Цаг үе
“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум боллоо
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр МСНЭ-ээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран уламжлалт “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хараат бус сэтгүүл зүй“ форумын үйл ажиллагаанд амжилт хүсэж, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан нийт сэтгүүлчдэд мэндчилгээ дэвшүүллээ. Хараат бус хэвлэлийг дэмжин ажиллахаа илэрхийлж, хүнд хэцүү цаг үед мэргэжлийн үүргээсээ няцахгүй ажиллаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынханд баяр талархлаа илэрхийлсэн юм.
МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа “Цар тахлын цаг үе ба сэтгүүл зүй” үндсэн илтгэлийг танилцуулж, цар тахлын дараах сэтгүүл зүйд бий болсон өөрчлөлтүүд, хэвлэлийн эрх, эрх чөлөөнд учирч буй эрсдэлүүдийн талаар хөндлөө.
Цар тахлын эсрэг хуулиар хэвлэл мэдээллийн салбар УОК болон эрх бүхий байгууллагуудын шуурхай мэдээлэл, зөвлөмжийг үнэ төлбөргүй, саадгүй, баттай эх сурвалжаас дамжуулах үүрэг хүлээсний зэрэгцээ сошиал олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээлэл түгээх тохиолдолд хариуцлага хүлээх зохицуулалт дор ажиллаж байна. Хуулийн хэрэгжилтийг хянах чиг үүрэг бүхий байгууллагуудаас авсан мэдээллээр бол сэтгүүлч, редакц, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах зөрчил, гомдол энэ хугацаанд огт бүртгэгдээгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд холбогдох хуулийг мөрдөн цар тахлын үед тасралтгүй ажиллаж байгаа ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалсан санхүүгийн хямралд орж эхэлсэн. “Мэдээ-нийтийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэж байгаа энэ өдрөөр ЮНЕСКО-гоос гаргасан уриалгад хэвлэл мэдээлэлд дэмжлэг үзүүлэх алхмууд чухал байгааг дурдаад буй. Мөн сэтгүүл зүй нийтийн сайн сайхны төлөөх үйлс юм гэдгийг ухааран үнэлэх, хамгаалах, шаардахыг уриалсан байна. Энэ дэлхийн бүх улс орнуудад хамаарах, хойшлуулшгүй уриа дуудлага гэж үзэж байгаа юм. Цар тахлын үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжаар дутагдаж, ижил төстэй мэдээлэлтэй болж байгаа, тэр дунд албаны мэдээ голлох болсон зэрэг асуудлыг З.Боргилмаа илтгэлдээ хөндөн ярилаа. Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулах талаар МСНЭ-ээс хийж буй ажил, байр суурийн талаар сэтгүүлчдийн асуултад мөн хариулт өглөө.
Сэтгүүл зүйн доктор С.Энхцэцэг “Эрсдэлийн харилцаа ба иргэдийн оролцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, цар тахлын үед шийдвэр гаргаж ажиллаж буй эрх бүхий байгуулллагууд иргэдийн дуу хоолойг сонсох замаар төлөвлөлт, менежмент хийх нь чухал болохыг дэлхийн улс орнуудын туршлагад тулгуурлан ярилаа. Төр ба иргэдийн харилцан нэгнээ сонсох, хүлээн зөвшөөрөх, харилцан итгэлцэх, хамтран ажиллах үйл явцад хамгийн чухал үүрэгтэй оролцогч нь хэвлэл мэдээлэл байдаг. Төр, иргэн, хэвлэл мэдээлэл гэсэн энэхүү гурван талт харилцааг эрсдэлийн удирдлагын үед хэрхэн яаж нийтийн эрх ашгийн төлөө оновчтой ажиллуулах вэ гэдгийг хөндсөн юм.
Мөн энэ үеэр МСНЭ-ээс хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ikon.mn сайтын сэтгүүлч Б.Бадамгарав, zaluu.com сайтын Гүйцэтгэх захирал, сэтгүүлч Г.Лхагвадорж, ergelt.mn сайтын эрэн сурвалжлах, шуурхай мэдээний албаны дарга сэтгүүлч Д.Чанцалдулам, Зөв.мн сайтын сэтгүүлч, орчуулагч С.Тэргэл, yazguur.mn сайтын үүсгэн байгуулагч Б.Төгсбаяр нарыг "ГАН ҮЗЭГТЭН" цол тэмдгээр, АНУ дахь Монгол телевизийн зураглаач-продюсер Д.Анхбаяр, тус телевизийн сэтгүүлч, хөтлөгч С.Бямбасүрэн, зөв.мн сайтын маркетингийн менежер Ш.Анхтуяа нарыг "ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдгээр шагнав.
Цаг үе
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
Цаг үе
Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад зохион байгуулагдаж буй “ICOT V-2026” Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн олон улсын эрдэмтэн, профессоруудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхийлөгч, профессор Эюп Кахвежи, Испанийн Донор ба шилжүүлэн суулгалтын институтийн ерөнхийлөгч, профессор Марти Маньялич Видал, Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхий зохицуулагч Гамзе Илдирим, БНСУ-ын Сөүлийн Үндэсний Анагаах Ухааны Төвийн профессор, Азийн Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, “Vitalink” байгууллагын захирал профессор Гюри Ан нар оролцлоо.
Талууд Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тархины үхэлтэй донорын тогтолцоог бэхжүүлэх боломж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг олон улсын сургалт, судалгаанд хамруулах, эрхтэн хадгалалт болон шилжүүлэн суулгах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг онцолж, олон улсын байгууллага, тэргүүлэх мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн уулзалтын үеэр “ICOT V-2026” конгрессын хүрээнд хэрэгжүүлэх хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, туршлага солилцооны талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов.

Цаг үе
Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Манай улс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-тай хот байгуулалт, аялал жуулчлал, соёл, боловсрол, эдийн засгийн салбаруудад хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин тус улсын Нинь Бинь мужийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Май Ван Туат тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд НЗД-ын орлогч А.Амартүвшин уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотын хувьд танай улсын нийслэл Ханой хоттой 1980-аад оноос эхлэн олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Нийслэл хотуудын энэхүү харилцаа өнөөдөр орон нутгийн түвшний хамтын ажиллагаагаар улам бүр баяжиж байгаад баяртай байгаа илэрхийлье.
Цаашид Улаанбаатар хот болон Нинь Бинь мужийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг харилцан холбож, бизнесийн орчин, зах зээлийн боломжийг нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Тухайлбал, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ.
БНСВУ-ын Нинь Бинь мужийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Май Ван Туат “Манай муж нь 2030 он гэхэд хотын статустай болохоор зорьж буй. Үүнтэй холбоотойгоор бидний харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.
Цаашид дээрх салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна дижитал шилжилт, төрийн үйлчилгээний шинэчлэл, суурьшлын бүсийн оновчтой төлөвлөлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцон, хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгийг онцолж байв.
Ташрамд, Монгол Улс, БНСВУ хооронд дипломат харилцаа тогтоосны 72 жилийн ой энэ онд тохиож байна.
