Цаг үе
Яармагийн гүүрээс Нүхтийн уулзвар хүртэлх 3.3 км авто замыг шинэчилнэ
Нийслэлийн хэмжээнд авто замын шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ онд нийт авто замын 70 хувийг шинэчилнэ.
Энэ хүрээнд Яармагийн гүүрээс Нүхтийн уулзвар хүртэлх 3.3 км авто замыг шинэчлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд эхний ээлжид ашиглалтын хугацаа дууссан хашлагыг хуулж байгаа юм.
НЗХГ-ын хэлтсийн мэргэжилтэн З.Доржбат “Авто замын бетон хашлагыг 12-16 жилийн хугацаанд ашигладаг. Бидний шинэчлэх гэж байгаа дээрх авто замын авто хашлагын ашиглалтын хугацаа дууссан. Иймээс бетон хашлагыг байгалийн чулуун хашлагаар солих юм. Байгалийн чулуун хашлага нь эдэлгээ удаан, чанартай байдаг. Тухайлбал, Бага тойруугийн авто замын хашлагыг 2011 онд байгалийн чулуугаар сольсон бөгөөд одоог хүртэл ашиглалтын шаардлага хангаж байгаа” гэв.
Түүнчлэн Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04 1.8 заалт "Явган хүний болон унадаг дугуй зам нь тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн замын түвшнээс 15 см өндөр өргөгдсөн байна" гэж заасны дагуу зорчих хэсгийн хучилтыг 7-10см хүчитгэхээр түүнийгээ дагаад хашлагыг зайлшгүй өндөрлөх шаардлага гардаг байна.
Дээрх 3,3 км авто замд ус зайлуулах 70 шүүрт худаг байдаг. Гэвч орон сууцны хороолол болон Богд уулын борооны ус зорчих хэсэг рүү орж, дөрвөн байршилд ус их хэмжээгээр тогтдог. Тиймээс 58 шүүрт худгийг нэмж суурилуулна.

Цаг үе
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Цаг үе
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр Дорнод аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, аянга, цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны долоодугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 18…23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
2026 оны долоодугаар сарын 22-ноос
2026 оны долоодугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр, 25-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-нд нутгийн өмнөд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 37-42 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.
-
Цаг үе2024/03/22
"Петро чайна дачин тамсаг" ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашиг...
-
Цаг үе2024/10/30
Ирэх нэг, хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэ...
-
Шударга мэдээ2023/02/28
Украйн нь хоёр дайсантай тулгарч байна: ОХУ ба Авлига
-
Шударга мэдээ2022/01/06
ШӨХТГ: “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-д 9.1 тэрбум төгрөгийн торгууль н...
