Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Хүн ам, орон сууны 2025 оны завсрын тооллогыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна

Огноо:

,

Үндэсний Статистикийн Хороо нь Хүн ам, орон сууны 2025 оны завсрын тооллогыг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд Үндэсний Статистикийн Хороо болон Дэлхийн банкны төлөөлөл БНСУ-ын Тэжон хотод дөрөвдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Бүртгэлд суурилсан Хүн ам, орон сууцны тооллого” сэдэвт сургалт, уулзалтад оролцож байна.

Энэ үеэр БНСУ-ын Статистикийн газраас Бүртгэлд суурилсан тооллогын удирдлага, зохион байгуулалт, арга зүй, мэдээллийн чанар, тэр дундаа Захиргааны мэдээллийн сангийн үйл ажиллагаа, статистикт ашиглаж буй бодит жишээ, сорилт боломжийн талаар туршлагаасаа хуваалцаж мэдээлэл өглөө.

БНСУ-ын Статистикийн газрын Хүн ам, тооллогын хэлтсийн дарга Ким Со Ёнг “Манай улс 1925 оноос хүн амынхаа тоог албан ёсоор бүртгэлжүүлж эхэлсэн. 2022 оны тооллогын дүнгээр нийт хүн амын тоо 52 сая, өрхийн тоо 22 саяд хүрээд байна. БНСУ-д 2022 оны байдлаар 1.7 сая гадаадын иргэн оршин сууж байгаагаас Монголын 35 мянган иргэн бий. Манай улс Бүртгэлд суурилсан тооллогод 2015 оноос шилжиж эхэлсэн. Одоогоор энэхүү мэдээллийн системд Захиргааны нийт 25 төрлийн багц мэдээлэл ашиглаж байна” хэмээн онцолсон.
Уулзалтын үеэр оролцогчид Бүртгэлд суурилсан тооллого зохион байгуулснаар мэдээллийн давхардал арилж, мэдээлэл орхигдох эрсдэлээс сэргийлэхээс гадна тооллогын түүврийн хүрээг жил бүр шинэчлэх боломж бүрдэж, үйл ажиллагааны зардал буурах зэрэг олон давуу тал бий болж байгаа талаар дурдсан юм. Гэхдээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахад маш сайн анхаарах шаардлагатай гэдгийг тодотгож байлаа.

Түүнчлэн ҮСХ-ны Дэд дарга Д.Лхамсүрэн БНСУ, Монгол Улсын Статистикийн байгууллагын хамтын ажиллагаа 2001 оноос эхэлсэн. Хоёр талт уулзалтыг жил бүр тогтмол зохион байгуулж, үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо. Мөн Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг зохион байгуулах, мэдээллийн чанарыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах хүрээнд БНСУ-ын Статистикийн газар болон Дэлхийн банк дэмжлэг үзүүлж буйд онцгойлон талархал илэрхийлсэн юм гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Баянхошуунд 260 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байна

Огноо:

,

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд найман блок нийт 260 айлын ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй.

Тус төсөл нь Баянхошуу дэд төвийн төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа бөгөөд эхний ээлжийн барилгуудын каркас цутгалтын ажлыг хийж, барилгын суурийг хөөмөл шилэн дулаалгаар дулаалсан бөгөөд барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Түүнчлэн дараагийн ээлжийн дөрвөн блок 150 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил эхлээд байна.

Ташрамд дурдахад тус төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Хаппи бьюлдинг”, “Сити ландмарк “, “Содон номин констракшн”  болон “Цамхаг Констракшн” ХХК шалгарсан бол гадна инженерийн сүлжээний ажлын гүйцэтгэгчээр “Сан” ХХК шалгарч төслийн ажил үргэлжилж байна. “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх Захирал М.Говьсайхан гүйцэтгэгч компаниудад төслийг төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ЕБС-иудын хичээлийн жил 3 улиралтай болно

Огноо:

,

Боловсролын сайдын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/01 тоот тушаалаар өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг батлав. Үүнийг сургуулиудад даруй хүргүүлэх аж. Хичээлийн шинэ жилийн бүтцийг эрт өгснөөр сургуулиуд бүтэн жилийнхээ тогтмол ажлын төлөвлөгөөг (ТАТ) боловсруулан, эцэг эх, сурагчдад эртхэн мэдээлэх боломжтой болно.

Үүний үр дүнд гэр бүлийн амралт, аялал, эцэг эхийн ажлын төлөвлөлтийг эртхэн хийх боломжтой болох юм. Бид хугацаа тулгасан, гэнэтийн цочроосон шийдвэр гаргахгүй байхыг анхаарч ажиллана.

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтийн нэг онцлог нь бие даалтыг оруулж ирсэн явдал болно. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах болно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

30 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинэ сургууль барина

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн ЕБ-ын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр сургуулийн барилга барихаар болсон. Тиймээс тус сургуульд бүртгэлтэй барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг танилцууллаа.

Энэхүү барилга нь 1996 онд ашиглалтад орсон, гурван давхар, 3693 м/кв талбайтай юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр барилга нуралтад орж, даацын хийц эвдрэл гарч эхэлсэн, дулаан алдагдал ихтэй, шугам сүлжээнд тогтмол засвар үйлчилгээ хийж байгаагүйгээс мөн эвдэрсэн байна. Хуучин барилгыг нурааж, 11665 м/кв талбайтай шинэ сургуулийн барилга барих юм.  

Зөвлөлийн хуралдаанаас Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 22 дугаар хуралдааныг 2024 оны долоодугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар товлов. Хуралдаанаар дээрх болон бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох