Үзэл бодол
Шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөр хэзээ, хэрхэн амжилттай хэрэгжих вэ?

Дотоод хүмүүстэй хамтран ажиллахгүйгээр авлигын схемийг илчлэх, задруулах нь хэцүү байдаг. Гэсэн хэдий ч шүгэл үлээгчид хувийн болон мэргэжлийн эрсдэлээс үүдэн мэдээллийг задруулахаас татгалздаг. Улс орнуудад энэхүү асуудлыг шийдвэрлэх улам бүр түгээмэл болж буй арга замуудын нэг нь шүгэл үлээгчдийг урамшуулах хөтөлбөр юм. Ийм хөтөлбөрүүд нь өөрийн онцлог шинж чанараараа харилцан адилгүй байдаг хэдий ч ихэнх нь ижил төрлийн үндсэн схемийн дагуу ажилладаг бөгөөд албадлагын арга хэмжээ авахад хүргэдэг олон нийтэд мэдээлээгүй чухал баримт мэдээллийг ил болгосон мэдээлэгчид мөнгөн урамшуулал буюу ихэвчлэн хариуцагч талуудад ногдуулсан торгуулийн тодорхой хувийг шагнал болгон өгдөг.
Энэхүү механизмыг анхлан хэрэгжүүлж эхэлсэн АНУ-д шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсээр байна. АНУ-д 1986-2020 оны хооронд шүгэл үлээснээр илэрсэн хэргийн хохиролд 46.5 тэрбум долларыг Хуурамч бичиг баримтын тухай хуулийн (FCA) дагуу нөхөн төлүүлсэн бөгөөд шүгэл үлээгчдэд 7.8 тэрбум долларын урамшуулал олгожээ. Жишээлбэл, 2011 онд Додд-Фрэнкийн тухай хуулийн дагуу бий болсон шүгэл үлээгчийн хөтөлбөрт тусгагдсанаар шүгэл үлээгчийн өгсөн мэдээлэл нь Үнэт цаасны тухай хуулийг зөрчсөн нь батлагдсан тохиолдолд дор хаяж 2 тэрбум долларын санхүүгийн нөхөн төлбөрийг төлүүлж, шүгэл үлээгчид 720 гаруй сая доллар олгосон байна. АНУ дахь мэдээлэгчийг урамшуулах хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэн нь Өмнөд Солонгос, Канад, Нигери, Гана, Унгар, Кени зэрэг бусад хэд хэдэн оронд ижил төстэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд түлхэц болсон. Гэхдээ эдгээр хөтөлбөрүүд бүгд адилхан амжилттай хэрэгжээгүй. Жишээ нь Африк тивд шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөрийг нэвтрүүлсэн анхны улс болох Гана улсад ямар ч шагнал урамшуулал олгоогүй ба үнэндээ Гана улсын Шүгэл үлээгчийн тухай хуулийг ашигласан тохиолдол ч цөөхөн байдаг.
Шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөр хэзээ, хэрхэн амжилттай хэрэгжих талаар тайлбарлахад ямар хүчин зүйлс шаардлагатай вэ? Энэ асуултад энгийн, хялбар хариулт байхгүй. Уг асуудал нь нарийн төвөгтэй бөгөөд аливаа хөтөлбөрийн үр нөлөө нь тус хөтөлбөрийн дизайны нарийн ширийн зүйлс, түүний дотор шүгэл үлээгчдэд урамшуулал олгох урьдчилсан нөхцөл, хөтөлбөрийн цар хүрээ, түүнчлэн тухайн улсын соёл зэргээс ихээхэн хамаардаг. Ямартай ч шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөр нь олон тооны шүгэл үлээгчдэд урамшуулал олгох эсэхэд гол үзүүлэлт болох хоёр хүчин зүйл байна:
· Эхний хүчин зүйл нь эрх бүхий байгууллага нь шүгэл үлээгчид тулгарч болзошгүй аливаа эрсдэлээс хангалттай хамгаалж байгаа эсэх юм. Эрх бүхий байгууллагаас шүгэл үлээгчийг ажлын байраа алдах болон бусад хэлмэгдүүлэлтээс хамгаалахгүй бол эцсийн дүндээ шүгэл үлээснээр мөнгөн урамшуулал авах боломж ч мөн хязгаарлагдана. Энэхүү хүчин зүйл нь олон оронд шүгэл үлээгчийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд саад болж байгаа нь батлагдсан. Жишээлбэл, Кени улсад шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөр зарим талаараа үр дүнгүй байгаа нь тус улсад шүгэл үлээгчийн хамгаалалт сул байгаатай холбоотой буюу шүгэл үлээгчид санхүүгийн урамшуулал авахын тулд өөрийгөө илүү эрсдэлтэй, аюултай байдалд оруулахаас эмээж байгаатай холбоотой юм. Үүний нэгэн адил Гана улсад шүгэл үлээсний хариуд ирж буй аливаа хэлмэгдүүлэлт, дарамт шахалт нь олон Ганачуудад шүгэл үлээснээр өөрсдийнх нь аюулгүй байдал нь эрсдэлд орно гэж итгэхэд хүргэсэн бөгөөд урамшууллын хөтөлбөрийн санал болгож буй санхүүгийн урамшуулал нь шүгэл үлээхэд хангалттай бус болох нь тодорхой болсон. Урамшууллын хөтөлбөрүүд нь анхнаасаа үр дүнтэй хэрэгжсэн улс орнуудад ч эрх бүхий байгууллага нь шүгэл үлээгчдэд ирэх хариу арга хэмжээ, дарамт, шахалт зэргээс хамгаалахгүй бол үр нөлөөгөө алдаж магадгүй юм. Жишээлбэл, Нигери улс Шүгэл үлээгчдийг урамшуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэж үздэг бөгөөд тус улсын 2018 оны тайланд тус хөтөлбөрөөр дамжуулан 378 сая ам.доллар нөхөн төлөгдсөн нь тогтоогдсон. Гэсэн хэдий ч Нигери улсад шүгэл үлээгчийг хамгаалах хууль тогтоомж байхгүй байгаа нь хөтөлбөрийн цаашдын үр дүнтэй байдалд заналхийлж байна. Шүгэл үлээгчдэд санал болгож буй их хэмжээний урамшууллыг үл харгалзан Нигери улсад шүгэл үлээгчдийн тоо цөөрсөөр байгаа бөгөөд саяхны судалгаагаар судалгаанд оролцогчдын дөрөвний гурав орчим нь засгийн газраас хууль зүйн баталгаа авалгүйгээр авлигын талаар мэдээлэхдээ эргэлзэж байсан нь тогтоогджээ. Үүний эсрэгээр, шүгэл үлээгчийн хамгаалалт сайтай улс орнуудад мэдээлэгчийг урамшуулах хөтөлбөрүүд илүү амжилттай болсон байдаг. Тухайлбал, дэлхийн хамгийн цогц Шүгэл үлээгчийн тухай хуультай Өмнөд Солонгост 2012 оноос хойш тус улсын шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөрийн хүрээнд шүгэл үлээсний дагуу илэрсэн хэргийн тоо тогтмол нэмэгдсээр байна.
· Шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөрийн үр нөлөөнд хамгийн их нөлөөлж буй хоёр дахь хүчин зүйл бол шүгэл үлээгчид олгох санхүүгийн урамшуулал нь хангалттай эсэх юм. Уг урамшуулал нь шүгэл үлээгчдэд тулгарах хувийн болон мэргэжлийн эрсдэлийг тэнцвэржүүлэхүйц хангалттай их байх ёстой. Урамшууллын хэмжээ нь ерөнхийдөө их хэмжээний мөнгөн торгууль ногдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас шалтгаалдаг тул урамшууллын хэмжээ онцгой чухал юм. Шүгэл үлээх нь урамшуулал авах баталгаа биш бөгөөд аливаа процессын улмаас урамшуулал олгогдохгүй олон жил ч болох боломжтой. Шүгэл үлээгчид учирч болох эрсдэл болон урамшуулалтай холбоотой тодорхойгүй байдлыг харгалзан үзэж шүгэл үлээсний хариуд санал болгож буй урамшууллын хэмжээ нь шүгэл үлээгчид тулгарч болзошгүй эрсдэлээс давж гарахуйц хангалттай байх ёстой. Шүгэл үлээгчдийг урамшуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч харьцангуй бага хэмжээний урамшуулалтай улс орнуудын иргэд шүгэл үлээх нь бага байгаа буюу уг хөтөлбөр нь төдийлөн амжилттай хэрэгжиж чадахгүй байна. Жишээлбэл, Унгар улсад мэдээлэгчийн урамшуулал торгуулийн дүнгийн 1 хувиар хязгаарлагддаг бөгөөд ойролцоогоор 180 мянган ам.доллароос хэтрэхгүй байна. Унгар улсад шүгэл үлээгчийн хөтөлбөрийн хүрээнд ямар ч урамшуулал олгогдоогүй бөгөөд тус улсын урамшууллын хэмжээ нь мэдээлэл өгөхөд хангалттай биш гэдгийг судалгаа харуулж байна. Пакистанд ч мөн үүнтэй төстэй нөхцөл байдал ажиглагдаж байгаа бөгөөд урамшууллын хэмжээ нь 12 мянган ам.доллароор хязгаарлагддаг. Тус улсад шүгэл үлээгчийн урамшууллын хөтөлбөрийн хүрээнд шүгэл үлээгчийн мэдээлсэн цөөн хэдэн хэрэг л шалгагдсан байна. Харин урамшууллыг нэмэгдүүлэх нь мэдээлэгчийн урамшууллын хөтөлбөрт хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг харуулж байна. БНСУ-ын Шударга Худалдааны Хорооноос (KFTC) 2002 онд нэвтрүүлсэн Өмнөд Солонгосын хоёр дахь шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөр нь дөрвөн жилийн хугацаанд арав хүрэхгүй тайланг гаргаж эхэндээ үр дүнтэй хэрэгжээгүй. Гэсэн хэдий ч урамшууллын дээд хэмжээг 19 мянган ам.доллароос 94 мянган ам.доллар болгон нэмэгдүүлсний дараа Шударга Худалдааны Хорооноос нь дэлхийн хамгийн идэвхтэй дэглэмүүдийн нэгийг бий болгосон юм.
Шүгэл үлээгчдийн хөтөлбөрүүд АНУ, Өмнөд Солонгос зэрэг орнуудад амжилттай хэрэгжсэнээс үзэхэд шүгэл үлээгчдэд мөнгөн урамшуулал олгох нь авлигатай тэмцэх хүчирхэг хэрэгсэл болохыг харуулж байна. Урамшууллын хөтөлбөрүүд бусад улс орнуудад хангалттай үр дүнд хүрээгүй байж болох ч шүгэл үлээгчдийн аливаа зөрчлийн талаар мэдээлэл өгөх боломжийг нэмэгдүүлэх асар том эх сурвалж хэвээр байна. Иймд шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй улс орнууд болон хөтөлбөрийн үр дүнг нэмэгдүүлэхээр хөтөлбөртөө нэмэлт өөрчлөлт оруулахаар зорьж буй улсуудын хувьд хэрэгжүүлэх шаардлагатай хоёр тэргүүлэх чиглэл гарч ирж байна. Нэгдүгээрт, шүгэл үлээгчдэд учирч болох бүхий л эрсдэлээс хамгаалах баталгааг бий болгох, хоёрдугаарт, хангалттай хэмжээний мөнгөн урамшуулал олгоход анхаарах шаардлагатай юм.
Эх сурвалж: https://globalanticorruptionblog.com
Үзэл бодол
ЗГ: Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх санал гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 29-нд болж, УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын санаачлан боловсруулан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх 30 гаруй саналыг хэлэлцээд хууль санаачлагчдад уламжлахаар тогтлоо.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдээс аль нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байхаар заах саналыг өгөхөөр тогтов. Мөн жагсаалтаар нэр дэвшигч 38 хүний нэрийг намууд гаргахдаа эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулах замаар жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх боломжийг хангах санал гаргалаа гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж ярилаа.
