Цаг үе
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2025 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монгол Улсын төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Б.Найдалаа, Улсын Их Хурлын гишүүн, академич Д.Рэгдэл, Д.Бум-Очир, О.Саранчулуун, С.Зулпхар, Ц.Мөнхбат болон албаны бусад хүмүүс оролцов.
Улсын Их Хурлын удирдлага, гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд доктор, профессор С.Нарангэрэлтэй дурсгалын зураг татуулсны дараа Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд урьж, баяр хүргэлээ. 1992 онд Улсын Их Хурлын сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшин сонгогдож, Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг амьдралд анхлан хэрэгжүүлж, өнөөгийн Монгол Улсын төр, нийгмийн байгуулал, эрх зүйн тогтолцооны үндэс суурийг тавин, тухайн үед дагаж мөрдөж байсан бүх хуулийг шинэ Үндсэн хуулийн заалт, үзэл баримтлал, агуулгатай нийцүүлэх талаар нөр их ажлыг хийж гүйцэтгэсэн, өөрийнх нь тодорхойлсноор “Дахин хэзээ ч давтагдашгүй парламент”-ын үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан ахмад парламентч С.Нарангэрэл Монгол төрийн тэргүүн зэргийн одон хүртсэн нь парламентын төдийгүй Монголын хууль, эрх зүйн салбарын түүхэн үүрэг, нэр хүндийг өндөрт өргөсөн явдал гэдгийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал энэ үеэр онцолсон юм. Тэрбээр хууль, эрх зүйн эрдэм шинжилгээ, судалгааны олон арван бүтээл туурвиж, гадаад орнуудын эрх зүйн тогтолцоог судлах, тэдгээрээс суралцах ажлыг манлайлсан нэрт судлаач болохыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал дурдаад, хууль зүйн нэр томьёо, эрх зүйн тайлбар толь цуврал бүтээл, англи, орос хууль зүйн толь бичиг зохион туурвисны дотроос “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” шагнал, монголчуудын ёс суртахууны үнэт уламжлал, үнэ цэн, хэм хэмжээг нэгтгэн дүгнэж, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд оруулсан хувь нэмрийг эх сурвалжид тулгуурлан тайлбарласан, улс орны тогтвортой хөгжлийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тодорхойлсон бүтээлээрээ Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэнийг цохон тэмдэглэв.
“Хууль бол хүмүүний ёс суртахууны эрхэм нандин харилцаа, шударга ёс, нинжин сэтгэл, эс шунахуй, нэр төр, жудаг, эв эе, тэсвэр тэвчээр, үнэн гэсэн эрхэм чанарыг хамгаалж бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг механизм. Хууль бол ёс суртахуун. Хууль тогтоогчид маань үүнийг л бодож ажиллаасай” гэсэн захиас сургаал тань төрийн түшээд бидний үзэл санааны үндсэн зарчим, үйл ажиллагааны эрхэмлэн дагах зам мөр байх болно хэмээн тэрбээр илэрхийлж, алд цэнхэр хадаг, эзэн Чингис хааны эш хөрөг, Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж 21 боть номыг гардуулав.
Улсын Их Хурлын гишүүн, академич Д.Рэгдэл ажил, амьдралынхаа бүх цаг, орчинд Их эзэн Чингис хааны билэг сургаал, түүний бий болгож үлдээсэн монгол бахархлыг чанд баримтлан, сурган таниулж явдаг нэрт соён гэгээрүүлэгч, олон улсад хүндтэй эрдэмтэн болохыг нь танилцуулж, аливаа хуулийг бий болгох үндэс нь ёс суртахуун бөгөөд үүнийг түшиглэж гаргасан хууль нийгэмд өөрөө тогтож мөрдөгддөг зарчмыг тодорхойлсон академич С.Нарангэрэлийн онолын гаргалгаа ихээхэн ач холбогдолтойг дүгнэн хэлэв.
“Чингис хаан” одонт, МУИС-ийн эмерит профессор, академич С.Нарангэрэл энэхүү тэргүүн зэргийн шагналыг хүртэхэд надад олон зүйл нөлөөлсний нэг нь Монгол Улсын анхны Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллах хувь тохиосон явдал хэмээн өгүүлээд, улс төрийн хэлмэгдүүлэлтийн гашуун түүх, аймшигт технологийг судалж, олон мянган хэргийн материал, хууль зүйн баримтуудтай танилцсаны дүнд аливаа улс орон бүхэлдээ аль нэг гүрний дагалдагч улс байж болдоггүй юм байна гэдгийг ойлгож ухаарснаа ярьсан юм. Тэрбээр, Монголын ард түмэн ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл дүүрэн байж, эзэн Чингис хааныхаа голомтыг чандлан сахиж оршихуйн нөхцөлийг бүрдүүлэхэд Улсын Их Хурлын гишүүд та бүхний хүчин зүтгэл, баталж буй хууль маш их хэрэгтэй хэмээн зориуд тэмдэглэж, дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоох үйл хэргийг манлайлж байсан дээдсийнхээ хүчирхэг ёс суртахууныг баримталж ажиллахыг захилаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Цаг үе
Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилжээ
Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага АНУ-ын цэргийн бааз, цэргийн ажиллагаатай холбоотой мэдээлэл цуглуулсан байж болзошгүй Хятадын хоёр иргэнийг баривчилжээ. Тэд хоёулаа өмнө нь Хятадын армид алба хааж байсан талаар “Ассошиэйтед Пресс” мэдээлсэн байна.
