Цаг үе
Ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Жан Жутай “Ядуурлыг бууруулах ба хөгжил” дээд түвшний форумын үеэр хүндэт зочны хувиар уулзлаа.
Тус форумыг “Ядуурлыг бууруулах дэлхийн хүчин чармайлтыг нэгтгэх нь” сэдвийн хүрээнд 2026 оны тавдугаар сарын 26-28-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс санаачлан Бээжин хотноо зохион байгуулж байна.
Сайд Т.Аубакир НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дэмжих, сэдэвчилсэн судалгаа хийх, бодлогын зөвлөмж боловсруулах, гишүүн орнуудын хүний нөөцийн солилцоо болон чадавх бэхжүүлэх чиглэлээр БНХАУ-ын хуримтлуулсан арвин туршлага, мэдлэгээс суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Мөн хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх, мал аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах нь ядуурлыг бууруулах бодлогын салшгүй хэсэг болохыг онцоллоо. Түүнчлэн БНХАУ-ын ядуурлыг бууруулах, хөдөөгийн сэргэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн амжилттай туршлагыг нутагшуулах, хамтран хэрэгжүүлэхэд хоёр улсын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны таатай нөхцөл бүрдсэнийг тэмдэглэв.

БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Жан Жу газрын тогтвортой менежмент, хөдөөгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, иргэдийн амьжиргааг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх боломжтойг онцлов. Мөн форумд оролцож буй төлөөлөгчдийн хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг дэвшүүлэн ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.
Цаг үе
Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна
Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна.
ШҮ:1 5 шар-Офицеруудын ордон
ШҮ:2 Сүхбаатарын талбай-Нисэх
ШҮ:3 Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай
ШҮ:4 Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ

Цаг үе
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажлын нийт явц 75 хувьтай үргэлжилж байна. Ажлын явцын талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл мэдээлэл өглөө.
УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2023 онд Сэлбэ гол үерлэж Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 45 дугаар хороо орчмын 80 гаруй орон сууцны зоорьны давхар усанд автаж байсан.
Тухайн үед 40 тэрбум төгрөгийн шууд бус хохирол учирч байв. Бид иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд голын эрэг дээр байсан “S Outlets” дэлгүүрийг буулгаж, 1.4 км урттай түшиц хананы ажлыг эхлүүлсэн. Түшиц ханын бетон хийцлэлийн ажил бүрэн дууссан. Өнөөдрийн байдлаар гадна эрэг болон голын эрэг дагуух тохижилт бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.
Сэлбэ голын голдирол дахь Дамбадаржаа, Долоон буудалын орчим 160-200 метр орчим өргөн байдаг бол Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 45 дугаар хороо орчимд 40-50 метр өргөнтэй болсон байдаг. Тиймээс түшиц ханыг барих ёстой болсон юм” гэлээ.
“Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Ногоон байгууламжийн ажил 14 хоногийн өмнө эхэлсэн. Үрслэгээ, газар шорооны ажил, олон настын үр суулгах, зүлгээ хамгаалах зэрэг ажлыг хийж байна. Нийт 8378 ам метр талбайд ногоон тохижилтын ажил хийх төлөвлөгөөтэй. Үүнээс 3000 гаруй ам метр талбайд ногоон зүлэг тарьсан. Үрслэгээ хийснээс хойш зүлэг 21 хоног арчилж байж бүрэн ургадаг” гэлээ.




Цаг үе
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоол гаргалаа гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.
-
Цаг үе2024/09/03
Зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ
-
Цаг үе2024/10/09
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
-
Цаг үе2024/01/24
Гал түймрийг бүрэн унтрааж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан арга хэмжээг ав...
-
Цаг үе2025/06/03
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5075, эмнэлэгт 647 хэвтэн эмчл...
