Улстөр нийгэм
ЗГ: Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 22-нд болж, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай Монгол Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хийсэн үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд хөрөнгө оруулагч талаас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн саналыг харгалзаж дараах арга хэмжээг авах талаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.
-Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2,3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх,
-2015 оны Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах, дуусгавар болгох,
-Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах,
-Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртлэх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх,
-“Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг арга хэмжээ авах талаар тогтоолын төсөлд тусгасан байна.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа
Холбооны Гадаад хэргийн яамны “Вилла Борсиг” цогцолборт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүрэлцэн ирэхэд Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр угтан мэндчилэв.
Хоёр улсын төрийн тэргүүн нар дурсгалын зураг татуулж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.
Угтах ёслолын үеэр Хүндэт харуулын цэргүүд жагсаж, харуулын захирагч айлтгал өргөв.
Монгол Улс, ХБНГУ-ын төрийн дуулал үлээвэр найрал хөгжимд эгшиглэсний дараа Ерөнхийлөгч нар Хүндэт харуулын цэргүүдийн өмнүүр алхаж, харуулын тугийн өмнө хүндэтгэл үзүүлэв.
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс үүрэгт ажилдаа орсон.
Холбооны Ерөнхийлөгчийг Бундестагийн нийт гишүүд болон муж улсуудын парламентуудаас сонгогдсон Бундестагийн гишүүдийн тоотой тэнцүү тооны төлөөлөгчөөс бүрдэх Холбооны хурлаар 5 жилийн хугацаагаар сонгодог.
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 2008 онд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улсаас ХБНГУ-д төрийн тэргүүний түвшинд 1995, 2000, 2012, 2015 онд тус тус айлчлал хийсэн. ХБНГУ-аас Монгол Улсад төрийн тэргүүний түвшинд 1998, 2008, 2015, 2024 онд тус тус айлчилжээ.
Улстөр нийгэм
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


Улстөр нийгэм
“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав
“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт /2026.10.18/ Ховд аймагт болов. Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орсноор Евразийн зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох үүд нээгдэнэ.
Экспортыг дэмжих логистикийн төвийг Ховд аймагт байгуулна. Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийн эрчим хүчний тусгаар тогтнолыг хангах том төсөл гэдгийг хүн бүр ойлгож, дэмжих нь чухал гэлээ. Мөн "Ховд эко цемент" үйлдвэрийн бүтээн байгуулалтаар бахархаж буйгаа Ерөнхий сайд хэлээд Засгийн газар хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэн бүрээ дэмжинэ гэв.

Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүлж, төрийн зардлаас 1.4 их наяд төгрөг танаж батлуулсныг танилцуулав. Хэмнэсэн зардлыг иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, өрхийн бодит орлогыг хамгаалахад зориулна гэдгийг онцлов. Тухайлбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 01-нээс ахмадууд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр 26 хувиар нэмэгдэж 600 мянган төгрөг, асран хамгаалагчдын тэтгэмжийг мөн 12 хувиар нэмсэн. Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигд 50 хувиар нэмнэ. Багш, боловсролын салбарын ажилтны цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөгийг батлуулсан. Мах, гурил, хүнсний ногооны нөөц бүрдүүлнэ. Цахилгааны үнэ нэмэхгүй. Шатахууны импортын татварыг тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ гэлээ.

Мөн 2027 оны төсвийн төслийн онцлох есөн шийдвэрийг танилцуулав. Монгол Улс анх удаа Оюу толгойгоос хүртэх ногдол ашиг гурван их наяд төгрөгийн өгөөжийг ард түмэндээ хүргэнэ. 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, өвлүүлэх, бэлэглэх, арилжих нөхцөл бүрдүүлнэ. Татварын реформ хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжийг 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө. Тэтгэврийн реформоо үргэлжүүлж дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэнэ. Ахмадуудыг эмийн үнийн дарамтаас чөлөөлнө, иргэдийн эмэнд төлөх 79 тэрбум төгрөгийг халаасанд нь үлдээнэ. 16 мянган өрхийг орон сууцтай болгоно. Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь нэмнэ. Эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулж “Ногоон сургууль”-ийн тоог нэмнэ зэрэг иргэн, бизнес эрхлэгчдээ дэмжих төсвийн төслөө дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо танилцуулсан. Төсвийн орлогод эзлэх татварын орлогын хэмжээг үе шаттайгаар бууруулж иргэд, аж ахуй нэгжийг дэмжинэ. Засгийн газар төрийн өмчит компаниудыг татан буулгаж байна. ТӨК-иудын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг эхлүүлсэн. Эдгээр төслийн үр дүнд 2030 он гэхэд 41 мянган шинэ ажлын байр бий болно. Үйлдвэрүүдэд ажиллах хүний нөөцийн суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулж, түлш, шатахууны хэрэглээнийхээ 50 хувийг хангана. 2030 он гэхэд 3199 МВт хүчин чадалтай болж эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах бодлого баримтална. 50 мянган яндан буулгаж, 100 мянган айлыг орон сууцанд хамруулна. Авлигатай ил тод тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна гэлээ.

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмж, тэтгэврийн шударга тогтолцооны суурийг тавьж, эмийн үнийн дарамтыг багасгаж буйд Ховд аймгийн иргэд талархал илэрхийлэв.
Улсын хэмжээнд 1600 гаруй цаг уурч байдаг. Нарийн мэргэжлийн энэ хүмүүсийн цалин хөлс, нийгмийн асуудал орхигдсон байсныг Засгийн газар шийдвэрлэж, анхаарч буйд тэд баяртай байгаагаа хэллээ.
Мөн Халзанбүрэгтэй төслийн хүрээнд орон нутгийнхны санал хүсэлтийг бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсэв.




-
Шударга мэдээ2020/07/01
Ж.Батбаясгалан: Үйлчилгээний газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм ...
-
Цаг үе2024/05/31
“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг болж байна
-
Цаг үе2024/05/17
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль эцэслэн батлагдлаа
-
Цаг үе2025/02/24
Сар шинийн баяраар хилийн боомтууд хоёр хоног амарна
