Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хөрөнгө, орлогын мэдүүлэгүүд дэх “гайхамшиг”

Огноо:

,

Шорлог бэлтгэх төхөөрөмжөөс нисэх онгоц, том гараажаас см2 хэмжээтэй эзэмшил газар хүртэлх “эд хөрөнгө”

Авлигатай тэмцэх албадууд төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах ажилд ханцуй шамлан орж байна. Төрийн албан хаагчид ялангуяа доод албан тушаалтнуудын хувьд хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүр мэдүүлэх нь ёс төдий зүйл болжээ. Албан тушаалтнууд мэдүүлгээ тэгсгээд бөглөөд өгдөг, авлигатай тэмцэх албаны ажилтнууд мэдүүлгийг үзэж сонирхдоггүй бололтой. Хөрөнгө, орлогын мэдүүлэгт дурдсан үнэтэй авто машин, хувийн онгоцны цуглуулга хэрхэн бий болсон, шорлог хийх төхөөрөмж, нохойны үүр зэргийг мэдүүлсэн, мөн орон сууцаа цэнгэлдэх хүрээлэн, эзэмшлийн газраа хэрхэн шуудангийн марк болгон хувиргасныг мэдэхгүй, тодруулахгүй байна.

“Трансперенси интернешнл Россия” олон улсын байгууллагаас Орос Улсын 137404 депутат, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй танилцан судлах явцдаа зарим мэдүүлэг гаргагчийн эд хөрөнгө санаанд багтамгүй их хэмжээтэй байгааг мэдсэн байна. Тухайлбал Ямало-Ненецийн автономит тойргийн Хууль тогтоох хурлын гишүүн асан, нисэхийн тээврийн “Ямал” компанийн ерөнхий захирал Василий Крюкийн эзэмшлийн газар нь Словени Улсын нутаг дэвсгэрээс илүү 22,9 мянган км2 байна.

Төрийн Думын гишүүн Андрей Палкин 2015 онд мэдүүлэгтээ хагас тэрбум рублийн орлогоо мэдүүлж хууль тогтоогчдоос орлогоороо дээд амжилт тогтоож байжээ. А.Палкин нь депутат болхоосоо өмнө 90 гаруй орон сууц, 200 орчим тээврийн хэрэгсэлтэй байжээ. Төрийн Думд Дагестан улсыг төлөөлж гишүүнээр ажиллаж байсан, талийгаач Владимир Ашурбеков 2015 онд мэдүүлэгтээ 627 606 м2 талбайтай шилтгээнтэй гэж мэдүүлсэн байна. “Архангельское” эдлэн газрын музейн захирал Вадим Задорожный 11 ширхэг нисэх төхөөрөмжтэй гэж мэдүүлэгтээ дурдсан байв.

Орхигдсон “таслал”. Дээр дурдсан их хэмжээний хөрөнгийн тухай сонссон Оросын жирийн иргэдэд тэднийг хаанаас, хэрхэн ийм их хөрөнгөтэй болсон тухай асуулт үүсч, бодит байдалд байхгүй гэсэн эргэлзээ төрдөг. Жишээлбэл Санкт-Петербург мужийн Хууль тогтоох хурлын гишүүн Ольга Романовская хоёр га (19 728 м2) талбай бүхий машины гаражтай байна. Батлан хамгаалах яамны албан тушаалтан Мальцев гэдэг хүн 42 154 м2 талбай бүхий орон сууцтай гэж мэдүүлсэн (цэргийн байгууллагын албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлэг нууцлалын зэрэглэлтэй). Мөн цэргийн албан тушаалтны Тереховын эхнэр нь 42 147 км2 талбай бүхий зуслангийн байртай байна.

Новосибирск мужийн Бжуско хотын боловсролын байгууллагын нягтлан бодогч 2015 онд 43 178 м2 талбай бүхий орон сууцтай гэж мэдүүлсэн байна. Свердсловск мужийн 45 дугаар шоронгийн орлогч дарга Константин Арафаилов мөн адил 43 338 м2 талбайтай орон сууцтай болох талаараа мэдүүлжээ.

“Трансперенси интернешнл” байгууллагын шинжээчид дээрх мэдүүлсэн хөрөнгө орлогын тоонуудад алдаа гаргаж, орон андууран таслалыг орхигдуулсан гэж үзсэн байна. Мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ хайнга ханддаг мөн авлигатай тэмцэх албаны ажилтнууд мэдүүлгийг нягтлан шалгахгүй, ажилдаа хариуцлагагүй хандаж байгааг нотолж байна.

