Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“ГАН ҮЗЭГ-2020” наадмын шилдгүүд тодорлоо

Огноо:

,

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл түүхт 70 жилийн ой тохиож буй энэ өдрөө сэтгүүл зүйн салбарын оны шилдгийг тодруулах “Ган үзэг 2020” тэргүүн наадмын  шалгаруулалтын дүнгээ танилцуулж байна. МСНЭ-ийн түүхт 70 жилийн ойн хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэн мэндчилгээ ирүүлж, “Ган үзэг-2020” тэргүүн наадмыг “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК дэмжин хамтран ажиллалаа. Сэтгүүл зүйн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах ууган байгууллагын  70 жилийн ойг энэ оны турш бүтээлч ажлуудаар дамжуулан онцлон тэмдэглэхээр Удирдах зөвлөлөөр шийдвэрлэснээ мөн уламжилж байна.

Ингээд “Ган үзэг-2020” наадмын шилдгүүдээ танилцуулья.

“Шилдэг телевиз” төрөлд NTV телевизэд шалгарлаа. Тус телевизийн цаг үеийн мэдээллийн хөтөлбөр болон бусад сэтгүүл зүйн ярилцлага, нийтлэлийн нэвтрүүлгүүд, сэтгүүлч, сурвалжлагчдын ур чадвар болон бусад уран бүтээлийн чанар чансаа, үзэлт хандалтын тоо, олон нийтийн үнэлэлт зэрэг үзүүлэлтүүдийг харгалзсан байна.

“Шилдэг радио” төрөлд “Дэлхийн монголчуудын MGLRADIO 88.3” радио шалгарлаа. Тус радио  нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон 19 аймгийн төвд фм 88.3 долгионоор цацагдаж байна. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар радиогийн долоо хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 50-иас доошгүй хувь нь үндэсний нэвтрүүлэг байх, өдрийн эфирийн 35-аас багагүй хувийг хөтлөгчтэй эфир байхаар зохицуулсан байдаг. Тус радиогийн сэтгүүлч, найруулагч, мэргэжлийн баг хамт олон 100 хувь өөрсдийн бэлтгэсэн үндэсний контентыг нэвтрүүлж байгаа төдийгүй өдрийн эфирийн 87 хувийг хөтлөгчтэй эфир, 15 нэвтрүүлгийг сонсогч, үзэгчдэд хүргэн ажиллаж байна.

“Шилдэг мэдээллийн сайт” төрөлд zarig.mn мэдээллийн сайт шалгарлаа. Мэдээллийн шуурхай байдал, тухайн үйл явдал, сэдэв, баримтыг үргэлжлүүлэн тасралтгүй сурвалжилж үр нөлөөг нь нотлон харуулдаг ур чадвар, мэргэжлийн эр зориг, уншигч, үзэгчдийн эрэлт хүлээлт, хандалт хүртээмж зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна.

“Шилдэг сонин” төрөлд “Зууны мэдээ” сонин шалгарлаа. Үндэсний хэмжээний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин нь 2020 онд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Иргэдээ өмөөрч бичнэ” уриан дор сар бүр нийгэмд тулгамдаж буй тодорхой нэг асуудалд анхаарлаа хандуулан ярилцлага, сурвалжлагууд бэлтгэхийн зэрэгцээ “Нэгдүгээр хүн” булангаар тухайн сарын үйл явдал, асуудал, анхаарлын төвд байсан хүний байр суурь, тайлбар, үзэл бодлыг дамжуулан хүргэсэн. Төрийн өндөр албан тушаалтны оффшор дансны мэдээллийг анх хөндөн гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал, ЖДҮ-ийг дэмжих сангийн хэргүүд зэрэг сэдвийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн сурвалжлан нийтэлж, төр, засгийн бодлого шийдвэрийг хянах, шүүмжлэх сөрөг хүчний үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа зэрэг үзүүлэлтийг үнэлэн үзсэн байна.

