Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар сарын 26-нд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажилласан. Энэ үеэр ойн сан бүхий, ногоон бүсэд иргэдийн чөлөөтэй зорчих, амарч зугаалах орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцалж, зөрчлийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

СХД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу ойн сан бүхий газарт иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, мод сүйтгэн газар ашигласан зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцлах, газрын зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 83 нэгж талбарт зөрчил арилгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох юм. Өнөөдрийн байдлаар 37 нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 46 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа үргэлжилж байна. Мөн 10 байршилд орц, гарцыг чөлөөлөөд байна. Тухайлбал, 21 дүгээр хороо, Жаргалантын аманд нэг байршлын 400 метр, Ар гүнтэд хоёр байршлын 14 метр, 34 дүгээр хорооны Баянголын аманд нэг байршлын 1,996 метр, 42 дугаар хорооны Зүүн салааны зуслангийн бүсэд нэг байршлын 268 метр урттай зөвшөөрөлгүй төмөр хашааг албадан буулгаж, орц, гарцыг чөлөөлсөн” гэв.

ЧД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Оргил “Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 67 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Түүнчлэн дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, иргэдийн ногоон бүсэд чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан нийт 70 нэгж талбарт илэрсэн зөрчлийг үе шаттайгаар арилгаж байна” гэлээ.

СБД-ийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Чинсанаа “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ногоон бүсээ хамгаалъя” аяны хүрээнд кадастрын зурагт тусгасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчилтэй есөн нэгж талбарын байршлыг өөрчилж, иргэдийн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн орц, гарцыг чөлөөлөөд байна. Эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ бодит ашиглалт хийгээгүй 178 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын зөрчил арилгасан байршлуудад дахин хашаа барих, зөрчил давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн хороог хариуцсан болон газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд долоо хоног бүр хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм.

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантогтох “Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 10 байршлын 112 га талбайд дрон нисгэж, боловсруулалт хийж, судалгааг нэгтгэсэн. Энэ хүрээнд ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 68 нэгж талбарт холбогдох сонсох ажиллагааг зохион байгуулж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Харин зургаан нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал дүүргийн Засаг даргын захирамжийн төслийн шатанд хянагдаж байна. Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан, ойн сан бүхий газарт нэвтрэх орц, гарцыг хаасан зөрчилтэй нэгж талбаруудыг чөлөөлж, иргэдийн зорчих эрхийг хангах ажил үргэлжилж байна.  Газар албадан чөлөөлөхөөс өмнө хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, иргэдэд 14 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх, эзэнгүй хашаанд мэдэгдэх хуудас байрлуулах зэрэг арга хэмжээ авдаг. Ийнхүү газар чөлөөлөх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлдэг” гэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Огноо:

,

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.  

Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.

Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ. 

Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Огноо:

,

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авахаар шийдвэрлэсэн.  Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн, энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэн та И-Монголиа, и-засаг цахим системээр саналаа өгөөрэй.

Нээлттэй санал асуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал ард иргэддээ хандаж, хэлсэн үгтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй төслийн явц 60 хувьд хүрчээ.

Түүхий тос дамжуулах 527 км хоолойн ажил 90 орчим хувьтай, үйлдвэрийн технологийн байгууламжуудын барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт ид өрнөж байгаа тухай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулав.

Тухайлбал, үйлдвэрийн хамгийн чухалд тооцогдох эх байгууламжууд болох “Атмосферийн нэрлэгийн цамхаг”-ийг өнгөрсөн тавдугаар сард, “Вакуум нэрлэгийн цамхаг”-уудыг долоодугаар сард тээвэрлэн авчирч, угсарч эхэлжээ.

Түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах 276,430 метр.куб багтаамжтай агуулах сав барьж, 263 км ил, 26 км далд шугам хоолойг гагнаж суурилуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гарган, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн.

Газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ ханган, улмаар экспортлогч орон болох нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтой салшгүй холбоотойг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож байгаа хоёр орны бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийлэв.

Стратегийн чухал ач холбогдолтой энэ үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө төр, засаг бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ “Ерөнхий сайд Нарендра Моди, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын манлайлал дор хэрэгжиж байгаа төслийн явц 60 хувьд хүрсэнд сэтгэл хангалуун байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж, бензин, шатахууны хэрэгцээг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх чухал ач холбогдолтой. Миний хувьд төслийн явцтай газар дээр нь байнга ирж танилцдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч ирсэн нь төслийн бүтээн байгуулалт улам эрчимжихэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Газрын тос боловсруулах үйлдвэр бол дэлхийн нефть-химийн аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгчдийн патенттай, орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий үйлдвэр юм.

Боловсруулах үйлдвэрээс гадна дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах олон зуун км шугам, дэд станц, агуулах сав резервуарын парк, тээвэр логистикийн дэд бүтэц, ус дамжуулах хоолой, ачих буулгах эстакад зэрэг байгууламжаас бүрдсэн хүнд аж үйлдвэрийн цогцолбор гэж болно.

Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар 4,500 инженер, техникийн ажилтан гурван ээлжээр, 24 цаг тасралтгүй ажиллаж байна.

Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, улсын газрын тосны хэрэгцээний 55 хувийг хангана. Үүнээс гадна 824 мян.тн дизель, 396 мян.тн АИ95 бензин, 80 мян.тн онгоцны түлш, 17 мян.тн зуухны түлш, 27 мян.тн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэх юм.

Үйлдвэр ашиглалтад орсноор 850-900 ажлын байр шинээр бий болно.


 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Цаг үе2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Цаг үе2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Цаг үе22 цаг 1 минут

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Шударга мэдээ22 цаг 7 минут

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Улстөр нийгэм22 цаг 13 минут

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Улстөр нийгэм22 цаг 17 минут

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Цаг үе22 цаг 20 минут

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Цаг үе22 цаг 30 минут

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Цаг үе22 цаг 35 минут

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-...

Санал болгох