Цаг үе
COVID-19: Цэргийн анги, нэгтгэл, алба хаагчдад өгөх зөвлөгөө
Коронавируст халдварын үед цэргийн анги, нэгтгэл, алба хаагчдад өгөх зөвлөгөө
Цэргийн анги, нэгтгэлд:
• Нийт бие бүрэлдэхүүний халууныг өглөө, оройд үзэх
• Жагсаал, дасгал сургуулилтын үед 1-1.5 метрийн зай барих
• Хоолны ширээ, орыг 1-1,5 метр зайтай байрлуулах
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Хичээл, сургалтын танхимын 50%-г ашиглахаар ширээ, сандал байрлуулах
• Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
• Ар гэрийн эргэлтийг хязгаарлах
• Шим тэжээлтэй хоол хүнсээр хангах
• Цэрэг, бие бүрэлдэхүүнд хэт ачаалал өгөхгүй, 22 цагт амраах
• Зэвсэг, хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Гудас, хөнжил зэрэг зөөлөн эдлэлийг өдөр бүр наранд тавих
• Хатуу гадаргуу, ариун цэврийн өрөө, усанд орох газар зэргийг тогтмол цэвэрлэх, 1л усанд 0,25мл белизна хийж халдваргүйжүүлэх
• Анги нэгтгэлийн эмч, эмнэлгийн ажилтан халдвараас сэргийлэх, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг бие бүрэлдэхүүнд тогтмол өгөх
• Зөвлөмж, сэрэмжлүүлгийг ил байршуулах
• Шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх
Цэргийн алба хаагчдад:
• Амны хаалт зүүх
• Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй байх
• Хүн хоорондын зай барих
• Хоол унд хувааж идэхгүй байх
• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
• Өглөө, оройд сод, давсны уусмалаар хоолойг ээлжлэн зайлах
• Тамхи дамжуулж татахгүй байх
• Хувцас хунараа сольж өмсөхгүй байх
• Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
• Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх
• 1л усанд 0,25мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
Цаг үе
Хүннү хотын авто зам, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Хүннү хотыг Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд, Богд уулын өвөрт байгуулахаар төлөвлөсөн.
Тус байршилд хот байгуулалтын суурь болох дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэж байгаа юм. Тодруулбал, Хүннү хотын үерийн хамгаалалтын 1-р сувгийн ажил 75 хувь, Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 30 хувь, "Сэргэлэн" дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувь, "Хүннү" дэд станцын бүтээн байгуулалтын ажил 86 хувь, Хүннү хотын 127.4 км авто замын зураг төсөл, бүтээн байгуулалт 35 хувьтай хэрэгжиж байна.
Хүннү дэд станц нь 110/35/10 кВт-ын 2x40 МВт хүчин чадалтай бөгөөд кабель шугамын угсралт бүрэн дуусжээ.
Хүннү хотын эрчим хүчний хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах зорилтын хүрээнд 100 МВт-ын нарны үүсгүүр, 90 МВт хүчин чадалтай, 360 МВт.ц багтаамж бүхий батарей хуримтлуурын станцыг 47.8 га талбайд байгуулахаар төлөвлөж байна.
Эдгээр бүтээн байгуулалт ашиглалтад орсноор эрчим хүчний найдвартай, тасралтгүй хангамжийг нэмэгдүүлэхээс гадна төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн хүчин чадлыг өргөтгөх чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Хүннү хотын цэвэрлэх байгууламж нь хоногт 3000 шоо метр ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. 35-40 мянган хүн амтай хотын бохир усыг татан зайлуулах хүчин чадалтай байхаар төлөвлөсөн. Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг “Комфорт Импекс” ХХК гүйцэтгэж, 2027 оны IV улиралд дуусгахаар үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Хүннү хотыг 150 мянган оршин суугчтай, 80 мянган ажлын байртай орчин үеийн жишиг хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Тус хотын “Aerocity” хөгжлийн бүсэд эдийн засгийн чөлөөт бүс, амралт, аялал жуулчлалын бүс, олон нийт худалдаа үйлчилгээний бүс, засаг захиргааны бүс, оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор, зах, худалдаа, бөөний төвийн бүс, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго бүс, аж ахуйн нөөц бүстэй байхаар төлөвлөөд байна.

Цаг үе
2019 оноос хойш гэрлэлт буурч, харин гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
Монгол Улсад 2024 оны байдлаар 14225 гэрлэлт бүртгэгдсэн ба өмнөх оноос 18.3 хувиар буурсан байна. Харин гэр бүл цуцлалт нь 4463 бүртгэгдэж өмнөх оноос мөн адил 6.6 хувиар буурчээ. Гэрлэлт нь 2020-2022 онд өссөн боловч 2022-2024 онд эргээд буурсан. Харин гэр бүл цуцлалт нь 2020 оноос хойш өсөх хандлагатай байна.
Гэрлэлтийн статистикийн 10 жилийн динамик үзүүлэлтээс харахад, 2019 оноос эхлэн гэрлэлтийн тоо тасралтгүй буурч, харин гэр бүл цуцлалтын тоо өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2019 онд 20,043 гэрлэлт бүртгэгдсэн бол 2024 онд энэ тоо 14,225 болж, 29.1 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Харин 2019 онд 4,262 байсан гэр бүл цуцлалтын тоо 2024 онд 4,463 болж, 4.6 хувиар нэмэгдсэн байна.

Цаг үе
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 19-ний өдөр Дундговийн нутаг, Өмнөговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. 19-ний өдөр Хэнтийн хойд хэсгээр хүйтэн бороо орно.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 19-нд Хэнтийн өмнөд, Дорноговь, Сүхбаатарын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны зургаадугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нийт нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 5-10 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчмоор 24-29 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 8-10 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 7-9 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 5-7 хэм дулаан байна.
2026 оны зургаадугаар сарын 20-ноос
2026 оны зургаадугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22,23-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан хөрсөн дээр цочир хүйтрэнэ, өдөртөө 7-12 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