“Шилдэг сэтгүүл” төрөлд “Гэрэг” сэтгүүл шалгарлаа. Тус сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитэд медиа групп” нь 2019 оноос дэлхийн шилдэг хэвлэл “The New York Times” компанитай хамтран ажиллаж тус хэвлэлтэй хамтарсан “Гэрэг” сэтгүүлийн “The Turning points” (2020 оны II сар), “The Big Ideas” (2020 оны XII сар) дугаарыг эрхлэн гаргаж нийтэд хүргэсэн. Түүнчлэн дээрх хоёр дугаар нь дэлхийн шилдэг уран бүтээлч, судлаач, мэргэжилтнүүдийн 20 шахам эсээ, нийтлэлийг агуулсан бөгөөд Монгол талаас цаг үе, нийгэм эдийн засгийн асуудлуудыг хөндөн оруулснаараа өргөн хэмжээний, удаан настай материалыг уншигчдад хүргэсэн.  Дэлхийн шилдэг хэвлэлтэй хамтран ажиллах хүрээнд “Гэрэг” сэтгүүл нь редакцын хамтын ажиллагааны соёлыг мөн өөрчлөх алхмыг хийж гүйцэтгэсэн зэрэг менежмэнтийн амжилт, сэтгүүлч, уран бүтээлчдийн ур чадвар зэрэг үзүүлэлтээр ийнхүү тэргүүлж байна.

“Орон нутгийн шилдэг мэдээллийн хэрэгсэл” төрөлд Дархан-Уул аймгийн “RGB” телевиз шалгарлаа. Монголын хөдөө орон нутгийн анхны чөлөөт телевиз болох тус телевиз 1995 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. “Дархан хотын мэдээ” мэдээллийн хөтөлбөр, “Ярилцах цаг” хөтөлбөр, “Ахлах ангийнхан”, “Кофе хаус”, “Дархан хөтөч” зэрэг нэвтрүүлгийг мэргэжлийн түвшинд тогтмол бэлтгэн хүргэж, үзэгчдийн талархлыг хүлээн ажиллаж байна.

“Телевизийн шилдэг сэтгүүлч” төрөлд ТВ8 телевизийн сэтгүүлч, ахлах редактор Ц.Гэрэлмаа шалгарлаа. Тэрбээр “Тавилан” нэвтрүүлгийг 2016 оноос хойш 45 дугаар бэлтгэн үзэгчдэд хүргээд байна. Үүний 39 дугаар нь эх орны өнцөг булан бүрээс, 6 дугаарыг хилийн чанадаас бэлтгэсэн байна. Дэлхий дахин цар тахалтай тэмцсэн, халдвар хамгааллын дэглэм бүхий нөхцөлд “Тавилан” нэвтрүүлгийн 9 дугаарыг бэлтгэн үзэгчдэд хүргэжээ. Тус нэвтрүүлгийг бэлтгэхэд олон цагийн судалгаа, эрэл хайгуул, эрэн сурвалжлага хийж, маш олон эх сурвалжийг тодруулан уулзаж мэргэжлийн ур чадвар, тэвчээр, ёс зүйг үзүүлэн ажилласныг үнэлэн шилдгээр шалгаруулж байна.

“Радиогийн шилдэг сэтгүүлч” төрөлд Гэр бүлийн радио FM 104.5-гийн сэтгүүлч Б.Баясгаланг шалгарууллаа. Тэрбээр  “Амьдралын учиг” сэтгэл зүйн боловсрол олгох радио нэвтрүүлгийг бэлтгэн уншигчдад хүргэдэг. Мөн хүүхэд хүмүүжлийн “Охин мэндэллээ” цуврал нэвтрүүлэг, хүүхэд хөгжлийн “Нуугдсан эрдэнэ” цуврал нэвтрүүлэг, мэргэжил бүхэн сайхан- шууд болон бичлэгийн цуврал нэвтрүүлэг,  нийгмийг асуудлыг хөндсөн “Ултай яриа” шууд нэвтрүүлэг,   манлайллын “Тусгал” нэвтрүүлэг,  байгууллагын удирдлагуудад зориулсан ”Нөлөө” зэрэг нэвтрүүлгийн бэлтгэн хүргэж, олон талт сэдвийг хамран мэргэжлийн түвшинд ажиллажээ.

“Сонины шилдэг сэтгүүлч” төрөлд “Өдрийн сонин-ы сэтгүүлч Д.Гансаруул шалгарлаа. Тэрбээр уншигчдын эрэлт хүлээлтийг мэдэрч, цаг үеийн чухал сэдвүүдээр эх сурвалжуудтай уулзан ярилцах, эрэн сурвалжлах чиглэлд амжилттай ажиллаж, олон ярилцлага, нийтлэл, сурвалжлагыг 2020 онд бэлтгэжээ. “Ямаа самнах гэдэг чинь бараг массаж юм шүү дээ, Номинжин минь”, “Гуяндаа нагаантай Ерөнхий сайд минь гурав мөргөж бөхөлзөх нь өрөвдөлтэй”, “Гэрэлт цохны булш”-ийн эмгэнэлт түүхийг монгол төр шинээр бүтээсэн нь”, “Дүрвэгч Эрдэмтсоёмбо: Өмнөд монголчууд маань удаан тэсэхгүй нь ээ”, “НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра: Өмнөд Монголд болж буй хөдөлгөөн бол олон улсын түвшний асуудал” зэрэг олон шилдэг нийтлэл, ярилцлагыг бэлтгэсэн байна.

“Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч” төрөлд livetv.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа шалгарлаа. Тэрбээр “Fact check” нэвтрүүлгийг тогтмол бэлтгэж, 2020 онд эрэн сурвалжилсан сэдвүүдээс хамгийн сүүлд “Монголд үйлдвэрлэв” буюу үндэсний үйлдвэрлэгчдийн нийтийн тээвэрт учруулсан хохирол, “Хавдар судлалын үндэсний төвд болсон жигүүрт хэрэг” буюу тус эмнэлгийн эмч нар өвчтөнөөс авилгал хээл хахууль авахыг оролдсон асуудлыг хөндсөн нэвтрүүлгүүд  нь үзэгчдийн талархлыг хүлээсэн.

“Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч” төрөлд ТВ6 телевизийн гүйцэтгэх захирал, сэтгүүлч Ж.Баяржаргал шалгарлаа. Тэрбээр “Mining economy” сэтгүүлийг бие даан эрхлэн гаргаж, зөв уул уурхайн ойлголтыг нийгэмд бий болгох зорилготой, мэргэжлийн нийтлэлүүдээрээ анхаарал татаж байна. Сэтгүүлч Ж.Баяржаргал нь 1999 оноос сэтгүүлчээр ажиллаж байгаа бөгөөд “Өнөөдөр” сонин, “Таван цагираг” сонины сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлсэн.

“Гэрэл зургийн сэтгүүлч” төрөлд МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн ахлах сурвалжлагч Б.Чадраабал шалгарлаа. Тэрбээр 2020 онд “Цар тахлын үеийн УИХ-ын сонгууль”, “БНСУ-аас тусгай нислэгээр 266 иргэн эх орондоо ирлээ”, “Энэтхэг улсад шавилан суудаг ламхай нар эх орондоо ирлээ”, “Хээрийн түр эмнэлэг”, “Монгол Улс БНХАУ-д Ухань хотоос иргэдээ татлаа” зэрэг гэрэл зургийн сурвалжлагуудыг бэлтгэжээ. Мөн 7 хоног тутмын англи хэлээрх “Монгол мессенжер”, япон хэлээрх “Монгорү Цушин”, хятад хэлээрх “Мэнгү Шяоши Бао “, орос хэлээрх “Новости Монголии”, үндэсний монгол бичгээр хэвлэгдэн гардаг “Хүмүүн бичиг” сонин болон улирал тутмын “Mongolia today” сэтгүүлийн зургийг мэргэжлийн түвшинд чанарын өндөр үзүүлэлттэйгээр нийлүүлэн  ажиллаж байна.

  “Орон нутгийн шилдэг сэтгүүлч” төрөлд Төв аймгийн TBS телевизийн сэтгүүлч Т.Саранчимэг шалгарлаа. Хөдөө, орон нутгийн мэдээллийн хэрэгсэлд тогтмол мэдээ, мэдээлэл, үйл явдлын сурвалжлага зэрэг төрлүүдийг хөгжүүлэхэд мэргэжлийн ур чадвараа дайчлан амжилттай ажиллаж байна. Тэрбээр 2020 онд орон нутгийн амьдрал, аж байдал, асуудал хөндсөн цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн анхаарлын төвд үзэгчдийн хүртээл болгон ажилласан, мэргэжлийн ур чадвар зэрэг үзүүлэлтээр шалгарч байна.

“Шилдэг редактор” төрөлд “Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа, ТВ5 телевизийн Улс төрийн албаны дарга, редактор А.Болдсайхан, zindaa.mn мэдээллийн сайтын редактор Б.Бадамгарав нар шалгарлаа. Мэдээллийн хэрэгслүүдийн онцлогоос хамаарч, редакторлох үйл явц онцлогтойг харгалзан үзлээ.

“Өдрийн сонин”-ы  редактор Д.Оюунтуяа 1999 оноос одоог хүртэл “Өдрийн сонин”д сэтгүүлч, албаны дарга, Хариуцлагатай нарийн бичгийн даргаар үр бүтээлтэй ажиллаж байна. Тэрбээр редакци, түүний зохион байгуулалт, сэтгүүлчдийн ур чадвар, эх бичвэрийг редакторлох үе шат, сонины хэл найруулгад чадварлаг сэтгүүлч, туршлагатай редактор, зохион байгуулагч юм.

Zindaa.mn мэдээллийн сайтын редактор Б.Бадамгарав 2004 оноос “Ардын эрх” сонинд сэтгүүлчээр ажиллан, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, сэтгүүлзүйн салбарт тасралтгүй 17 дахь жилдээ  ажиллаж байна. Тэр дундаа цахим сэтгүүлзүйн чиглэлээр 14 жил ажиллаж байна. Тэрбээр Zindaa.mn мэдээллийн сайтын өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий редакторын хувиар хариуцан ажиллаж байна. Б.Бадамгарав зөвхөн 2020 онд 20000 гаруй мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлага, нийтлэлийг редакторлон, сэтгүүлчдэд мэргэжил, ур чадварын зөвлөгөө өгөн 1700 мэдээллийг  сэтгүүлчийн ур чадвар гарган бэлтгэжээ. Цахим сайтын мэдээний менежмэнт хийх ур чадвар, цаг үеийн мэдрэмж, сэтгүүлчийн мэргэжлийн чадвар зэргийг үнэлж байна.

ТВ5 телевизийн Улс төрийн албаны дарга, редактор А.Болдсайхан нь тус телевизэд 15 дахь жилдээ ажиллаж байна. Үүний 10 жилд нь Улс төр, мэдээллийн албаны дарга, редактороор ажиллаж байна. Телевизийн нийтлэлийн бодлого тодорхойлох болон мэдээллийн хөтөлбөрийг зангидах гол ажлыг гүйцэтгэдэг. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага улс төрийн мэдээлэл, сонгуулийн үеийн үйл явц, эгзэгтэй цаг үеийн мэдээллийг хүргэхэд анхаарал, болгоомжтой ханддаг. Редактор А.Болдсайхан УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн хэд хэдэн сонгууль, коронавируст халдвар манай улсад бүртгэгдсэн үйл явц, хөл хорионы үеийн шийдвэр зэргийг сурвалжлан олон нийтэд хүргэх ажлыг удирдан зохион байгууллаа. Ингэхдээ мэдээллийн үнэн зөв байдал, гарах үр дагаврыг сайтар тооцон ажилласан зэргийг үнэлж байна.

“Хэвлэл мэдээллийн шилдэг менежер” төрөлд “Улстөрч” агентлагийн гүйцэтгэх захирал Г.Золбаяр шалгарлаа. Тэрбээр хэвлэл мэдээлэл, сургалт судалгаа, маркетинг гээд олон чиглэлд үйл ажиллагаа явуулж буй тус агентлагийг удирдан зохион байгуулах, тасралтгүй үйл ажиллагаа, мэргэжлийн удирдлагаар хангахад чухал үүрэг гүйцэтгэн манлайлал үзүүлэн ажиллаж байна.  Тус агентлагаас 2020 онд сэтгүүл, сонин, сайт төслийн хүрээнд “Best of Mongolia” хэрэглэгч-олон нийтийн цахим санал асуулга, “Монголыг хөгжүүлэх 99 байгууллага” боть-1 зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлсэн зэрэг шалгуураар үнэлж байна.

“Шилдэг судлаач” төрөлд МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Амартүвшингийн “Сэтгүүл зүйн тухай” судлал, шүүмжийн бүтээлээр шалгарууллаа.

Тус бүтээл нь сэтгүүл зүйн салбарын өргөн хүрээг хамарч, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон шинэ хэрэгслийн тал бүрийн асуудлыг тусгасны зэрэгцээ шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүтээлүүдийн алдаа дутагдал болон ололт амжилтыг онол-практикийн үндэслэлтэй хөндсөн байна. Эрдэм шинжилгээний өгүүллүүд нь сэтгүүл зүйн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замуудыг шинжлэх ухааны үндэслэл, онолын үзэл баримтлалтай даацтай тодорхойлон үнэлж дүгнэсэн зэрэг шалгуурыг гол болгож байна.