Их, бага. Зарим албан тушаалтнуудын мэдүүлэгтэй танилцахад ургуулан бодхоор зүйлүүд гарч ирдэг байна. Тухайлбал Эрхүү хотын баян депутатуудын нэг болох Нина Чекотова мэдүүлэгтээ “туршилтын лаборатори” мэдүүлжээ. Батлан хамгаалах яамны албан тушаалтан Н.Г.Легенькая мэдүүлэгтээ өөрийн овгийг мэдүүлсэн байна.

Санкт-Петербург хотын Улсын орон сууцны газрын даргын орлогч, байцаагч Егор Тратников мэдүүлэгтээ 20 км2 талбайтай “амьтан тэжээх байр” гэж мэдүүлснийг авилгалтай тэмцэх албаны шинжээчид эдлэн газраа ийнхүү мэдүүлсэн гэж үзжээ.

Зарим албан тушаалтнууд мэдүүлэгтээ инээдтэй зүйл мэдүүлэх тохиолдол гардаг.

“Крымский” агрохимийн үйлчилгээний төвийн нягтлан бодогч 2014 онд мэдүүлэгтээ эхнэрийн эзэмшлийн 22,49 см2 хэмжээтэй газрыг мэдүүлсэн бол Томск мужийн захирагчийн орлогч Андрей Кнорр чимэглэлийн модон шон, Приморийн хязгаарын Улсын бүртгэлийн газрын дарга Евгений Русецкий нүүрсээ хадгалах амбаар, шорлог бэлтгэх төхөөрөмжтэй гэж мэдүүлсэн байна.

Чечень улсын Цагдаагийн дарга, хошууч генерал Апт Алаудинов олон хүүхэдтэй, жилд 2- 4 сая рублийн орлоготой гэсэн мөртлөө мэдүүлэгтээ зөвхөн эхнэрийн эзэмшлийн орон сууцнаас өөр зүйл мэдүүлээгүй байна. 

Гарч байгаа алдааг яаж засах вэ? Авлигатай тэмцэх албаны хариуцсан байгууллага нь хуулиар тогтоосон хяналт шалгалтын үйл ажиллагаандаа ёс төдий хандаж байгаагаас албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ хайнга хандаж байна гэж Трансперенси интернешнл олон улсын байгууллагын шинжээчид үзсэн байна.

“Дээрх алдаанууд нь мэдүүлэг дэх хөрөнгө орлогыг эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа мэдээлэлтэй харьцуулан шалгаж байгаа эсэх, эд хөрөнгийн өсөлт нь орлого, хуримтлалтай тохирч байгаа, мэдүүлгээ үнэ зөв бодитой мэдүүлж байгаа эсэхд эргэлзэхэд хүргэж байна. Тиймээс мэдүүлгийг тодорхой хэмжээнд цахимжуулж дээр дурдсан алдааг гаргахгүй байж болно гэсэн саналыг Трансперенси интернешнл байгууллагаас гаргасан.

Мэдүүлэг дэх мэдээллээс ажил хэргийн, мэргэжлийн, хувийн ашиг сонирхлын шинж чанар, байдлыг мэдэх боломжтой бөгөөд сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж нээгдэх юм.

Эх сурвалж: https://pasmi.ru

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах 4 үйлдвэр ашиглалтад оржээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Траст трейд” ХХК, “Ажигана” ХХК-д ажиллалаа.

“Траст трейд” ХХК 2000 онд мах, махан бүтээгдэхүүн, хиам үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдааны чиглэлээр бага оврын тоног төхөөрөмж, түрээсийн байранд, зургаан ажилтантай үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Үүнээс хойш өөрийн гэсэн үйлдвэр, гахайн аж ахуй, мах ангилах, боловсруулах үйлдвэр зэргийг ашиглалтад оруулж, одоогоор 70 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлдэг. Мөн эхний ээлжинд гадаадын таван улсад бүтээгдэхүүнээ экспортлохоор бэлтгэж байна.

Хамгийн сүүлд буюу 2023 онд ХАЛАЛ аргаар хоногт 500 бод, 1000 бог төхөөрөх хүчин чадалтай, 5000 тн зоорь бүхий мал төхөөрөх үйлдвэрээ ашиглалтад оруулжээ.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, газар тариалангийн техник, тоног төхөөрөмж, тусгай тээврийн хэрэгслийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зээл авсан байна.

Үүний дүнд энэ онд борлуулалт 26 хувиар өсөж, ажлын байраа нэмэх боломж бүрдсэн. Цаашид борлуулалтын орлого болон ашгийн хэмжээ жил бүр өсөж, энэ хэрээр улсын төсөвт төлөх татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ нэмэгдэхээр байгааг компанийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа танилцууллаа.

