Шударга мэдээ
"Эмзэг цэг" арга хэмжээг өдөр бүр зохион байгуулж байна

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах "Эмзэг цэг" арга хэмжээг өдөр бүр зохион байгуулж байна.
Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүд нийтээр дагаж мөрдөх тогтоол, шийдвэрийг зөрчиж, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг тооцолгүй зөвхөн бизнесийн эрх ашгийн үүднээс цагийн хязгаар хэтрүүлэх, 21 насанд хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, шөнийн цагаар гар дээрээс архи худалдан борлуулах зэрэг зөрчил бүртгэгдэж байна.
Тухайлбал, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийн хооронд дараах байгууллага, аж ахуйн нэгжүүд зөрчил гаргасныг эрх бүхий албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр хүлээлгэн өгчээ.
-Баянгол дүүрэг 19-р хороо Секрэйт караоке НЗД-ын захирамж зөрчиж, цаг хэтрүүлэн шөнийн цагаар ажилласан
-Баянгол дүүрэг 14-р хороо иргэн Б.Төгөлдөр гар дээрээс архи худалдан борлуулсан
-Баянгол дүүрэг 22-р хороо Гэгээ зочид буудлын гадна З.Хосбаяр гар дээрээс архи худалдан боруулсан
-Чингэлтэй дүүрэг 3-р хороо "S" караоке НЗД-ын захирамж зөрчиж, цаг хэтрүүлэн шөнийн цагаар ажилласан
-Чингэлтэй дүүрэг 4-р хороо “Мелоди” кароаке нь НЗД-ын захирамж зөрчиж, цаг хэтрүүлэн шөнийн цагаар ажилласан
-Чингэлтэй 5-р хороо “Yumi” кароаке насанд хүрээгүй иргэнд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн
-Чингэлтэй 9-р хороо Баян зочид буудлын урд зохих гар дээрээс архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан
-Чингэлтэй 5-р хороо “VIP” короаке НЗД-ын захирамж зөрчиж, цаг хэтрүүлэн шөнийн цагаар ажилласан
-Чингэлтэй 5-р хороо “Эксотик” баар НЗД-ын захирамж зөрчиж, цаг хэтрүүлэн шөнийн цагаар ажилласан
Монгол Улсын хууль тогтоомж, Нийслэлийн Засаг даргын захирамж, УОК, НОК-ын шийдвэр, иргэд, олон нийт, тэдний гэр бүлийн гишүүд, үр хүүхдийнхэн эрүүл аюулгүй байдлыг хангах нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн үүрэг, архи согтууруулах ундааны зүй зохисгүй хэрэглээтэй холбоотой өдөр бүр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн зовлон шаналал бүртгэгдсээр байгааг харгалзан архи, согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхэлдэг бизнес эрхлэгч та хүүхдийнхээ ирээдүйд санаа тавьдаг шигээ бусдад мөн санаа тавьж, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг уриалж байна.
Эх сурвалж: НЦУГ
Шударга мэдээ
ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсгол болно
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Бүртгэл: 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж илгээнэ үү.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулна.
Нэр дэвшигчдийн мэдээлэл: Монгол Улсын Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр ЗГ-122 тоот албан бичгээр Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Нямдаваагийн Монсор, Жаргалсайханы Золзаяа нарыг тус тус нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлсэн болно.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-201, Төрийн байгуулалтын байнгын хороо. /Лавлах утас: 260280 /
Цахим шуудангийн хаяг: Battogtokhe@parliament.mn
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.
Шударга мэдээ
Барилгын чанар, аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд хийх ажлуудыг тодорхойллоо
Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, салбарын хяналтын тогтолцоо, хууль, эрх зүйн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд барилгын салбарын эрдэмтэн судлаач, инженер, зураг төсөл зохиогч, барилгын материал үйлдвэрлэгч зэрэг мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ, төслийн нэгж, төрийн холбогдох байгууллага зэрэг нийт 70 гаруй байгууллагын 220 гаруй төлөөлөл оролцсон юм.
Мэргэжлийн байгууллагуудын танилцуулга, мэдээлэл, оролцогчдын санал хүсэлтийг зөвлөгөөний төгсгөлд нэгтгэж дүгнэлт гаргасныг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан.