Сэтгүүл зүйн салбарын "ГАН ҮЗЭГ 2020" оны тэргүүн наадмын шилдгүүд:

 ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА:

- Шилдэг телевиз - “NTV” телевиз 

- Шилдэг радио- “MGL” радио 88.3

- Шилдэг мэдээллийн сайт – “Zarig.mn”

- Шилдэг сонин- “Зууны мэдээ” сонин

- Шилдэг сэтгүүл- “Гэрэг” сэтгүүл

- Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл- Дархан-Уул аймгийн “RGB” телевиз

 


ШИЛДЭГ РЕДАКТОР:

-Сонины шилдэг редактор – “Өдрийн сонин”-ы хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа

 

-Телевизийн шилдэг редактор – “ТВ5” телевизийн Улс төрийн албаны дарга, редактор А.Болдсайхан

-Мэдээллийн сайтын шилдэг редактор – “Zindaa.mn” сайтын Ерөнхий редактор Б.Бадамгарав  

ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:
- Телевизийн шилдэг сэтгүүлч- “ТВ8” телевизийн сэтгүүлч Ц.Гэрэлмаа

 - Радиогийн шилдэг сэтгүүлч- “Гэр бүлийн радио 104.5”-ын сэтгүүлч Б.Баясгалан

 - Сонины шилдэг сэтгүүлч- “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Д.Гансаруул

- Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч- “livetv.mn” сайтын сэтгүүлч С.Будрагчаа

- Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч- “Mining&economic” сэтгүүлийн сэтгүүлч Ж.Баяржаргал

- Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч- “Монцамэ” агентлагийн гэрэл зургийн албаны дарга Б.Чадраабал

Орон нутгийн шилдэг сэтгүүлч - Төв аймгийн “TBS” телевизийн сэтгүүлч Т.Саранчимэг

 ШИЛДЭГ МЕНЕЖЕР:

 - “Улстөрч агентлаг”-ийн Гүйцэтгэх захирал Г.Золбаяр

 ШИЛДЭГ СУДЛААЧ:

 - МУБИС-ийн НХУС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор -С.Амартүвшин

 Дэмжигч байгууллага:  "Монголын Ипотекийн Корпораци ОССК" ХХК

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

ИБУИНХУ-тай хамтран эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа

Огноо:

,

Эрчим хүчний сайд Б.Найдалаа COP17 хурлын үеэр өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Байгаль орчны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Рут Дэвис болон холбогдох төлөөлөлтэй уулзлаа.

ИБУИНХУ-д Монголын эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа асуудлуудтай ижил бэрхшээлүүд бийг хатагтай Рут Дэвис хэлээд, Монгол Улс стратегийн түвшинд ямар төслүүд хэрэгжүүлэхээр зорьж буй болон сэргээгдэх эрчим хүчний анхны аукционыг амжилттай зохион байгуулсан туршлага, ногоон шилжилт хийхэд тус улсаас манайд хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар сонирхлоо.

Монгол Улсын Эрчим хүчний яамнаас “Эрчим хүчний шилжилтийн стратеги 2026-2050” баримт бичгийн төслийг олон нийт, хөрөнгө оруулагчдад танилцуулсныг сайд Б.Найдалаа онцлов.

Мөн тэрбээр Монгол Улс нүүрс, нар, салхины арвин нөөцөө ашиглан дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна бүс нутгийн хэмжээнд тоглогч болж, эрчим хүч экспортлох амбицтай ажиллаж байгааг тодотголоо. Талууд хоёр улсын эрчим хүчний салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарахад санал нэгдэв.

Сайд Б.Найдалаа өнөөдөр мөн Их Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн (UKEF) Бизнес хөгжүүлэлт болон Харилцагчийн хамтын ажиллагаа хариуцсан олон улсын газрын дарга Вомик Нур Шах, тус агентлагийн Бизнес хөгжүүлэлтийн Зүүн Европ ба Төв Азийн бүс хариуцсан дарга Крис Аллум нарыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр сайд Б.Найдалаа Монгол Улс эрчим хүчний салбартаа өргөн хүрээний шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж буйг танилцуулаад, өмнөхөөс илүү нээлттэй байхыг зорин, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татахад анхаарч байгаагаа онцлов.

Дээрх агентлаг нь Засгийн газрын байгууллага бөгөөд ноён Вомик Нур Шахын хувьд Их Британийн олон улсын бизнес хөгжүүлэлт, шинэ боломжуудыг бий болгох үйл ажиллагаа, мөн олон улсын сүлжээг хариуцан ажилладаг байна. Тэрбээр Монгол Улсын эрчим хүчний салбарт, тухайлбал, нар, салхи, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүч, жижиг модуль реактор (SMR)-ын төсөлд хөрөнгө оруулах боломжийн талаар судлах сонирхолтой байгаагаа дурдав.

Монгол Улсын хувьд эдгээр болон устөрөгч, усан цэнэгт станц, дата төв байгуулах, дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгааг сайд Б.Найдалаа тэмдэглээд, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулах боломж зэргийн талаар цаашид нарийвчлан ярилцах саналтай буйгаа илэрхийлэв. Тухайлбал, манай улс цөмийн эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр судалгаа хийх ажлын хэсэг байгуулж буй юм. Уг чиглэлээр гадаадын орнуудтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, нэг бус, хэд хэдэн улстай энэ талаар хэлэлцэн, хамгийн тохирох арга замыг сонгохыг зорьж буй.

Талууд цаашид харилцан мэдээлэл солилцож, яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгоход анхаарахаар болов. Их Британийн Экспортын санхүүжилтийн агентлагаас Монгол Улсад дөрвөн тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулах боломжтой хэмээн тооцож байна гэж Монгол Улсын Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчээр ажиллах “Ногоон дата төв” байгуулах санаачилгыг танилцууллаа. Монгол Улс Риогийн гурван конвенцын зорилгыг бодлого, санхүүжилт, шинжлэх ухаан, инновацын нэгдсэн тогтолцоонд уялдуулсан “Тал хээрийн төлөвлөгөө” санаачилгыг дэвшүүлээд байна.

Энэ хүрээнд Монгол Улс эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулахаар зорьж байна. Уг төсөл нь Монгол Улсын 2026-2030 оны таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажил юм.

Монгол Улс өргөн уудам газар нутаг, сэрүүн, хуурай уур амьсгал, нар, салхины арвин нөөцтэй. Дэлхийн хоёр том зах зээлийн дунд орших стратегийн байршлаараа сэргээгдэх эрчим хүч болон бүс нутгийн дижитал дэд бүтцийн шинэ төв болох суурь нөхцөлийг бүрдүүлж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Ногоон дата төв нь зөвхөн өгөгдөл хадгалах зориулалттай байгууламж бус, байгаль орчны өгөгдөл, зайнаас тандан судлах технологи, хиймэл дагуулын мэдээлэл, газарзүйн мэдээллийн технологи болон хиймэл оюун ухааныг нэгтгэсэн үндэсний болон бүс нутгийн ухаалаг шийдвэр гаргалтын платформын суурь болох юм.

Дэлхий даяар хиймэл оюун ухааны хөгжлийг дагаад дата төвийн эрэлт эрчимтэй өсөж байгаа энэ үед эрчим хүчний хэрэглээ болон нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шаардлага нэмэгдэж байна. Иймээс сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг, өндөр үр ашигтай дата төвүүд дэлхийн шинэ стандарт болж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.


Энэхүү санаачилга нь Монгол Улс төдийгүй бүс нутаг, дэлхийн тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны шинэ боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийлж, олон улсын түншүүдийг хамтран ажиллах, хөрөнгө оруулах, технологи, мэдлэг, туршлагаа хуваалцахыг урив.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 389 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 269 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Одоогоор ажиллагаанд 120 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Үндэсний геологийн албаны холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар хариу мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 92 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 16 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад Эрүүгийн хуулийн 22.1, 22.10-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 этгээдэд холбогдох үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Төлөвлөгөөт хяналтаар 9 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе15 цаг 18 минут

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэ...

Улстөр нийгэм15 цаг 21 минут

ИБУИНХУ-тай хамтран эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх боломжийн...

Шударга мэдээ15 цаг 25 минут

Нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг илүү түргэн шуурхай, хялбар ...

Улстөр нийгэм15 цаг 29 минут

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачил...

Цаг үе15 цаг 35 минут

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой 2 цэцэрлэгийн бар...

Улстөр нийгэм15 цаг 39 минут

Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаа...

Улстөр нийгэм16 цаг 3 минут

COP17 өнөөдөр “Газар ба хүн төвт өдөр”-өөр үргэлжилж байна

Цаг үе16 цаг 7 минут

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Улстөр нийгэм2026/08/25

Монгол Улс НҮБ-Хабитаттай хот байгуулалтын хамтын ажиллагаагаа өргөж...

Цаг үе2026/08/25

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

Санал болгох