Улстөр нийгэм
Г: Гадаадын зээл, тусламжийг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад зарцуулж байна

Монгол Улс 2020 оны 01 сараас “Ковид-19” цар тахлаас иргэдээ хамгаалах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хилээ хаасан. Улмаар эдийн засаг зогсонги байдал орж экспорт эрс буурснаар төсвийн орлого 2020 оны эхний хагас жилийн байдлаар 1.2 их наяд төгрөгөөр тасраад байна. Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ шаардлагатай нэмэлт санхүүжилт дайчилж байна.
1. Азийн хөгжлийн банкнаас зээл 100 сая ам доллар.
Богино хугацаанд хэлэлцээр хийж, УИХ-аар соёрхон батлуулснаар 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн санд хүлээн авсан.
2. ОУВС-аас зээл 99 сая ам доллар.
2020 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.
3. Европын холбооноос буцалтгүй тусламж болох 50.8 сая евро буюу 59.7 сая ам доллар.
2020-2024 онд буюу 4 жилийн хугацаанд нийт 50.8 сая еврог буцалтгүй тусламжаар төсвийн дэмжлэг хэлбэрээр хүлээж авахаас 2020 онд 16 сая евро буюу 18 сая ам.доллар хүлээж авна. Хараахан орж ирээгүй байна.
Төсвийн дэмжлэгээс гадна Засгийн газар Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг оношлох, эмчлэх чадавхийг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх төслийн санхүүжилт хэлбэрээр нэн хөнгөлөлттэй зээл, тусламжийн эх үүсвэрүүд бүрдүүлсэн.
4. Дэлхийн банкнаас 26.9 сая доллар.
2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдийг 1000 орчим нэр төрлийн 11 500 гаруй тоног төхөөрөмжөөр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн худалдан авалтыг Дэлхийн банкны журмын дагуу Эрүүл мэндийн яам зохион байгуулах бөгөөд санхүүжилт нь тоног төхөөрөмж нийлүүлэгч компани руу Дэлхийн банкнаас тухай бүр шилжинэ.
5. Японы Засгийн газраас 1.2 тэрбум иен буюу 9 сая 319 мянган ам доллар.
2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хоёр өөр тусламжийн нот бичигт гарын үсэг зурсан.
Эхний 1.0 тэрбум иенийг “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хэлбэрээр буюу "COVID-19" цар тахалтай тэмцэхэд зориулан эмнэлгийн машин болон эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж, хэрэгсэл Япон Улсаас нийлүүлнэ. Эдгээрийг худалдан авах, тээвэрлэх, нийлүүлэх ажлыг JICS (Japan International Cooperation System) байгууллага шууд хариуцан гүйцэтгэх бөгөөд санхүүжилт нь Япон Улс дотроо шууд шилжинэ.
249 сая иенийг Япон Улсын их, дээд сургуулиудад Монгол Улсаас хүмүүс сургахад “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд буцалтгүй тусламж хэлбэрээр зарцуулна.
6. АНУ-ын Элчин сайдын яамнаас 1.2 сая ам доллар.
2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр АНУ-ын Засгийн газар КОВИД-19 халдварын эсрэг тэмцэхэд зориулж Засгийн газарт 1.2 сая ам. доллар буюу 3.3 тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсон. Энэ дэмжлэгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар (ОУХА) дамжуулан Эрүүл мэндийн яам, Монгол дахь ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн санд халдвараас сэргийлэх болон халдварын үеийн хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр олгоно.
7. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 200 мянган ам долларын зээл тусламж авсан.
Улстөр нийгэм
Төмөр замын тээврийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ
Төмөр замын тээврийн тухай хууль нь анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Тухайлбал, төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өссөн юм.
Улстөр нийгэм
Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад оролцов
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Нью-Йорк хотноо есдүгээр сарын 26-ны өдөр болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын хүч чармайлтад оруулж буй чухал хувь нэмэр болж байгааг онцолж, цөмийн зэвсэггүй бүсийг байгуулах нь цөмийн зэвсгийг бүрэн устгах хамгийн үр дүнтэй арга зам болохыг цохон тэмдэглэв.
Энэ удаагийн өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсис болон НҮБ-ын гишүүн улсын төлөөлөгчид оролцов.
Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг 2014 оноос жил бүрийн есдүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд тус өдөр нь хүн төрөлхтөнд цөмийн зэвсгийн учруулж буй аюул занал, цөмийн зэвсгийг бүрэн устгах зайлшгүй шаардлагыг олон нийтэд таниулах зорилготойгоор тэмдэглэдэг өдөр юм.
Улстөр нийгэм
Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд, Дундговь, Дархан-Уул аймагт ажиллахдаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийн нээлтэд оролцсон. Энэ өдөр Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ. Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ийм төв байгуулахаар зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг төрд оруулж, иргэдээ дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд нээлтийн үеэр илэрхийллээ.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж буй эдгээр хөгжлийн төвүүдийг байгуулснаар орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг сэргээн засах, эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт, сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, засварлах, тохируулах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломж бүрдэж байна.
Ерөнхий сайд дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаж буй 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын ажлын явцтай танилцав. Станцын ажил энэ оны долоодугаар сард эхэлсэн, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох ажээ.
Энэ станц жил бүр дунджаар 20.14 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн аймгийн иргэдийн хэрэгцээг хангахаас гадна төвийн бүсэд нийлүүлж, эрчим хүчний системийн алдагдлыг бууруулна. Төслийн хүрээнд 12.8 МВт-ын станц, 10/110 кВ-ын дэд станц, дөрвөн км урт бүхий 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих аж.
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д 2030 он гэхэд эрчим хүчний салбарын нийт хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангана туссан. Импортын эрчим хүчийг бууруулах, аймаг бүр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох нь чухал. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд удахгүй ашиглалтад орох энэ төсөл үүнд чухлаар нөлөөлнө гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.
-
Улстөр нийгэм2023/04/24
БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
-
Улстөр нийгэм2020/05/07
Сургалтын төвүүд үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгдлээ
-
Урлаг спорт2020/06/13
Та бүхэнд баярлалаа
-
Цаг үе2022/04/11
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Сэтгэгдэл