Энэ дууг дуулсан Пинки буюу Кон Ёоко хатагтай 2021 онд Монголд тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшилсон юм.
Япон Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Кон Ёокогийн тоглолтыг наймдугаар сарын 20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. "White Rock Center"-д үнэ төлбөргүй болох энэхүү тоглолтод дуучин Д.Оюунтүлхүүр, Увертура хамтлаг, О.Солонго нар оролцоно.
Урлаг спорт
Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймаг 100 жилийн ойн баяр наадам тэмдэглэнэ
Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны долдугаар сарын 27, 28-нд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 01, 02-нд тус тус тэмдэглэнэ.
Хурдан морины бүсийн уралдааныг аймаг байгуулагдсаны ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулна. Мөн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг үндэслэн Говьсүмбэр аймгийн баяр наадмыг 2023 оны долдугаар сарын 06, 07, Булган аймгийн баяр наадмыг тус сарын 08, 09, Дорноговь аймгийн баяр наадмыг 27, 28-нд тус тус тэмдэглэхийг зөвшөөрлөө.
Урлаг спорт
Ц.Жамбалдорж: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь тогтвортой хөгжлийг хурдасгах хөшүүрэг гэдгийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг 2023 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна.
Энэхүү уулзалтын талаар УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдоржоос тодрууллаа.
-Та энэхүү чуулга уулзалтын тухай ерөнхий мэдээллээ өгнө үү?
-НҮБ-ын бүх гишүүн орнууд Тогтвортой хөгжлийн төлөө 2030 он хүртэл ажиллах мөрийн хөтөлбөр буюу Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2015 онд Ерөнхий ассамблейн 70-р чуулганаар баталсан. Үндсэндээ Шинэ мянганы эхэн дээр зарлаж байсан Мянганы хөгжлийн зорилтуудын үргэлжлэл болгож энэ хөтөлбөрийг баталсан. НҮБ-ын гишүүн 193 улс хамтран дэлхий даяар хамгийн өргөн хүрээг хамарсан зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, ирэх 15 жилийн хугацаанд буюу 2030 он гэхэд улс орнууд хамтдаа хөгжилд хүрэхийн төлөөх зорилтуудаа тодорхойлсон юм. Ядуурлыг арилгахаас эхлээд зорилгуудаа хэрэгжүүлэх хамтын ажиллагаа хүртэлх нийт 17 зорилгыг ямар нэгэн эрэмбэ дараалалгүйгээр зарласан байдаг. Монгол Улс мөн ялгаагүй тогтвортой хөгжлийн зорилгуудаа тодорхойлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд тасралтгүй ажиллаж байна. 2016 онд Монголын тогтвортой хөгжлийн зорилгуудыг баталсан байдаг.
Энэ зорилгуудыг хэрэгжүүлэхэд зөвхөн төр засгийн түвшинд ярилцаж, үүрэг хүлээх биш иргэн бүр, аж ахуй нэгжүүд, ТББ-ууд, эрдэмтэн судлаачид, институтууд гээд бүхий л оролцогч талуудын хүчин чармайлт, оролцоо нэн чухал гэдгийг хэлсээр ирсэн. Энэ ч утгаараа дэлхийд нэр хүндтэй Стэнфордын их сургууль тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэх, хүрэх үйл явцыг түргэтгэх ажилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ агуулгын хүрээнд өнгөрсөн онд “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг Бан Гы Мун сантай хамтран БНСУ-д зохион байгуулсан. Тус чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар үндсэн илтгэгчээр оролцож байсан. Харин энэ жилийн Азийн бүсийн тогтвортой байдлын яриа хэлэлцээг УБ хотноо энэ сарын 13-14 өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
-“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” хэмээн энэ удаагийн чуулга уулзалтын сэдвийг сонгосон байна. Энэ тухай тайлбарлаж өгнө үү?
-Өнгөрсөн жилийн БНСУ-д болсон “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт уур амьсгалын өөрлөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүд боловсруулах, залуу үеийнхний оролцоо гэсэн агуулгын хүрээнд өрнөсөн бол энэ жилийн чуулга уулзалт зохион байгуулж буй бүс нутгийн онцлог, оролцох улс орнуудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс шалтгаалан хэлэлцэх сэдэв, чуулга уулзалтын зорилтоо тодорхойлж байгаа юм. Тэр дундаа Тогтвортой хөгжлийн зорилгын 5-р зорилго болох жендэрийн эрх тэгш байдлыг хангах агуулгыг онцолж, тогтвортой хөгжлийг хурдасгах хөшүүрэг гэж энэ удаагийн чуулганаар тухайлан хэлэлцэх болно.
Өөрөөр хэлбэл, тогтвортой нийгэм, ирээдүйг бүтээхэд жендерийн эрх тэгш байдлыг хангах нь хөгжлийн ахиц дэвшлийн хөдөлгөгч хүч гэж үзэж байна. Дэлхийн олон улс оронд жендерт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт байсаар байна. Монгол Улсад шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар байр суурь хүчтэй яригдаж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдийн жагсаалтад эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх бодлогыг улстөрийн намууд баримталж байгаа. Энэ бүх тохироо нөхцөл бүрэлдсэн цаг үед олон улсын чуулга уулзалтыг яг энэ сэдвийн дагуу зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Улс орнууд тогтвортой хөгжлийг эрэлхийлж байгаа бол эмэгтэйчүүдийн манлайллын замналд ахиц дэвшил гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс олон улсын төвшинд нэр хүндтэй нөлөө бүхий илтгэгчид дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тулгараад буй саад бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг түргэвчлэх бодлогын шийдлүүдийг судлан ярилцана.
Үүний зэрэгцээ Алтай судлалын олон улсын чиг хандлагын талаар салбар хуралдаан болж, Алтай дамнасан орнуудын соёл, түүх, уламжлал, тогтвортой хамтын ажиллагаа, түншлэлийн талаар хэлэлцэнэ.
-Чуулга уулзалтад хүрэлцэн ирэх хүндэт зочдыг танилцуулахгүй юу?
-БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин болон БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр нарын нийт 10 орны 52 нэр хүндтэй зочид хүрэлцэн ирнэ. Олон улсын төвшинд нэр хүндтэй нөлөө бүхий илтгэгчид дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тулгараад буй саад бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг түргэвчлэх бодлогын шийдлүүдийг судлан ярилцана.
-Итгэлийн сэдвүүдийн талаар товч танилцуулбал?
-Чуулга уулзалтын 13-ны өдөр гол илтгэлүүд тавигдаж хэлэлцүүлгүүд өрнөнө. Тухайлбал, Стэнфордын Их сургуулийн Боловсролын дэд профессор, магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вотипка боловсролын салбар дахь жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавина. Мөн Эва Их сургуулийн Эмэгтэйчүүд судлалын төвийн профессор Юун Шил Ким тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдал хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллана. Чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Стэнфордын Их сургуулийн нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид болон бусад улс орнуудын эрдэмтэд Жендерт суурилсан хүчирхийлэл, Хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлгүүдэд оролцож илтгэгч, чиглүүлэгчээр оролцох юм. Энэ бүхнээс бодлогын шийдлүүдийг гаргах нь чуулганы эцсийн зорилго юм. Манай улстөрийн намууд, иргэний нийгэм, төрийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл болон Элчин сайдууд, Алтай судлалын эрдэмтэд зэрэг гадна, дотны 200 гаруй хүн оролцоно гэж төлөвлөж байна.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Урлаг спорт
Нийслэл дэх “Соёлын сэргэлт 2023” аяны хаврын хаалт боллоо
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд иргэдэд хүргэх соёл, урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Соёлын сэргэлт 2023” аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна.
Уг аяны нийслэл дэх хаврын хаалтын арга хэмжээг Багахангай дүүрэгт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, тус дүүргийн Засаг дарга А.Сүхболд, Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар оролцов.
Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд “Соёлын сэргэлт аяны хүрээнд Багахангай дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийн гар урлаачид өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэн дэлгээд байна. Мөн дүүргийн зүгээс соёл, урлагийг дэмжсэн хэд хэдэн томоохон ажлыг өрнүүлж буй. Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Багахангай дүүрэгт 500 хүний суудалтай шинэ Соёлын ордон барьж байна. Мөн өнгөрсөн жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын ордны 19 төрлийн 63 тоног төхөөрөмжийг шинэчилсэн” хэмээлээ.
Энэ үеэр иргэдэд зориулан лекц, илтгэл хэлэлцүүлснээс гадна соёлын ажилтнуудыг чадавхжуулах сургалт, Улаанбаатар хотын музейн үзэсгэлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” чуулгын тоглолт зэрэг соёл, урлагийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулав.
“Соёлын сэргэлт-2023” аяныг нийслэлийн дөрвөн дүүрэг (Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай)-т зохион байгуулсан бөгөөд ирэх намраас бусад таван дүүрэгт зохион байгуулах юм.
-
Улстөр нийгэм2020/04/15
Т.Бадрал: Эрээн хотоос 50 иргэнийг татаж авч ирэх шийдвэрийг гаргалаа
-
Цаг үе2023/03/07
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах байнгын ажил...
-
Цаг үе2022/11/30
Монгол Улс БНСУ-тай хамтран нисэхийн сургууль байгуулна
-
Улстөр нийгэм2022/12/23
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Ренчиндоржийн Онончимэг сонгогдлоо
Сэтгэгдэл