Шударга мэдээ
Төв аймгийн Зуунмод хотод баригдах дулааны станцын шав тавих ёслол боллоо

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод баригдах дулааны станцын шав тавих нээлтийн ажиллагаа 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Батжаргал, эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Дэд сайд М.Баярмагнай ёслолын арга хэмжээг нээж “Шинэ дулааны станц ашиглалтад орсноор Төв аймгийн Зуунмод хотын 118 аж ахуйн нэгж, 70 төсөвт байгууллага, 421 нийтийн болон амины орон сууц дулааны эрчим хүч болон хэрэгцээний халуун усаар хангагдана. Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэффициент 85-90 хувийн өндөртэй тул нүүрсний хэрэглээг 40 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувь хүртэл бууруулах юм. Энэхүү станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал, одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцорыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна” гэлээ.
Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулсан зээлийн гэрээний хэрэгжилтийн хүрээнд төслийн зөвлөхөөр БНСУ-ын ”KDHEC-KDHC-GEI”, Хэнтий, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Төв, Дундговь аймгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани шалгаран ажиллаж байгаа бөгөөд төслийн барилга угсралтын ажил 26 сар үргэлжилж, төслийг 2024 оны халаалтын улиралд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.
Төслийн хүрээнд Төв аймгийн төвд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 30 Гкал/цаг хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц, 8,6 км урт дулаан дамжуулах шугам сүлжээ, 9 дулаан дамжуулах төв бүхий төвлөрсөн дулаан хангамжийн систем бий болох юм.
Аймгийн төв иж бүрэн төвлөрсөн дулаан хангамжийн системтэй болсноор иргэдийн амьдрал, нийгэм эдийн засагт дараах эерэг нөлөөг үзүүлнэ.
Үүнд:
- Хэрэглэгчид жилийн турш найдвартай халаалт, хэрэгцээний халуун усаар хангагдана.
- Аймгийн төвийн агаарын чанар сайжирч, амьсгалын замын өвчлөл буурна.
- Ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан 100 гаруй ажлын байр шинээр бий болно.
- Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэж, бүс нутгийн хөгжилд эергээр нөлөөлөх зэрэг ач холбогдолтой юм гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ
Шударга мэдээ
Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 13-нд болж, Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод дэмжсэн тохиолдолд уг Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарна.
Зүрх судасны шалтгаант нас баралт сүүлийн 20 жилд Монгол Улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх (2024 онд 5789 нас баралт) шалтгаан болж байна. Тус шалтгаант нас баралтын 35 хувь нь 45-65 насны иргэд байна. Иргэдийн дунд зүрх судасны өвчлөлийн эрсдэл, хүчин зүйлийн тархалт өндөр, 75 хувь нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлтэй байна.
Монгол Улсын хэмжээнд зүрхний мэс заслын 95, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний 67, хэм алдагдлын эмчилгээний 93 хувийг Улсын гуравдугаар төв эмнэлэг үзүүлж байна. Тус эмнэлэгт 2024 онд зүрхний нээлттэй мэс засалд 425 хүн орсны 120 нь хүүхэд байжээ. Тандан судалгаагаар 2030 он гэхэд манай улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний шаардлага 2.6 дахин нэмэгдэхээр тооцоолжээ.
“Зүрх судасны үндэсний төв” төслийн хүрээнд нийт 119 ортой эмнэлэг барихаар төлөвлөж байна. Тус төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээлийн хөрөнгө болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /25.13 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ.
Шударга мэдээ
Гурвалжингийн гүүрийн авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна
Улаанбаатар хотын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Биг худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл /Гурвалжингийн гүүр/ авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна.Тус авто замд 2010 оноос хойш засвар, шинэчлэлт хийгдээгүй юм.Авто замын зүүн эгнээг наймдугаар сарын 11-ний 23:00 цагт хаасан.
Тус засвар, шинэчлэлтийн ажлыг хугацаанаас нь өмнө дуусгаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.
Мөн үргэлжлүүлэн наймдугаар сарын 12-ны өдрийн 23:00 цагт баруун эгнээг хэсэгчилж хааж засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд авто замын засвар, шинэчлэлтийн ажлаас шалтгаалан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.