Үзэл бодол
Т.Төмөрбаатар: Зорчигчид хилээр орж, гарахдаа эрүүл мэндийн хуудсыг цахимаар бөглөнө
Хилээр иргэд нэвтрэхдээ эрүүл мэндийн мэдүүлэг хуудсаа цахимаар бөглөх нь олон талын ач холбогдолтой аж. Энэ талаар ГЕГ-ын хорио цээрийн хяналтын гаалийн улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас тодрууллаа.
Иргэд, зорчигчид хилээр орж, гарахдаа эрүүл мэндийн мэдүүлэг хуудсыг цахимаар бөглөх нь хугацаа хэмнэхээс гадна өөр ямар давуу талуудыг бий болгож байгаа вэ?
Гаалийн байгууллагын хорио цээрийн хяналтыг цахимжуулах ажлууд 2022 оноос хийгдэж эхэлсэн. Үүний нэг нь зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг хуудсыг цахимжуулах ажил байв. Энэ хүрээнд УОК-ийн тухайн үеийн шийдвэр, Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасны “Зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг бөглүүлэх ажлыг эхлүүлсэн.
Уг мэдүүлгийн гол зорилго нь аливаа халдварт өвчин авсан эсэхийг эрт илрүүлэх, үүний дагуу шуурхай хариу арга хэмжээ авах юм.
Эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсыг цахимжуулж, аппликейшн болгосноор хилийн нэвтрэх хугацааг түргэсгэх, хурдан шуурхай үйлчлэх боломжийг нэмэгдүүлж өгсөн юм. Өнөөдрийн байдлаар ихэнх боомтууд дээр уг аппликейшныг туршилтаар хэрэглэж байна. Тухайн програмыг илүү хөгжүүлэх, боловсронгуй болгох тал дээр ажиллаж байгаа. Энэ зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлгийг БНХАУ, БНСУ болон бусад улс орнууд мөн зорчигчийнхоо эрүүл мэнд, аюулгүй байдлыг дэмжиж нэвтрүүлсэн байдаг.
Тухайн эрүүл мэндийн мэдүүлгийг бөглөхөд их хялбар бөгөөд зорчигчийн ерөнхий мэдээлэл, халдварт өвчний шинж тэмдэг бөглөх хэсэг, шинж тэмдэг илэрсэн эсэх, халуунын хэмжилт, ковидын вакцинжуулалтанд хамрагдсан байдал, вакцины төрөл, баталгаажуулах хэсэг зэргийг бөглөж баталгаажуулдаг.
Хил дээр ажиллаж буй эрүүл ахуй, халдвар хамгаалал хариуцсан гаалийн улсын байцаагч нар иргэд, зорчигчдод тухайн аппликейшныг хэрхэн татах, бөглөх, QR код үүсгэх зэрэг бүх талын мэдээлэл, зөвлөмжийг өгч байгаа.
Замын-Үүд боомтоор гарч орж ирж буй зорчигчид цахимаар бөглөөд бүр хэвшиж байна.
Эрүүл мэндийн мэдүүлгийг цахимаар бөглөхөд иргэдийн зүгээс шүүмжлэл ирдэг үү?
Зарим тохиолдолд зорчигчийн цаг хугацаанаас ч хамаардаг уу төвөгшөөх, интернэт гацах зэрэг асуудлаас үүдэж бөглөхгүй байх тохиолдол гардаг. Уг нь тухайн аппдикейшныг хэрэглээд сурчихвал дараа хилээр дахин нэвтрэхэд нь өмнөх бөглөсөн түүх нь хадгалагдсан байдаг учраас өөрт нь амар байдаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу тухайн эрүүл мэндийн мэдүүлгийг зорчигч заавал бөглөсөн байх шаардлагатай. Уг мэдүүлгийн тусламжтайгаар бид олон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, яаралтай хариу арга хэмжээ авахад чухал ач холбогдолтой юм.
Заримдаа өндөр настан, хүүхэд, хараа болон сонсголын бэрхшээлтэй иргэд цаасан хэлбэрийн батлагдсан эрүүл мэндийн хуудас бөглөж болно. Хилийн эрүүл ахуй, халдвар хамгааллын байцаагч дараа нь тухайн цаасан хэлбэрээр бөглөсөн хуудсан дээрх мэдээллийг аппликейшн руу нөхөн оруулдаг.
Тус аппликейшинд гар утасны дугаараараа бүртгүүлэх бөгөөд Монгол, Англи, Хятад, Орос, Япон хэлээр сонгон татах боломжтой.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуулиар зорчигчийн “Эрүүл мэндийн мэдүүлэг” хуудсыг хилээр нэвтрэх зорчигч бүр заавал, үнэн зөв бөглөх үүрэгтэй. Мөн гар утасны арр аа тогтмол update байхыг зөвлөж байна.
Зарим иргэдийн зүгээс мэргэжлийн хяналтын хилийн асуудал хариуцсан байцаагч нар нь гаалийн байгууллагад нэгдсэнийг мэддэггүй. Тэгээд гаалийн байцаагч ямар олон төрлийн хяналт, шалгалт хийдэг болсон юм бэ гэж андуурах тохиолдол гардаг гэсэн. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
Засгийн газрын шийдвэрээр мэргэжлийн хяналтын хилийн хяналтын чиг үүргийг 2022 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн гаалийн байгууллагын чиг үүрэгтэй нэгтгэсэн. Өмнө нь хил дээр гааль, мэргэжлийн хяналт, хил хамгаалах, иргэний харьят гэсэн дөрвөн байгууллагууд ажилладаг байсан.
Засгийн газрын зүгээс хил дээрх хяналт, шалгалтыг давхардуулахгүй байх, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, худалдааг хөнгөвчлөх зорилгоор гаалийн байгууллагын харьяанд хилийн хяналтыг шилжүүлсэн гэж ойлгож болно. Ингэснээр худалдааг хөнгөвчлөх, иргэд, ААН-үүдэд хяналтын давхардлыг багасгах, хугацаа хэмнэх, хүнд суртал, чирэгдэлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Энэ хүрээнд мэргэжлийн хяналтын хилийн хяналтанд ажилладаг 504 хүн гаалийн байгууллага руу шилжин нэгдсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.
Эх сурвалж: ГЕГ
Үзэл бодол
Өрх бүрийг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа холбогдох албаныхны хамтаар гэр хорооллын гудамж, талбайн хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг шалгав.
Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн төвлөрсөн хогийн гурван том цэг байдаг. Үүнээс гадна зуслангийн бүсүүдэд хур хог хаях цэг бий. Гэтэл иргэд, аж ахуй нэгж байгууллагууд зөвшөөрөлгүй газар барилгын болон бусад хог хаягдлыг төвлөрүүлэн, хур хогийн цэг үүсгэж байгаа аж. УБЗАА-наас 2022 онд хур хог үүссэн 10 орчим байршлыг цэвэрлэж, зөөвөрлөсөн бол энэ жил тус ажлаа үргэлжлүүлэхээр судалгаа хийж буй.
Уг асуудалтай холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших үерийн далангийн бүсэд ажиллав. Тус үерийн далангийн хувьд ойролцоогоор хоёр га газрыг хамардаг бөгөөд томоохон компаниуд барилгын хог хаягдал, их хэмжээний шороог зөөвөрлөн асгажээ. Ийм байдлаар хур хогийн цэг үүсгэсэн иргэн, аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлэн цэвэрлүүлэх, цаашлаад бичил цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар төлөвлөгөөнд тусгахаа албаныхан онцолж байв.
Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2023 онд найман удаагийн их цэвэрлэгээ хийхээр төлөвлөсөн. Хот тохижилтын газраас нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн тохижилтын ажлыг хариуцдаг бөгөөд гэр хорооллын гудамж талбайг цэвэрлэх хүн хүч дутмаг байгаа юм. НИТХ-ын 2012 оны 61 дүгээр тогтоолд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгааг хариуцахаар журамласан.
Тиймээс хороо бүрд ажилладаг хог хаягдлын олон нийтийн байцаагч нар айл өрх, иргэдийн бүлэгтэй хамтран уг журмыг мөрдөж, цаашид гудамж, хашааныхаа ойр орчмын 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэхийг УБЗАА-наас уриалж байлаа.
Сэтгэгдэл