Улстөр нийгэм
Хорт хавдрын эрт илрүүлэг, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга технологийг судлах олон улсын хамтарсан төв байгуулах талаар санал солилцов
УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум-2022” арга хэмжээнд оролцож буй Япон Улс, ОХУ-ын эмч, мэргэжилтнүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав.
Энэхүү симпозиумыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар Хавдар судлалын үндэсний төв болон АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хамтран энэ сарын 05-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хорт хавдрын мэс заслын орчин үеийн арга технологи, дүрс оношилгооны шинэ аргуудаас суралцаж, туршлагажихын чухлыг онцлоод өөрийн орны сайн туршлагаасаа хуваалцаж манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

Хорт хавдар нь манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд тэр дундаа элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт өсөн нэмэгдэж байна. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төсөв санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлээд таван жил болсон байна. Мөн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулж, хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ тогтолцоог бэхжүүлэхэд “Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум-2022” арга хэмжээ чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Мөн хорт хавдар тэр дундаа элэгний хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэхэд эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шинэ технологиудыг нэвтрүүлэх асуудал чухлаар тавигдаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдаад гурван улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хорт хавдрын эрт илрүүлэг, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга технологийг судлах хамтарсан сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах боломжтой талаар байр сууриа илэрхийлэв.
ОХУ болон Япон Улсын эмч, мэргэжилтнүүд УИХ-ын даргын санаачилгыг бүрэн дэмжиж буйгаа тэмдэглээд хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлж, эмчилгээний шинэ арга технологид суралцах, нутагшуулахад хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм. ОХУ-ын эрүүл мэндийн салбарт цөмийн анагаах ухаанд суурилсан хорт хавдрын орчин үеийн өндөр техник-технологи хэдийнэ нэвтэрсэн бол Япон Улсад дүрслэл оношилгооны технологийг ашиглан хорт хавдрыг эрт илрүүлж, эмчилгээний олон аргыг амжилттай нэвтрүүлж байгааг эмч, мэргэжилтнүүд уулзалтын үеэр хэлж байлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэг, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны "Үндэсний эрүүл мэндийн судалгааны радиологийн төв"-ийн ерөнхий захирал, ОХУ-ын Хавдар судлаачдын холбооны ерөнхийлөгч, ОХУ-ын ШУА-ийн академич Каприн Андрей, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны "Үндэсний эрүүл мэндийн судалгааны радиологийн төв"-ийн шинжлэх ухаан хариуцсан дэд захирал Шегай Петр, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Эрхүү хот Дээд мэргэжлийн боловсролын төвийн Хавдар судлалын тэнхимийн профессор, Эрхүү хот дахь бүсийн Хавдар судлалын төвийн мэс засал хариуцсан орлогч дарга Расулов Родион, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Эрхүү хот дахь Дээд мэргэжлийн боловсролын төвийн Хэвлийн хавдар судлалын тасгийн эмч Муратов Андрей, Япон Улсын Жунтендо их сургуулийн Гастроэнтерологийн дүрслэл, интервенцийн хавдар судлалын тэнхимийн доктор, Хүний их эмч, анагаах ухаан доктор Шиина Шуичиро, Япон Улсын Хавдар судлалын үндэсний төвийн ЭХО оношилгооны тасгийн эрхлэгч, Хүний их эмч, профессор Ясунори Мизүгүчи, Япон Улсын Киотогийн их сургуулийн дэд профессор, элэг, цөс, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн эрхлэгч Тошими Кайдо болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