Тэрбээр “Барилгын үйл ажиллагааны үе шат бүрд тавих хяналт чухал, тэр дундаа төрийн хяналт нэн чухал нь харагдаж байна. Ерөөс хяналт сайн бол барилгын чанар, аюулгүй байдал хангагдана” хэмээв. Хэлэлцүүлэгт оролцогчдоос ирсэн саналуудын 60 гаруй хувь нь шат шатны хяналтыг сайжруулж, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр, мөн барилга барих зөвшөөрөл олгох, комисс хүлээн авах үйл ажиллагааг нээлттэй болгож, мэргэжлийн аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажиллах чиглэлээр давхардсан байна.
Дүгнэлтийг хууль эрх зүйн шинэчлэл хийх, хяналт шалгалт хийж хариуцлагыг дээшлүүлэх, зохион байгуулах гэсэн гурван хүрээнд гаргасан юм.
Хууль эрх зүй шинэчлэлийн хүрээнд:
- Барилгын чанар, аюулгүй байдал, стандартыг хангуулахад чиглэсэн хуулиас эхлээд стандарт, норм, дүрэм, журмуудыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх.
- Барилгын материал импортлогч, ханган нийлүүлэгчийн чиг үүрэг, хүлээх хариуцлага, тавих хяналтын тогтоцолцоог сайжруулах. Улсын хилээр заавал тохирлын баталгаанд хамрагдсан бараа бүтээгдэхүүнийг импортолдог болох.
- Барилгын аюулгүй байдлыг барилгын чанараар хангахын тулд бүх үе шатанд төрөөс хяналт тавих үйл ажиллагааны нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох.
- Шинээр баригдаад ашиглалтад оруулах боломжгүй барилга байгууламжийг ашиглалтад огт хүлээн авахгүйгээр албадан буулгах, орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхээс сэргийлж олон нийтэд мэдээлж, олон нийтийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг бий болгох.
- Хууль зөрчдөг, ажил цалгардуулдаг, төрийн албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгодо, хувийн ашиг сонирхлын зөрчил үүсгэн хуулийн хариуцлага хүлээлгүй ажлаас халагдаад өнгөрдөг байдлыг таслан зогсоож, ажлаас халагдсан ч нөхөн хариуцлага хүлээлгэдэг болгох.
- Төрийн хяналтын үйл ажиллагааг чанартай болгохын тулд гарсан хохирлыг санхүүгийн болон эрх зүйн хувьд дааж чадахуйц хөндлөнгийн хяналт хийх тогтолцоог бүрдүүлэх.
- Барилга байгууламжийг хүчитгэх, бэхэлгээ хийх харилцаанд оролцогчид, тэдний үүрэг хариуцлагыг тодорхой болгож, эрх зүйн орчныг бүрдүүлэх.
- Захиалагч барилга байгууламжийг барихдаа өөрийн хөрөнгөөр тухайн орчны авто замыг шинээр барих, өргөтгөх, хүрэлцээтэй авто зогсоол байгуулах, сургууль цэцэрлэг зэрэг нийгмийн барилга байгууламж бүхий цогц төлөвлөгөөний дагуу барилгажуулах зохицуулалтыг бий болгох.
- Барилгын материалын сорьцын лабораториор шалгагдсан материал нийлүүлэгч тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бараа материал нийлүүлэх тогтолцоог бий болгох.
Хяналт шалгалт хийж хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд:
- 2002 оноос хойш баригдсан, санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон барилгуудаас газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон барилгын газар олголтоос эхлээд улсын комисст хүлээн авсан бүх үе шатны зөвшөөрөл олголт, хяналт хийсэн эрх бүхий төрийн албан хаагч болон барилгын захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгж, иргэдэд хариуцлага тооцох.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажлыг эхлүүлсэн барилгыг буулгах хүртэл арга хэмжээг авч, цаашид дахин зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлэхийг таслан зогсоох.
- Ашиглагдаж байгаа барилгад давхар нэмсэн, үндсэн хийц бүтээцэд өөрчлөлт оруулсан, барилгын даацын ханыг нурааж газар хөдлөлтөд тэсвэргүй, галын аюулгүй байдлын шаардлагыг зөрчсөн барилга байгууламжийн нэгдсэн судалгаа, дүгнэлт гаргаж, хууль, дүрэм зөрчсөн хуулийн этгээдэд хариуцлага тооцох.
- Гаднаас импортоор орж ирж байгаа болон дотооддоо үйлдвэрлэж байгаа барилгын үндсэн хийц бүтээцэд ашиглах материал болон зах зээл дээр жижиглэнгээр бэлэн зарагдаж байгаа барилгын туслах материалын чанар, аюулгүй байдалд байнгийн хяналт тавих, гарал үүслийг шалгадаг нэгдсэн тогтолцоог бий болгох.
- Барилга захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагын дотоодын хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх.
Зохион байгуулалтын ажлын хүрээнд:
- Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрсний хурдатгал бичигч станцын сүлжээг өргөтгөж, хот орчмын газар хөдлөлтийг бүртгэх станцын тоог нэмэгдүүлэх.
- Газар хөдлөлтийн голомтуудын нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлэх.
- Барилгын материалын эрүүл ахуйн үзүүлэлтийг тодорхойлох лаборатори байгуулах.
- Эх орны түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэж, чанарын лабораториор баталгаажсан барилгын материалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх.
- Барилга байгууламжийн мэдээллийг нэгтгэн нэгдсэн мэдээллийн санг байгуулж, олон нийтийг бодит мэдээллээр хангах.
- Барилгад газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээ хийж, бэхлэн хүчитгэх, барилга байгууламж ашиглалтын явцад тогтмол засвар үйлчилгээ хийх, мөн ашиглалтын шаардлага хангахгүй олон нийтийн зориулалттай болон орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах ажлыг эрчимжүүлж, холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангаж, хамтран ажиллах.
- Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааг сайжруулж, цонхны чанар, стандартын шаардлагыг үл эвдэх сорилын аргаар шалгаж, тодорхойлдог хөндлөнгийн техникийн хяналтын байгууллагын төлөөллийг улсын комиссын бүрэлдэхүүнд оруулж хамтран ажиллах.
- Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, комисс хүлээн авахдаа орон нутаг, дүүргээс санал авч, зөвшилцөх.
- Орон сууцны зориулалттай байранд өргөтгөл, засвар шинэчлэлт хийх замаар барилгын үндсэн хийц бүтээцийг өөрчлөх, өргөтгөл барих, үйлдвэр үйлчилгээ явуулдаг байдлыг зогсоож, буруутай этгээдээр сэргээн засварлуулж, хүчитгүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах.
- Зураг төсөл зохиогч, барилгын ажил гүйцэтгэгч компаниудад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулж, чадавхижуулах.
- Хууль тогтоомж, норм, дүрэм, стандартыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтэд сурталчилан таниулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах.
Зөвлөгөөний дүнд гаргасан эдгээр дүгнэлтэд үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шат шатны төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаач, иргэд хариуцлагатайгаар хамран ажиллах нь чухал гэдгийг оролцогчид онцолж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
Таван компанийн ханш тогтвортой байлаа
2023 оны 3 дугаар сарын 20-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 311,780,762 төгрөгийн үнийн дүн бүхий 901,035 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсөж, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Женко тур бюро ХК (JTB +6.32%), Мерекс ХК (MRX +6.25%), Монгол шуудан ХК (MNP +5.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Таван толгой ХК (TTL -14.98%), Жуулчин дюти фрий ХК (SUL -14.39%), Бөөний худалдаа ХК (BHL -11.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,656 ширхэг нэгж эрхийг 4,480,901 төгрөгөөр
-Хөрөнгөөр баталгаажсан 15,693 ширхэг үнэт цаасыг 1,570,032,650 төгрөгөөр
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 64 ширхэг бондыг 6,336,000 төгрөгөөр
-Багцын арилжаагаар 1,203,599 ширхэг үнэт цаасыг 255,33,471 төгрөгөөр
-Тавантолгой ХК-ийн 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 5,654,400 ам.доллар буюу 19,949,005,920 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 2.89 хувиар буурч, 38,404.34 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,811,143,011,657 төгрөг боллоо.
Өнөөдөр /2023.03.20/ нийт 22,096,967,704 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
-
Улстөр нийгэм2022/05/10
Г.Занданшатар: Тоон гарын үсэг бол цахим хувьсгал, цахим өөрчлөлтийн томоохон дэ...
-
Цаг үе2020/12/07
Өнөөдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Улстөр нийгэм2022/05/18
УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгохыг холбогдох алб...
-
Улстөр нийгэм2021/10/14
ЗГ: Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн III хуралдаан болно
Сэтгэгдэл