Үйл ажиллагаагаа өргөтгөн “Траст групп” ХХК болсон тус компани ирэх жил мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч байгууллага болж, 2030 он гэхэд бүтээмж, инновацаар олон улсын байгууллагуудын жишигт хүрэх зорилт тавьжээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд гэхэд л 934 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1,957 аж ахуйн нэгж, иргэнд олгож, хүүгийн зөрүүг улсын төсвөөс төлсөн. Мөн хүнс, хөдөө аж ахуйн 19 төрлийн үйлдвэрлэлд шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжийг импортын гаалийн албан татвараас чөлөөлж, хөнгөлж байна. Энэ дэмжлэг цаашид үргэлжилнэ гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэллээ.

Үүний үр дүнд 2023 онд олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад орсон байна. Мөн онд махны экспортоос 277 сая ам.долларын орлого олсон бол хүнсний бүтээгдэхүүний импорт 12 хувиар буурсан дүн гарсан. Энэ нь нэг тэрбум гаруй ам.доллароор гадаадаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг манай улс 2023 онд 120 сая орчим ам.долларыг эх орондоо үлдээсэн гэсэн үг юм.

“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ЫН ХҮРЭЭНД ТАХИАНЫ МАХНЫ ХЭРЭГЦЭЭГ ДОТООДООС БҮРЭН ХАНГАНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Ажигана” ХХК-д ажиллалаа. Компанийн удирдлагууд “Оргио” тахианы үйлдвэр, эх сүргийн байр, өндөг дарж дэгдээхэй болгох инкубатор болон тахиа өсгөх бройлер цехээ танилцуулав.

Манай улс жилд 22 мянга гаруй тн тахианы махыг гадаадаас 50-60 сая ам доллароор авдаг бөгөөд хэрэглээ жил бүр 20 хувиар өсдөг статистик үзүүлэлт бий.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд бүх төрлийн дэмжлэг үзүүлснээр ирэх таван жилд тахианы махны хэрэглээг дотоодоос бүрэн хангана гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэллээ.

“Ажигана” компани жилд 1,000 гаруй тн буюу дотоодын тахианы махны хэрэглээний таван хувийг үйлдвэрлэж байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шувууны аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгон, бодлогын бусад дэмжлэг үзүүлж байгаа.

“Анжигана” ХХК-ийн хувьд авсан зээлээрээ шинэ инкубатор суурилуулж /импортын татвараас чөлөөлөгдсөн/, тэжээлийн үйлдвэрээ өргөтгөн, хүчин чадлаа нэмжээ. Цаашид төхөөрөх цехээ автоматжуулж, автомат удирдлага, хяналтын систем нэвтрүүлэх, эх сүргийн хүчин чадлыг 50 хувь нэмэгдүүлэх, хоршоологчид болон тахианы аж ахуйн нэгжүүдтэй хамтрах, тахианы махны хэрэглээний 20 хувийг бүрдүүлэх зорилт тавиад байна.

Тус компани өнгөрсөн жилүүдэд улсын төсөвт 10 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ГЕГ: Он гарснаас хойш нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ

Огноо:

,

Импортоор нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 765.9 сая ам.доллараар буюу 28.8 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 1.1 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.3 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 690.5 сая ам.доллар буюу 20.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 833.9 сая ам.доллар  буюу 24.3 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 738.2 сая ам.доллар буюу 88.5 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 342.9 сая ам.доллар буюу 49.8 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 747.5 сая ам.доллар буюу 21.8 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 262.5 сая ам.доллар буюу 7.7 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 176.2  сая ам. доллар буюу 5.1 хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.2 хувь ногдож байна.

Манай улс дэлхийн 137 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 38.2 хувь;  ОХУ-д 27.0 хувь;  Япон-д 10.7 хувь; БНСУ-д 4.0 хувь;  АНУ-д 3.7 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.5 хувийг эзэлж байна гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Богд уулын арын авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Огноо:

,

Богд уулын арын авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, /ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун рестораны уулзвар хүртэлх/ авто зам хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын

I хэсэг /ХААИС-ийн уулзвараас Зайсан толгойн зүүн хэсгийн авто зам хүртэлх/

2024 оны 05 сарын 09-ний өдрийн 22:00 цагаас

2024 оны 05 сарын 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

II хэсэг /ХААИС-ийн уулзвар/

2024 оны 05 сарын 11-ний өдрийн 08:00 цагаас

2024 оны 05 сарын 11-ний өдрийн 16:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

III хэсэг /Зайсан толгойн зүүн хэсгийн авто замаас Буган халиун ресторан хүртэлх/

2024 оны 05 сарын 12-ны өдрийн 06:00 цагаас

2024 оны 05 сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд: Ул хөрс солих шүүрүүлэх давхарга үүсгэх, хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь,хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, Тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэнэ.

Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөж байна. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох