Улстөр нийгэм
Монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчих чиглэлд онцгой анхаарч хамтарсан Ажлын хэсэг байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин тэргүүтэй төлөөлөгчдийг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Пак Жин сайдын айлчлал Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ хуудас нээхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ.

Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр, логистик, эрчим хүч, байгаль орчин, дэд бүтцийн чиглэлээр Солонгосын хөрөнгө оруулалтыг татах, ноу-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, хоёр улсын хооронд нислэг үйлдэх агаарын тээврийн үйл ажиллагааг дэмжих, карго тээврийг эрчимжүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсад аялал жуулчлалаар зорчих БНСУ-ын иргэдийг визийн нөхцөлөөс чөлөөлөх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж, Солонгосын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдэд мөн визийн хөнгөлөлт үзүүлэх, БНСУ-ын цахим виз олгох жагсаалтад Монгол Улсыг хамруулах, хэтдээ хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх талаар нааштай судалж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа Ерөнхий сайд онцолж хэллээ. Уулзалтын үеэр монгол иргэдийг БНСУ-д визгүй зорчуулах асуудлаар хоёр тал хамтран судалж, визний нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд онцгойлон анхаарч, хамтран судалж Ажлын хэсэг гаргахаар тохиролцов.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, Монгол Улсын Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (AПЕК)-д элсэх, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцогч улс болох саналыг дэмжихээ илэрхийллээ. Мөн газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Газрын ховор элементийн хамтарсан судалгааны төв байгуулахад БНСУ-аас буцалтгүй тусламж олгохоо илэрхийллээ. Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бий болгох Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд “Шинэ зуун мод" хотын хөгжүүлэлт төслийг хэрэгжүүлэх болсныг БНСУ-ын Гадаад хэргийн сайд тэмдэглэн хэллээ.
Улстөр нийгэм
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын нэг гол зорилго нь Монголын иргэдийн Европын Холбооны улсуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг урагшлуулах байсныг онцолжээ.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилсан бөгөөд Люксембург, Бельгийн парламентын тэргүүнүүд уг асуудлыг Европын Холбооны түвшинд шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
С.Бямбацогт Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж байгааг дурдаад, Бенилюксийн орнуудтай парламентын түвшний харилцааг идэвхжүүлэх нь энэ удаагийн айлчлалын зорилтын нэг байсныг тэмдэглэв. УИХ-ын даргын түвшний өмнөх айлчлал тус бүс нутагт 2002 онд болж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, эх хэл, соёлоо өвлүүлэхэд чиглэсэн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан соёл, урлаг, спортын 300 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Уулзалтад оролцсон иргэд гадаадад амьдрахад тулгардаг хүндрэл, төрөөс шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлж, УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч орны хувиар оролцохоор Бишкек хотноо очоод байна.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Сайд нарын Танхимын орлогч дарга У.Э.Маматканов, Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны хүмүүс угтан авчээ.
У.Хүрэлсүх ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтуудаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс байгуулсан бөгөөд өдгөө Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гэсэн 10 гишүүнтэй.
Монгол Улс ШХАБ-д ажиглагч орны статустай оролцдог. Тус байгууллагыг гишүүн орнууд ээлжлэн даргалдаг бөгөөд 2026 онд Киргиз Улс даргалж байна.
ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хэт туйлшрал, хууль бус зэвсэг, хар тамхины эргэлттэй тэмцэхээс гадна худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Улстөр нийгэм
С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг хүсэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд наймдугаар сарын 28-нд тус улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын парламентын харилцааг өргөжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон Европын Холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. УИХ-ын даргын түвшинд Монгол Улсаас Бельгид 24 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буйг С.Бямбацогт онцолжээ.
Тэрбээр Европын Холбооны орнуудад 70 мянга гаруй монгол иргэн амьдарч, тэдний 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар дурдаад, Монголын иргэдийн Европын Холбоонд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Европын Парламент Монгол Улстай иргэдийн зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд Монголын тал талархал илэрхийлжээ.
Бельгийн Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.
С.Бямбацогт мөн Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээнд хамааралтай, экспортын 70–80 хувь нь БНХАУ-д чиглэдэг ч гуравдагч хөршүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг чухалчилдгийг онцолжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт Питер Дэ Руверыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
-
Цаг үе2019/07/30
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Шударга мэдээ2024/08/01
“Шинэ Хархорум” хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний сонгон шалгаруу...
-
Урлаг спорт2019/07/29
Монгол адууны өв соёлыг сурталчлав
-
Улстөр нийгэм2022/08/10
Алтанбулаг логистикийн төв байгуулах ТЭЗҮ боловсруулах төслийн тайлангийн хурал ...