Сэжигтнүүдийн нэг нь 60 гаруй настай бөгөөд 2024 оноос хойш Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан агаарын цэргийн баазын ойролцоо тусгай радио төхөөрөмж, антенн, зөөврийн компьютер ашиглан сөнөөгч онгоц болон нислэгийн удирдлагын хоорондын холбоог сонсож, мэдээлэл цуглуулсан байж болзошгүй гэж мөрдөн шалгагчид үзэж байна. Тэрбээр үүнийг хувийн сонирхлын хүрээнд хийсэн гэж мэдүүлсэн ч цуглуулсан мэдээллээ Хятадын талд дамжуулсан эсэхийг шалгаж байгаа аж.
Харин 40 гаруй настай нөгөө иргэнийг Сөүл хотын ойролцоох АНУ-ын цэргийн командлалтай холбоотой мэдээлэл цуглуулсан хэрэгт сэжиглэжээ. Тэрбээр АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт, зэвсэг техникийн шилжилт хөдөлгөөн болон цэргийн алба хаагчдын өөрчлөлтийн талаар мэдээлэл авсан байж болзошгүй байна.
Мөрдөн шалгалтын мэдээллээр уг сэжигтэн АНУ-ын цэргийн командлалд ажилладаг Өмнөд Солонгосын иргэнтэй хувийн харилцаа тогтоож, мөнгө өгсний хариуд тодорхой мэдээлэл авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр иргэнийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн эсэхээр үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор тэднийг Хятадын төрийн байгууллагын шууд даалгавраар ажилласан гэж эцэслэн тогтоогоогүй байна.
Энэ хэрэг АНУ, Өмнөд Солонгосын жил бүрийн хамтарсан томоохон цэргийн сургуулилт наймдугаар сарын 17-27-нд болохын өмнө ил болсон юм. Уг сургуулилтад Өмнөд Солонгосын 18 мянга орчим цэрэг оролцохоор төлөвлөжээ.
Цаг үе
Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө
Дэлхийн хүн дүрст роботын хоёр дахь спортын наадам наймдугаар сарын 22-нд Бээжин хотын Үндэсний хурдны тэшүүрийн ордон буюу “Мөсөн тууз”-д нээлтээ хийнэ.
Үндсэн тэмцээн наймдугаар сарын 22-26-нд тав хоног үргэлжилж, 51 төрөлд нийт 1301 тэмцээн зохион байгуулахаар болжээ.
Энэ удаагийн наадам цар хүрээ, оролцогчдын тоогоор өмнөхөөсөө мэдэгдэхүйц өргөжиж байна. Зургаан тивийн 16 орны 666 баг, 2056 хүн дүрст робот тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ. Багийн тоо өмнөх наадмаас 138 хувиар өссөн бол тэмцээнд оролцох роботын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
АНУ, Герман, Япон зэрэг улс багуудаа илгээх бөгөөд Бразил улс энэ удаа үндэсний шигшээ баг бүрдүүлэн оролцох аж.
Хятадаас нийт 157 аж ахуйн нэгжийн 641 баг, 1975 робот тэмцээнд оролцоно. Мөн 27 их сургууль багуудаа илгээж байгаа бөгөөд оролцогчид Хятадын 30 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон тусгай захиргааны бүсийг төлөөлөх юм.
Өмнөх наадамтай харьцуулахад тэмцээний хугацааг гурван хоногоос тав хоног болгон сунгаж, тэмцээний ангиллыг зургаагаас ес болгон нэмэгдүүлжээ.
Наадмын хүрээнд хүн дүрст роботуудын хөдөлгөөний нарийвчлал, хурд, тэнцвэр, зохицуулалт, багийн ажиллагаа зэрэг технологийн чадавхыг спортын өрсөлдөөнөөр сорих юм. Ингэснээр уг наадам нь зөвхөн спортын тэмцээн бус, хүн дүрст роботын хөгжлийн түвшин, практик хэрэглээний боломжийг харуулах томоохон талбар болж байна.
Цаг үе
“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анхаарууллаа
Сүүлийн үед шатахууны нийлүүлэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг ашиглан цахим орчинд “Шатахуун зарна” гэх хуурамч зар, мэдээлэл байршуулж, иргэдээс урьдчилгаа төлбөр шилжүүлэн авах замаар залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.
Иймд иргэдийг цахим орчинд нийтлэгдсэн шатахуун худалдах зар, мэдээллийн үнэн зөвийг нягталж, танихгүй хүн болон баталгаагүй данс руу урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг зөвлөжээ.
Мөн гарал үүсэл, чанар, стандарт нь тодорхойгүй шатахуун автомашины хөдөлгүүрт ноцтой гэмтэл учруулах эрсдэлтэйг анхааруулсан байна. Шатахууны чанар, октаны тоо нь хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд шууд нөлөөлдөг тул баталгаагүй эх үүсвэрээс шатахуун худалдан авахгүй байх нь зүйтэй.
Чанарын шаардлага хангаагүй, зориулалтын бус нэмэлт бодис хольсон шатахуун хэрэглэснээр хөдөлгүүрт детонаци үүсэх, хэт халах, эд анги гэмтэх, хүчин чадал буурах зэрэг эрсдэлтэй. Түүнчлэн ийм төрлийн шатахуун нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.
Иймээс шатахууныг баталгаатай эх үүсвэрээс худалдан авч, цахим орчин дахь хуурамч зар, мэдээлэлд хууртан эд хөрөнгөөрөө хохирохоос сэрэмжлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
