Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг хамгаалалтад авч, эмнэлгийн тусламж үзүүлэв

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/837 дугаар  “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” захирамж гарсан. Энэ дагуу нийслэлд амьдарч байгаа гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг аливаа эрсдэлээс хамгаалах, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, халамжийн үйлчилгээнд хамруулах  нэгдсэн арга хэмжээг  өчигдөр нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.  

Нийслэлийн Цагдаагийн удирдах газар нь гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг олж тогтоох, цуглуулах, бүртгэлжүүлэх ажлын хүрээнд 602 орон сууцны 1315 орц, хонгил, 12 барилга байгууламж,  хүнсний долоон зах, худалдааны төв, дулааны 52 худаг, хоёрдогч түүхий эд авах цэгт үзлэг шалгалт хийж,  гэр оронгүй 239 иргэнийг олж тогтоон, бүртгэлжүүлжээ. Тэднээс  96 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төвд, 118 иргэнийг түр хоноглох үйлчилгээ үзүүлж байгаа  төрийн бус таван байгууллагад байршуулсан бол 24 иргэнийг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдээс сүрьеэ, ДОХ, тэмбүү,  элэг, цусны ерөнхий шинжилгээ зэрэг бүх төрлийн шинжилгээ авч, цээжний рентген зураг авсны сацуу сэтгэцийн эрүүл мэнд, дотор, мэдрэл зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Дээрх иргэдэд “Ковид-19” цар тахлын  түргэвчилсэн оношлуураар шинжилгээг хийхэд 238 иргэний хариу сөрөг гарчээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан нэг иргэнийг “Энэрэл” эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан энэ долоо хоногийн турш “11-11” төвд ажиллана

Огноо:

,

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон.

Энэ хүрээнд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, НДЕГ-ын удирдлагууд ажиллаж, иргэдийн санал, хүсэлтэд хариулт өглөө.

Он гарсаар эхний улирлын байдлаар нийгмийн даатгалтай холбоотой санал, хүсэлт, гомдол 11-11 төвд 1029 ирснээс дийлэнх нь ажилгүйдлын болон жирэмсний, амаржсаны тэтгэмжийн хүсэлт, хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн хуудсаа цахимаар илгээж чадаагүй зэрэг байжээ. Мөн нийгмийн даатгалын систем доголдсоноос хүндрэлтэй байсан, тус газар утсаа авдаггүй, хариу өгдөггүй зэрэг гомдол, санал хамгийн олон ирсэн байна.

Иргэдтэй уулзах үеэр сайд Х.Булгантуяа “11-11 төв иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг. Нийгмийн даатгалын салбартай холбоотой гомдол саналд хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газрынхантайгаа ажиллаж байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилттэй холбоотой асуулт их ирж байна” гэлээ.

Энэ үеэр өндөр настан Ч.Жанцан тэтгэврийн зөрүүг арилгахад алдаатай бодлого явуулсан. Үүнд зарим иргэн гомдолтой үлдсэн. Ажилласан жил, төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр хүн тэтгэвэр авна. Тэтгэвэр тогтооход шударга зарчим барих ёстойг сайдад уламжилж байв.

“11-11” төвд өнөөдөр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбартай холбоотой санал, гомдол 35 иржээ. Эдгээрт Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Мөн энэ долоо хоногийн турш тус газар 11-11 төвд ажиллах юм. Он гарсаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт 67 мянган гомдол, санал ирснээс 76 хувийг нь шийдвэрлэжээ.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд ногоон байгууламж, 20 хувьд тухлах талбай байгуулна

Огноо:

,

Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байна. Одоогийн байдлаар хатуу дэд бүтцийн ажил дуусах шатандаа орж, цэцэрлэгжүүлэлт, тохижилт үргэлжилж байгаа бөгөөд зургаадугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар бүтээн байгуулалтын явцтай танилцаж, “Рио Тинто Монгол” ХХК-ийн удирдлагуудтай уулзлаа.

НЗДТГ, “Рио Тинто Монгол” ХХК, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2022 онд гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны хүрээнд “Паркаа хамтдаа бүтээе” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Санамж бичгийн хүрээнд “Рио Тинто Монгол” ХХК зүгээс төслийг бүрэн санхүүжүүлэн, хэрэгжүүлж байгаа бөгөөд уг бүтээн байгуулалтад 100 хувь үндэсний компаниуд олон улсын мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр оролцож байгаа гэдгээрээ онцлогтой.

“Паркаа хамтдаа бүтээе” төсөл дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ. Зөөлөн дэд бүтэц болох цэцэрлэгжилт, тохижилтын хүрээнд нийт 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, 8 га газрыг зүлэгжүүлэх юм. Мөн иргэдийн тухлах сандал, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай зэрэг бусад тохижилтыг хийнэ. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнг тогтвортой, урт хугацаанд өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай болгохын тулд “Рио Тинто Монгол” ХХК-иас 2026 он хүртэл ногоон байгууламж, тохижилтыг арчилж, тордох юм. Мөн олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангаж, цаашид ногоон паркийн соёлыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг төслийн хамт олон хэлж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Огноо:

,

“Амгалан” дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар оролцлоо. Өргөтгөл ашиглалтад орсноор “Амгалан” дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар, суурилагдсан хүчин чадал нь 116 МВт-аар нэмэгдэж 464 МВт болж байна.

Ялангуяа Баянзүрх дүүрэг дэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах 12 мянган айлын орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах боломжтой болж буй. Мөн нам даралтын халаалтын 40 гаруй зуухыг зогсоож, 32 ажлын байр шинээр бий болж байгаа юм.

“Амгалан” дулааны станцын өргөтгөлийн ажил өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Өргөтгөлийн ажлын хүрээнд шаталтын орчин үеийн технологитой, 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуух, түлш дамжлагын системд вагон гэсгээгч, бутлуур суурилуулах, хими ус бэлтгэлийн хэсгийн ус зөөлрүүлэх төхөөрөмжийг хоёр үе шаттай болгож техникийн усан хангамжийн чанарыг сайжруулах, 28,000 шоо метр багтаамжтай үнс хадгалах байгууламж барьж байгуулах зэрэг ажлыг 65.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэжээ. Төслийн барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тус компани нь эрчим хүчний салбарт “ДЦС-III”-ын өргөтгөл зэрэг хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох