Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Ээждээ зориулсан үг

Огноо:

,

ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН ҮГ

Бидний ачлалт хайртай ээж минь Таныхаа алтан шарилд түмэнтээ мөргөм үү...

Хайрт ээж минь 2024 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүнд өвчний учир тэнгэрт дэвшлээ. Бидний хайрт ээж Гомбосүрэн овогтой Хэрлэнбаяр нь 1978 оны дөрөвдүгээр сарын 25-нд Налайх дүүргийн төрөх тасагт аав, ээжийн 4 дэх охин болон мэндэлжээ.

Та минь бага насандаа цэцэрлэгт хүмүүжиж, 1985-1993 онд Төрхурахын 8 жилийн дунд сургуульд, 1993-1995 онд Хөнгөн хүнсний техникумд, 1999 онд Алт угаагч түр курст суралцан "Шижир алт" ХХК-д, "Алтан Дорнод Монгол" ХХК-д дээж авагчаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ.

2005 оноос "Номин холдинг" ХХК-д борлуулалт, үйлчилгээний бизнест худалдагчаар ажилд орсноор өнөөг хүртэл тус компанитай хувь заяагаа холбож, "Номин электроникс", Номин УИД, Номин хайпермаркет, супермаркет зэрэг олон салбаруудад борлуулагчаас барааны нярав, орлогын нярав, зохион байгуулагч хүртэл албан тушаалуудад дэвшин ажиллаж, өөрийн ажилдаа дур сонирхолтой, хичээл зүтгэлтэй, хамт олныг удирдан чиглүүлэгч, сайн зохион байгуулагч, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэн суралцаж, уралдаант шалгаруулалтад дээгүүр байрт жагсдаг, хамт олондоо нэр хүндтэй, үнэнч шударга, хөдөлмөрч, чадварлаг шилдэг ажилтан байлаа.

Ээж минь 1996 онд гэр бүлтэй болж, 1997, 2003, 2009, 2019, 2021 онуудад нэг хүү, дөрвөн охины ээж болсон ба гурван зээ хүүгийн эмээ, өнөр өтгөн гэр бүлийн өгөөмөр буянтан байлаа. Ээж минь та өөрийн зовлонг бусдад нялзаалгүй, бусдын төлөө амьдрахын учрыг ойлгуулж, олонтой явахын, зөв шударга амьдрахын толь байжээ. Та алдар гавьяаг биш хөдөлмөрийг илүүд үздэг байсныг бид сайн мэднэ. Ээж минь та эгнэшгүй хөдөлмөрч, нэн ачлалт, хосгүй буянтан байлаа.

Та хатууг сөрж амьдарсан.

Та минь аюулт өвчний өмнө аргагүй бөхийлөө. Хайрт ээж минь та орчлонд хувь хүн болж төрсөн ч олон үр, олон амь, олон айл өрх ТАНААС эх авлаа.

Энэрэлт ээж минь таныхаа ард бид хүүхдээрээ, олуулаа үлдлээ ч танаараа Л ДУТАЖ амьдрах нь ээ. Та минь дэндүү залуугаараа биднийгээ орхин одлоо. Ээж минь та гайхалтай ажилсаг, цаг наргүй хөдөлмөрдөг нэгэн байсан. Та минь олон найз нөхөдтэй, олон түмнээрээ хүрээлүүлсэн хүнлэг нэгэн байсан. Ээж минь олон хүүхэд төрүүлж, өсгөн төрийн эрхэм хүндэт "Алдарт эх II" одон хүртэж байлаа. Таны минь авьяас билэг, хүч хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын Худалдааны салбарын 100 жилийн ойн медаль, Монгол Улсын Худалдааны тэргүүний ажилтан цол тэмдэг, УИД-ийн 100 жилийн ойн медаль, Номин холдинг ХХК-ийн 30 жилийн ойн медалиар шагнаж байв.

Үр хүүхдүүд бид чинь сайхан ээж танаараа бахархаж байна. Та минь хүний журам, түмний ёсыг дээдлэн амьдрахыг хичээж, үр хойч бидэндээ үлгэр дуурайл болон амьдарсан. Та минь олон хүүхэдтэй айлын нэгэн мөчир байсан. Хорвоогийн жам хатууг бид харж байна. Энэхүү үнэнтэй эвлэрч, таныгаа бурхан болохыг үзэх зүйрлэшгүй хэцүү байна.

Та минь хөх тэнгэртээ заларч, эгнэшгүй ачит Дарь Эх болон мөнхрөөрэй. Үр хойч бидэндээ эргэн төрөөрэй. Таны эргэн төрөх зам мөр элдэв саадгүй дардан байх болтугай. Буянтай сайхан, ачлалт хөөрхөн ээж минь ТА АМГАЛАН НОЙРС ДОО.... Таныгаа үүрд дурсан, шүтэж явах болно.

ХАЙРТ ЭЭЖ, ГЭР БҮЛИЙНХЭН, АНД НӨХӨД, ХАМААТАН, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨӨС НЬ

- * -

 

АНГИЙН АНД ЧАМДАА...

Хоёр салаа гэзгэн дээр,
Хосгүй цэцэг ургуулсан
Хонгорхон алаг нүдэн ...
Холбооны охин чи минь
Хонхорын 10 жилийн 10А ангийн сурагч билээ...

Холбоо үг хоршуулан,
Хоёр мөртийг энүүхэнд зохиочихно
Хэн нэгнийг ёжтой нь аргагүй үгээр
Хааяа нэг шоглон инээх
Хэдийд ч бэлэн сэцэн үгтэй
Сахилагагүй юм шиг мөртлөө
САЛААНЫ ДАРГА байсан Хэрлээ охин минь...

Хүүрнэн урсах үгсээр
Хүрэн бор дэвтэрийг дүүртэл
Хөх бэхийг дуустал
Хосгүй уянгалах шүлгийг бичсэн
Хүрэл Тулга шүлгийн уралдааны ЭЗЭН охин минь...

Томоо гитарын араас
Тогдгор жаахан гараар
Төвөггүй тоглож байхад
Урлагийн тэнгэр чамд дурласан байх гэлтэй
Сурлага сайтай, урлагт авьяастай Сургуулийн анд минь...

Гитар тоглож дуу аялан
Гудамжны найзуудаа хөгжөөнө
Гурван чавхдасыг хөглөн тоглож
Гуч хүрсэн андуудаа баясгана.

Гутрана гэдгийг Мэдэхгүй,
Гундана гэдгийг Мэдрэхгүй
Хаана ч явсан Зоригтой,
Хэзээ ч эмээж Шантардаггүй
Энгийн атлаа ГҮНДҮҮГҮЙ
Тайван мөртлөө АУГАА
Дөлгөөнхөн мөртлөө ХҮЧТЭЙ
Даруухан атлаа ЗОРИГТОЙ байх чи минь....
 
Нарт хорвоо чамайг минь
Нар буцахаас өмнө аваад явчихлаа
Нас залуухан, цус шингэнд дурлаа юм болов уу

Алаг хорвоо чамд минь
Амьдралын бурмыг амсуулж амжилгүй аваад явчихлаа
Ааш сайханд нь дурлаа юм болов уу

Хонгорхон найз минь чи
Аз жаргалын ДИВААЖИН гэх оронд
Амар тайван нойрс доо.

ХАЙРТАЙ ШҮҮ.
Ангийн андуудаас....................

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Цэвэр агаарт дугуй унавал уушги "баярладаг"

Огноо:

,

Унадаг дугуй нь анх дундад зуунд хоёр өнхөрдөг модон дугуйг холбосноор эхэлсэн. Анхны гинжит дугуйг 1885 онд бүтээсэн түүхтэй. Унадаг дугуй дэлхий дээрх хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл болох автомашины дараа хоёрдугаарт ордог. Дугуй нь агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгах байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, авсаархан хаана ч явах боломжтой маш олон зүйлээр автомашинаас давуу юм. 

Унадаг дугуйг зориулалтаар нь уулын, спортын, жуулчны гэх мэтээр олон янзаар ангилдаг. Бид дугуй унаснаар эрүүл мэнд, амьдралдаа эерэг нөлөө үзүүлж, асар их хэмжээний ашиг тусыгөөртөө болон хүрээлэн буй орчноосоо мэдрэх болно. Бүх насныхан дугуй  унах тохиромжтой  бөгөөд  эрүүл мэндэд ач тустай. 

Унадаг дугуй  унах нь эрүүл мэндэд дараах ач тустай.

1.  Дугуй унах нь зүрх судас, амьсгалын замын тогтолцоонд сайнаар нөлөөлдөг. Цэвэр агаарт дугуй унаснаар уушиг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэдэг.

2.  Биеийн доод хэсгийн булчин болох гуя, шилбэ, нурууны булчинг чангалж өгдөг. Суудлын өвчтэй болон ташаа, өвдөг, үе хэсгээр гэмтэлтэй бол дугуй унах нь хөнгөн маягийн эмчилгээ болдгоороо давуу талтай.

3.  Дугуй нь унах нь гүйхээс дутуугүй калори шатаадаг ба хэрэв суудал дээрээ биеэ цэх, гэдгэр байлгаж, зөв хийвэл хэвлийн булчинг ч чангалж өгдөг. Жин хасах зорилгоор дугуй унах гэж байгаа бол жирийн үеийнхээс хурдасгаж, дөчин таван минутаас илүү унаж байх ёстой .

4. Бодисын солилцоо сайжирснаар ходоод эрүүл байж, тэр хэсгийн өөхлөлт багасгаж, урт наслахад тань туслана. 

5. Дугуй унах нь сэтгэл санаа тайвшруулж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.

6. Дугуй унах нь дархлааг дэмжиж хорт хавдраар өвдөх магадлал эрсдэлийг бууруулна. Амралт бас бяцхан аялал болж өгнө. Эрч хүч нэмэгдэнэ. 

Анхаарах зүйлс:

  • Өөрт тохирсон дугуйг сонго
  • Хэрвээ та дугуй унах гэж байгаа бол эхлээд зайлшгүй бүрэн бүтэн байдлыг шалга.
  • Хамгаалалтын малгай өмсөж хэвших ингэснээр тархины гэмтлээс өөрийгөө та бүрэн хамгаална.
  • Хэрвээ та дугуй унаж сурах гэж байгаа бол аль эсвэл удаан хугацаагаар унаагүй удсан тохиолдолд засмал шулуун замд булчингаа дасгаж, аажимаар унаж эхлээрэй.
  • Хөдөлгөөнд саад учруулахгүй биед эвтэйхэн хувцас сонгох.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хачигт халдварын идэвхжлийн үед анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна

Огноо:

,

Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Иргэд хачгийн идэвхжлийн үед буюу 4-10 дугаар сард биедээ, ялангуяа толгойн үстэй хэсэгт хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгаж байх хэрэгтэй. 

Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсөж явах, хачиг илэрсэн тохиолдолд яаралтай авч хаяарай. 

Хөдөө болон ойд явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсөж, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрийний дотуур хийх, боломжтой бол хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд рүү цацаж хэрэглэхийг зөвлөе. 

Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиг дээр эмнэлгийн цэнхэр спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар 45 градусын налуу өнцгөөр зөөлөн татаж авна.

Хачиг хазсан хэсэгт 1 хувийн повидон иодын уусмал (Тамедины уусмал)-ыг хөвөнд шингээж, цэвэр боолт хийнэ.

Хачигт хазуулсан тохиолдолд сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай тул яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй.

Хачигт хазуулснаас хойш 3-14 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газарт цагариг хэлбэрийн улайлт үүсэх, үрэвсэж шархлах, арьсан дээр гүвдрүүт тууралт гарах, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, ирвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.

Хачигт халдварын байгалийн голомтот ойн бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулаарай. 

Ямаа, үхрийн түүхий сүү, цус зэргийг уухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх нь халдвараас сэргийлнэ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа

Огноо:

,

Нийслэлийн авто зам өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж байгаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 25-р хороо Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 9-ний 06:00 цаг хүртэл хаана.
 
Тухайн замаар зорчдог нийтийн тээврийн үйлчилгээний
 
М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”
 
Ч:17А “Баруун 4 зам-/Их тойрог/”
 
Ч:17Б “Баруун 4 зам-нарны зам-Зүүн 4 зам-их тойруу /Их тойрог/” чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулан Нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Их Монгол гудамж, Ллимпын гүүрээр Нарны зам руу тойрч явах зохицуулалт хийсэн тул иргэд зорчигчид та бүхэн дараах маршрутын дагуу нийтийн тээврээр үйлчлүүлээрэй гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох