Улстөр нийгэм
Зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааг Хотын даргад танилцууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь төлөөлөгчдийн газрын дарга Тамура Ерико болон бусад албаныхантай уулзлаа. Уулзалтад ЖАЙКА-гаас зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааг танилцуулан, хамтын ажиллагаа, замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төслүүдийн талаар санал солилцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “2022 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохионо. Бид Япон Улстай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, илүү нягт хамтран ажиллахыг эрмэлзэж байна” гэлээ. Тэрбээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлж, ойр дотно хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлд УИХ, Засгийн газраас онцгой анхаарал хандуулж, Түгжрэл бууруулах үндэсний хороог байгуулсан. Тус үндэсний хороо авто замын түгжрэлийг богино болон дунд хугацаанд үе шаттайгаар 30 орчим хувь бууруулахаар төлөвлөснийг онцолсон юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хүн амын суурьшил маш хурдацтай өсөн нэмэгдэж буй Яармагийн авто замын түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдол бүхий Ажилчны гүүрийн төслийг ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлэх саналаа илэрхийлсэн юм. Төслийг хэрэгжүүлснээр Яармагийн авто замын ачаалал 30-40 хувь хүртэл буурах боломжтой гэлээ. Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр байгальд ээлтэй буюу цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх тухай болон авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бусад төслүүдийн талаар санал солилцов.
ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Ерико өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлсэн сургууль барих, агаарын бохирдол бууруулахад чиглэсэн болон бусад төслийг дурдаад, цаашид хэрэгжүүлэх зам тээврийн түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын төслүүдийн талаар байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн одоо хэрэгжүүлж буй зам тээврийн төслүүдийн талаар ЖАЙКА-гийн Дэд бүтэц, хувийн хэвшил хариуцсан төлөөлөгч Койзума Тайга танилцуулж, зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааны хүрээнд боловсруулсан 30 орчим төслөөс ойрын жилүүдэд хэрэгжүүлэх ач холбогдолтой таван төслийг онцлон танилцуулна гэдгээ мэдэгдлээ.
Улстөр нийгэм
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Сэтгэгдэл